УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийгдлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал "Олон улсын хөл хориот цар тахлын үед дайчлагдан ажиллаж байгаа хүмүүст цалинг нь гурав дахин нэмэгдүүлэн олгох хуультай. УИХ төсвийн гүйцэтгэлд хяналт тавихаас гадна хууль хэрэгжүүлээгүй ЗГ-т хариуцлага тооцох ёстой" гэдгийг санууллаа.
Тэрээр цааш нь хэлэхдээ: "УОК-оос хөл хорио тогтоох талаар гаргасан олон шийдвэр, арга хэмжээ бий. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 330 сум, 21 аймгийн төрийн алба хаагчид хөл хорионы үеийн захиргааны арга хэмжээнд дайчлагдан ажиллаад, томилолтынхоо мөнгийг одоо хүртэл авч чадаагүй. Зарим сумдын Засаг дарга нар өрөнд орчихсон, баахан төрийн алба хаагчид авлагатай юм шиг үлдчихсэн.
Иймэрхүү байдал бүтэн хоёр жил үргэлжилсний эцэст өнөөдөр байдал хүндэрсэн үед нөгөө алба хаагчид маань ажиллах чадваргүй болчихсон байна. УОК гаргасан шийдвэрийнхээ дагуу бусад төсөв мөнгө, санхүүгийн асуудлаа тооцдог юм уу, үгүй юм уу? Аймаг, сумдын Онцгой комиссууд баахан хандив авдаг, тэр хандивынх нь зарцуулалтыг хянадаг юм уу, хэнд тайлагнадаг юм бэ" гэдгийг асуулаа.