УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны хар жагсаалтад орсон 71000 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хар түүхийг нэг удаадаа харагдахгүй болгох тохиргоо хийхээ мэдэгдсэн. Үүний дараахан Монголбанкнаас мэдэгдэл гаргасан бөгөөд үүндээ “Дэлхий нийтийг хамарсан “Сovid-19” цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх багц арга хэмжээг Монголбанкнаас авч хэрэгжүүлж байна. Төвбанк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн салбарт хуримтлагдсан эрсдэлийг бууруулж, цар тахлын дараах “Их сэргэлт”-ийг зорин дараахь хоёр нөхцөлийг зэрэг хангасан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэр гаргалаа.
Үүнд:
- Монголбанкны зээлийн мэдээллийн санд нэгээс дээшгүй хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байх,
- Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, төлбөрөө 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс өмнө бүрэн төлсөн байх,
Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2021 оны зургаадугаар сард багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид олгож байгаа болно гэсэн юм.
Тэгвэл Монголбанкнаас олгосон хугацаа маргааш буюу долоодугаар сарын 1-нд дуусна. Тодруулбал, өнөөдрийн дотор зээл, төлбөрөө төлсөн тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хар түүх харагдахгүй болж, бүгдэд боломжийг дахин нэг удаадаа олгох юм.
У.Тэргэл