Соёлын яамнаас есөн аймаг болон нийслэлийн нутаг дэвсгэрт орших 15 үл хөдлөх дурсгалд улсын хамгаалалтын зэрэглэл тогтоох санал боловсруулж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар батлууллаа. Энэ дурсгалууд нь бүгд эрдэм шинжилгээний эргэлтэд орж, түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдол нь тодорхойлогдсон, дотоод гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгджээ.
Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад 20 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт орших палеонтологийн олдворт газар, чулуун зэвсгийн бууц суурин, булш хиргисүүр, хадны зураг бичгийн дурсгал зэрэг 182 дурсгал багтдаг байна.
Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад нэмэлтээр оруулсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын жагсаалт:
1. Харганын дөрвөлжин (Архангай аймгийн Өлзийт сум)
Улаанбаатарын Их Сургуулийн Түүх, археологийн тэнхимээс хэрэгжүүлсэн малтлага судалгааны баг Орхон, Тамир, Хануй, Хүнүй голын сав газраар хийсэн археологийн хайгуул, судалгааны үр дүнд 2017 онд Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн Харганы дөрвөлжин хэмээх газраас Хүннүгийн үед холбогдох хэрэмт хотын туурыг илрүүлсэн.
2019 оны долдугаар сар, 2020 оны дөрөвдүгээр сард агаарын зураглал үйлдэх явцдаа эртний хятад ханз үсгээр “Шаньюй”, “Тэнгэрийн хүү Шаньюй, Тэнгэр адил хязгааргүй өнө мөнх насалтугай” гэсэн бичигтэй хэд хэдэн дээврийн нүүр ваарны хагархайг түүвэр байдлаар илрүүлэн олсон байна.
2020 оны долдугаар сарын 9-ний өдрөөс 26-ны хооронд анхны сорилын малтлага судалгааг хийж олон тооны “Тэнгэрийн хүү Шаньюй, Тэнгэр адил хязгааргүй өнө мөнх насалтугай” гэсэн бичигтэй нүүр ваарны хагархай, дээврийн тосгуур болон нөмрөг ваарыг илрүүлсэн. Харганын дөрвөлжинд орших хотын малтлагаас “Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичиг бүхий олдвор тус хотын малтлагаас илэрч олдсон нь Монгол Улсын нутгаас төдийгүй дэлхийд энэ бичлэгээр анх удаа гарч байгаа нь Хүннүгийн хааны ордон болохыг баталж байгаа юм.
Мөн эртний хятад ханз бүхий дээврийн нүүр ваарнууд нь Монгол нутгаас илрэн олдоод буй хамгийн эртний бичгийн дурсгал болох төдийгүй Монголын түүх, археологийн шинжлэх ухаанд маш том нээлт болж буйгаараа онцлог юм. Түүнчлэн малтан судалсан хот нь анхны давхар хэрэмтэй хот болохоос гадна тус хотын дотор хэрэмний баруун урд хэсгийн дотор 90 х 60 м хэмжээтэй хүний гараар хийсэн хиймэл усан сан, цөөрөмтэй байгаа нь хамгийн том усан сантай Хүннүгийн хааны зуны ордон болохыг давхар гэрчилнэ.
2.Чилэн балгас (Архангай аймгийн Өгийнуур сум)
XIX зууны сүүлч XX зууны эхэн хагаст судалгааны эргэлтэд орсон. Уйгурын үед баригдсан хот хэмээн үздэг.
3. Тамирын Улаан хошууны Хүннүгийн оршуулгын газар (Архангай аймгийн Өгийнуур сум)
Хүннүгийн цагариг хэлбэрийн чулуун дараастай булшны оршуулгын газрын томоохон төлөөлөл бөгөөд нийт 400 орчим булштай. 2000 оноос нийт 50 орчим булшийг малтан судлаад байгаа бөгөөд эрдэм шинжилгээний олон бүтээлүүд гараад байна.
