Буруугаа бусдаас бус, өөрөөсөө хай Д.Сарангэрэл гишүүн ээ
"Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, сунгасан.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Уушги орлуулах Экмо аппарат, амьсгалын аппарат дутагдалтайн улмаас хүний эрүүл мэнд амь нас эрсдэж байгаа мэдээлэл яваад байна. Үнэхээр аппарат дутагдалтайгаас болоод ийм зүйл болж байгаа бол болохгүй. Яг ийм зүйл байна уу. Төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж бусад асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой санхүүжилт суулгаж байна. Энэ хэрэгцээ шаардлагаа хэр зэрэг тодорхойлж чадсан бэ" гэх асуултыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос асуусан.
Үнэхээр түүний хэлж буй үнэн. Аппарат дутагдалтайгаас болоод эрдэнэт хүний амь эрсдэж байгаа нь хариуцлагагүй, алдаатай бодлогын үр дагавар. Үүнтэй ч маргах хүн ховор биз.
Харин өнөөгийн энэ байдалд хүргэсэн хүн нь Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл гэдэгтээ ч маргах хүн үгүй биз. Монгол Улс дотооддоо коронавирусний халдварыг алдахаас өмнө тэрбээр эрүүл мэндийн салбарыг толгойлж явсан нэгэн. Тухайн үед тэрбээр "Коронавирустэй нүүр тулахад манай улс бараг л бэлэн, амьсгалын аппарад нь гурван сая хүнд хүрэлцэнэ. Бид бэлтгэлээ хангасан. Чадаж байна" хэмээн хээвнэг цээжээ дэлдэж явсныг ч олон нийт мартаагүй.
Гэтэл өнөөдөр өөрөө сэнтийнээсээ бууж, нөхцөл байдал хүндэрсэн үед ийнхүү толгойлж явсан "тогоо" руугаа нулимж байгаа нь хэр зохистой бол.
Сайд асан Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбарыг чадварлаг удирдсан бол, коронавирусний халдварыг дотооддоо алдахаас өмнө өнөөгийн нөхцөл байдлыг тооцоолж, бэлтгэлээ сайтар хангасан бол өнөөдөр 500 гаруй хүн амь эрсдэх байв уу, халдвар цар тахал болтлоо дэгдэх байсан уу гэдэг яах аргагүй бодох, асуух асуулт мөнөөсөө мөн.
Б.Баатар
Сэтгэгдэл (17)