БАРИМТ 1
УИХ-аас 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг 27 жилийн хугацаанд зохицуулж байгаа бөгөөд уг хуульд нэг удаа өөрчлөлт оруулсан байна.
БАРИМТ 2
Уг хууль нь өнөөгийн нийслэл хотын эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлагыг хангахгүй байгаа тул Монгол Улсын нийслэлийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа онцлог нэгж болох Улаанбаатар хотод үйлчлэх нийт 150 гаруй хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан, нийслэл хотын онцлог, цаашдын хөгжпийн загвар, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, төрийн бусад байгууллагатай харилцах зэрэг асуудлаар бусад орны жишгийг судалж, нэвтрүүлэх талаар олон судалгаа, зөвлөмж гаргасан байна.
БАРИМТ 3
Энэ бүхэн нь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах гол үндэслэл болсон аж.
БАРИМТ 4
Хуулийн төслийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд 15 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
БАРИМТ 5
Төсөлд иргэн, хуулийн этгээдийн саналыг авахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудсанд байршуулж, олон нийтээр хэлэлцүүлж, холбогдох саналыг тусгажээ.
БАРИМТ 6
Хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 16 хууль, Улсын Их Хурлын 1 тогтоолд өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.
БАРИМТ 7
Хуулийн төсөл нь нийт 7 бүлэг, 51 зүйлтэй.
БАРИМТ 8
Хуулийн төслийн зорилт нь нийслэл Улаанбаатар хотын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, үйл ажиллагааны зарчим, удирдлагын эрх хэмжээ, нийслэл хотын удирдлагаас төрийн дээд, төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон бусад этгээдтэй харилцах эрх зүйн үндсийг тодорхойлоход чиглэжээ.
БАРИМТ 9
Улаанбаатар хотыг нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүрөг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгож хөгжүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгоход уг хуулийн төслийн үзэл баримтлал чиглэсэн байна.
БАРИМТ 10
Төсөлд нийслэл нь эдэлбэр газартай, эдэлбэр газар нь бүсчлэл, дүрэмтэй байхаар тусгажээ.
БАРИМТ 11
Харин бүсчлэл, дүрмийг Засгийн газраас тогтоосон шалгуур үзүүлэлтийг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлах, нийслэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болохын хувьд Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд заасан чиг үүргээс гадна нийслэл хотын хувьд хэрэгжүүлэх тусгай болон хотын аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх бусад чиг үүргийг төсөлд тодорхойлсон байна.
БАРИМТ 12
Мөн нийслэл хот өөрийн дүрэмтэй байх бөгөөд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, автозогсоол, автозамын арчлалт хамгаалалт, шашин, соёлын үйл ажиллагаа, аялал жуулчлалын байгууллага, зочид буудлын үйл ажилагааны бүртгэл, зэрэглэл тогтоох, мал, тэжээвэр амьтны зохицуулалт, такси, хүргэлтийн үйлчилгээ, нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны ашиглалт зэргийг тусгасан уг дүрмийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар зохицуулжээ.
БАРИМТ 13
Нийслэл хот нь “эдийн засаг, нийгмийн цогцолбор”-ын хувьд тусгай болон хотын аж ахуйн асуудлаарх бусад чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит боломжийг бүрдүүлэх зохицуулалтуудыг төсөлд тусгажээ.
БАРИМТ 14
Мөн нийслэлд хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх үүднээс нийслэл дэх хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна.
БАРИМТ 15
Нийслэл хот албан татвартай байх, хотын албан татварыг хуулиар тогтоох бөгөөд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Улсын Их Хурлаас баталсан татварын хууль тогтоомжоор эрх олгож, тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоохоор зохицуулсан байна.
БАРИМТ 16
Нийслэл хотын дагуул хот болон эдийн засгийн тусгай бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгажээ.
БАРИМТ 17
Нийслэл хотын дагуул хот нь эдэлбэр газартай байж, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, газар зүйн байрлал болон нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар байхаар тодорхойлжээ.
БАРИМТ 18
Дагуул хотыг байгуулах, түүний чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтын талаар нарийвчлан тусгажээ. Дагуул хотыг засаг захиргааны бусад нэгжийн нутаг дэвсгэрт дамнан байгуулж болох бөгөөд дагуул хотыг УИХ-ын шийдвэрээр байгуулна.
БАРИМТ 19
Нийслэл нь хот болохын хувьд нийслэлийн Засаг дарга нь тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг онцлог субьект болох юм.
БАРИМТ 20
Иймд тусгай чиг үүрэгтэй холбоотой асуудлаар хуулийн төсөл санаачлахаас бусад асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг байхаар тусгажээ.
БАРИМТ 21
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдахаар зохицуулсан байна.
БАРИМТ 22
Төсөлд тусгаснаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь хотын аж ахуйн чиг үүргийг хэрэгжүүлэх, нэгдмэл байдлыг хангах, холбогдох байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежерийг томилно.
БАРИМТ 23
Ерөнхий менежер нь ажлаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнө хариуцах юм байна.
БАРИМТ 24
Ийнхүү шилжүүлсэн нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар төсөлд тусгажээ.
Сэтгэгдэл (2)