4. Цагаан асгын цогцолбор дурсгал (Баян-Өлгий аймгийн Сагсай сум)
Монгол Алтайн нуруунд буй томоохон дурсгалт газруудын нэг төдийгүй Баян-Өлгий аймагт буй хамгийн том цогцолбор бүхий дурсгалт газар юм. Олон тооны дагуул байгууламжтай, дугуй хүрээтэй том, жижиг хэмжээтэй хиргисүүр 3, тэдгээрийн зүүн талд байгуулсан тахилгын байгууламжууд болон унасан, босоо байдалтай орших 100 гаруй хөшөө, мөн 12 буган хөшөө бүхий цогцолбор юм.
5. Чихэн агуй (Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум)
Чихэн агуйн чулуун зэвсгийн суурь нь Монголын дунд палеолитын төгсгөлөөс мезолит, неолитын үеийн, өөрөөр хэлбэл чулуун зэвсэг үйлдвэрлэлийн гурван үеийн дурсгалыг хадгалсан, урт удаан хугацааны турш эртний хүн амьдарч байсан томоохон дурсгалт газар болох нь судалгааны үр дүнд тогтоогдсон дурсгалт газар юм.
6. Бигэр Номун ханы хийдийн туурь (Говь-Алтай аймгийн Бигэр сум)
Тус хийд нь 1763 онд Цогчин хурлын дуган байгуулснаар эх үүсвэр нь тавигдсан бөгөөд баруун өмнөд Монголын томоохон хүрээ хийдийн нэг байжээ. Энэхүү хийдийн одоогийн эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах, судлах ялангуяа XVIII зууны үеийн Монголын хот байгуулалт, барилга архитектурыг судлахад чухал ач холбогдол бүхий түүх, соёлын үл хөдлөх дурсгал юм.
7. Дагвасүндэл бурхан (Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум)
Уг дурсгалыг 2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёлын өвийн үндэсний төв хамтран Говьсүмбэр аймаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэн баримтжуулж, Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн байна. Энэхүү дурсгалд Очирваань бурхны орой дээр Хаянхаярваа бурхны титэм болох морины дүрс байх бөгөөд түүний дээр Чунт бурхны бэлгэдэл хангарьд шувуу зэрэг /Дамдин Чагдар Чунт бурхдын нийлбэр/ дүрсийг засаж янзлаагүй цул хадан дээр зураасан зургийн аргаар бурхан зурах дэг, тэгийг сайтар баримтлан уран чадварлагаар 317см өндөртэй сийлсэн XVII зуунд хамаарах, нутгийн ард олон дээдлэн шүтэж, тахисаар ирсэн дурсгал юм.
8. Хамрын хийд (Дорноговь аймгийн Сайншанд сум)
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 тоот тушаалаар Аймаг, нийслэлийн хамгаалалтад авсан. Хамрын хийд нь Сайншанд сумын төвөөс урагш 38 км-т орших бөгөөд Ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Шарилын уулын гурван хийдийн нэг бөгөөд түүний аж төрж уран бүтээлээ туурвиж байсан дурсгалт газрын нэг юм.
9. Хар хөтлийн палеонтологийн дурсгалт газар (Дорноговь аймгийн Сайхандулаан сум)
1940 оны сүүлээс судалгааны эргэлтэд орсон. Эртний сээр нуруутан амьтдын үлдвэртэй, эртний орчин хурдас хуримтлал, давхрагазүйн өндөр ач холбогдолтой стратиграфикийн тулгуур зүсэлт орших ба хуягт үлэг гүрвэлийн анхдагч төрөл тогтоогдсон олдворт газар.
10. Паалуугийн хадны зураг (Өвөрхангай аймгийн Гучин-ус сум)
Хүрэл зэвсгийн үед холбогдох цогцолбор дурсгал хамаарагдана. Төв Монголын хадны зургийн дурсгалын дотор уран чадмаг тэрэг дүрсэлсэн гэдгээрээ алдартай.
