БАРИМТ 1
Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ Хан-Уул дүүргийн шүүхийн жолоочоор ажлын гараагаа эхэлж, Улсын Дээд шүүхийн шүүгч болтлоо дэвшин ажилласан нэгэн юм.
БАРИМТ 2
Өнгөрсөн хугацаанд түүний туулсан зам тэгтлээ дардан байгаагүйг Улсын Дээд шүүхийн шүүгч болохын тулд Ерөнхийлөгчид хэрхэн “тал зассан”-аас харж болно.
БАРИМТ 3
Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнийг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилохыг 2018 оны арваннэгдүгээр сарын 15-нд УИХ-ын чуулганаар хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжсэн байдаг.
БАРИМТ 4
УИХ-ын гишүүдийн олонхын дэмжлэгийг ийн авсан ч Ерөнхийлөгчийн зарлиг гаралгүй хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн юм.
БАРИМТ 5
Харин хоёр жилийн хугацаанд гацсан томилгоо гэнэт биеллээ олсон нь “Хонгил”-ын өмгөөлөгч гэгдэх Б.Баасанцогттой холбогдоно.
БАРИМТ 6
С.Соёмбо-Эрдэнийг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилох зарлиг гарахаас ердөө хэдхэн хоногийн өмнө буюу 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Баянгол зочид буудалд нэгэн уулзалт болсон байдаг.
БАРИМТ 7
Тодотговол, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ хоёрдугаар сарын 9-ний 19 цагийн орчимд 8008 улсын дугаартай “Harrier” маркийн автомашинтай өмгөөлөгч Б.Баасанцогтын гэрийн гадаа очсон байдаг.
БАРИМТ 8
Тэд хамтдаа өмгөөлөгч Б.Баасанцогтын BMW автомашинаар “Баянгол” зочид буудал руу орсон баримт ил болсон.
БАРИМТ 9
Дараахан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус буудалд ирсэн нь санаандгүй давхцал биш байлтай.
БАРИМТ 10
Хамгийн гол нь энэхүү уулзалтын дараахан буюу 2021 оны хоёрдугаар сарын 18-нд хоёр жил гаруй хав дараад байсан томилгоо биеллээ олж, С.Соёмбо-Эрдэнийг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилсон Ерөнхийлөгчийн зарлиг гарсан билээ.
БАРИМТ 11
Өмгөөлөгч Б.Баасанцогтоор зуучлуулсан уулзалт нь С.Соёмбо-Эрдэнийг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилох тохироо байсан гэдэг хардлага өөрийн эрхгүй төрж байна.
БАРИМТ 12
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн хувьд томилсон “эзэн”-дээ үнэнчээр зүтгээд зогсохгүй ойн сав бүхий их хэмжээний газрыг хууль бусаар өөрийн болгосон гэх баримтыг сэтгүүлчид дэлгэсэн билээ.
БАРИМТ 13
Тодотговол, 2016 онд тухайн үеийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С. Соёмбо-Эрдэнэ нар Төв аймгийн Батсүмбэр сумын үзэсгэлэнт аманд тус бүртээ 3300 м кв газар өмчилж авчээ.
БАРИМТ 14
Үүгээр ч зогсохгүй шүүгчийн туслах А.Дуламсүрэн, