Сүүлийн хоёр сар шахам иргэдийг бухимдуулж, эдийн засгийг боомилж байгаа урд хил дээрх ачааны уртаас урт бөөгнөрөл ердөө л хэдхэн авлигачийн хийсэн “Ариутгах хаалга”-наас үүссэн гэдэг ичмээр үнэнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Замын-Үүдэд ажилласан ганц хоногт монголчууд мэдсэн. Хоёр ч парламентад гишүүнээр сууж, хоёр ч Засгийн газрын Хэрэг эрхлэхийн дарга, тэргүүнээр ажиллаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл халаглан дуу алдсан “Ариутгах хаалга” хэмээгчийг очиж үзээгүй хэнбугай ч олон нийтийн сүлжээгээр харсан байх.
“Тунгалаг Тамир”-ын итгэлт баяны хэлдгээр ичмээр дамшиг гэхэд ч гоёдохоор тэр хаалга үнэндээ энэ олон өрх гэрийг эдийн засгийн хямралд түлхсэн нэг буруутан гэхээр үнэхээр гутармаар. Олон нийтийн сүлжээгээр нөгөө муу хаалганы зургийг тавьж байгаад энэ хоёр хоногт чамгүй чангаар хараан хашгиралдаж байх нь ч харагдлаа.
Харин хаалганы ард хэргийн эзэд нь халхавчлагдан үлдэх гээд байна. Яг үнэндээ тэр хаалгыг биш, хаалгыг бариулсан эрх мэдэлтнүүдийг буруутган хашгирах хэрэгтэй юм. Тэр хаалгаар бараа таваарыг нэвтрүүлдэг, шалгадаг, хянадаг, тоолдог, ариутгадаг тэр албан тушаалтнуудыг, тэднийг томилдог дарга нарыг буруутгах хэрэгтэй юм.
Тийм хаалга барьчихаад түүгээрээ ариутгаад импорт, экспортын урсгалыг тасралтгүй явуулж байгаа гэдэг тайлан тавьдаг тэр албан тушаалтнуудыг, агентлагын дарга нарыг буруутгах хэрэгтэй байгаа юм. “Ийм юм байхаар аргагүй ш дээ” гэж Ерөнхий сайдыг уулга алдахад хүргэсэн тэр хаалгыг хаанах барьсан бэ гэсэн түүний асуултад албаны хүмүүс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг хэлж байна лээ. Энэ үгийг хэлэх мөчид Ерөнхий сайдтай яг зэрэгцээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга зогсож байсан бөгөөд нэг их санаа зовсон, ичиж улайсан лав харагдаагүй. Харин ч “Нэг мөр өвлийнхөөр хийчихгүй яасан юм бэ” гээд өөрсдийнхөө хийсэн “Ариутгах хаалга”-ндаа ханамжтай байрын төрх үзүүлээд зогсож байсан.
Ер нь Ерөнхий сайдын урд хилийн хамгийн том боомтод ажилласан нэг хоног Замын-Үүд, Ганшуунсухайтад тусдаа бие даасан эдийн засаг үүсч, авлигын асар том сүлжээ цэцэглэсэн гэдгийг дахин нэг сануулж, олны анхааралд аваачлаа.
Авилга нэхэж, ачааны ханшийг тэнгэрт тултал хөөрөгддөг хилийн боомтууд дээрх гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийнхэнд Монголын төр төмөр нүүрээ харуулах цаг аль хэдийнэ болсон. Гэвч Замын-Үүдийн замбарааг алдуулсан албатууддаа Ерөнхий сайд 30 хоногийн хугацаа өгч байна лээ. Уг нь одоогийн Ерөнхий сайд бол Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээрээ хамгийн хүчтэй Ерөнхий сайд. Нам доторхи аль нэг фракцын тавиулууддаа найр тавин хугацаа өгөөд сууж байх бус, харин хариуцлага тооцоод явуулдаг байх хэрэгтэй. Замын-Үүдийн хаалга “нээгдэх”-ийн тулд зарим дарга нар огцрох ёстой. Эхнийх нь энэ хаалгыг бариулсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга байх нь зүйд нийцэх болно.
С.Сүлд
Сэтгэгдэл (18)