11. Мангасын хүрээ (Өмнөговь аймгийн Ханбогд сум)
Өмнөд говийн бүсэд буй Хүннүгийн үед холбогдох цөөн тооны хотын үлдэгдэл бүхий дурсгалт газар юм. Алслагдсан газарт байдаг тул машин зам дээгүүр нь гарах, тонон сүйтгэх зэрэг сөрөг нөхцөл байдал үүссэн. Энэ дурсгалт газрын талаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг цуврал сэтгүүл болон хамтын бүтээлүүдэд хэвлэгдээд байна.
12. Хавиргын зоон палеонтологийн дурсгалт газар (Өмнөговь аймгийн Ханбогд сум)
Дэлхийд хамгийн томд тооцогдох аварга үлэг гүрвэлийн мөр хадгалагдан үлдсэн газар бөгөөд 2016-2018 оны хооронд Монгол-Японы хамтарсан экспедицийн хээрийн судалгааны анги судалж тогтоосон. Судалгааны үр дүнг нь олон улсад танилцуулах ажлыг үргэлжлүүлэн хийж байна.
13. Бороогийн дөрвөлжин (Сэлэнгэ аймгийн Мандал сум)
Манжийн үед холбогдох бэхлэлт суурин бөгөөд 2014 онд судалгааны ажил хийгдсэн. Энэ дурсгалт газарт газар тариалангийн бүсэд оршдог тул хамгаалалтад авах шаардлагатай байсан юм.
14. Маршал харш (Х.Чойбалсангийн өвлийн ордон), (Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг)
Энэхүү дурсгал нь 1946-1948 онд баригдсан түүхэн болон архитектурын дурсгалт барилга юм. Олон нийтийн дунд Маршалын өргөө, 30-р байр зэрэг нэрээр алдаршсан энэхүү барилга нь уран барилгын хувьд ХХ зууны Монголын барилга архитектурын шилдэг бүтээлийн нэгд зүй ёсоор тооцогддог неоклассик хэв загвартай барилга юм. Мөн Монгол Улсын төрийг удирдаж байсан улс төр, цэрэг, нийгмийн нэрт зүтгэлтэн Х.Чойбалсан амьдарч байсан гэдгээрээ түүхэн дурсгалт барилгад тооцогдоно. Тус барилга нь Х.Чойбалсангийн өвлийн ордон байсан бөгөөд тэрээр нас өөд болтлоо энэ барилгад амьдарч байв. Тус барилгын хийц загвар, гадна төрх, фассад нь социализмын үеийн хот байгуулалтын архитектурыг илэрхийлдэг. З.Оюунбилэг, Ч.Болд нар уг барилгын түүх, архитектурын чиглэлээр судалгааны өгүүлэл хэвлүүлж, үнэ цэн, ач холбогдлыг тодорхойлсон.
15. Богд хааны ногоон ордны өмнөх 2 ширхэг чулуун арслан (Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг)
Энэхүү хоёр чулуун арслан нь Монголын сүүлчийн хааны Төрийн Шар ордноос үл хөдлөх дурсгал хэлбэрээр хадгалагдан үлдсэн цорын ганц дурсгал юм. XIX зууны үед бүтээгдсэн энэхүү хос чулуун арслан төрийн Шар ордны шөргөн хашааны үүдэнд байжээ. 1910-аад оны үед Богдын ордны зураач Жүгдэрийн зурсан “Нийслэл хүрээ” зурагт уг хоёр арсланг маш тодорхой дүрслэгдсэн байдаг. Уг дурсгалыг Улаанбаатар хотын түүх, газарзүйг судалсан О.Пүрэв судалгааны эргэлтэд анх оруулсан. 1956-2019 оны 11 дүгээр сар хүртэл Байгалийн түүхийн музейн барилгын үүдэнд байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сард Богд хааны ордон музейн Амгалан-Энхийн хаалганы өмнө шилжүүлэн байрлуулсан.
Эх сурвалж: Соёлын яам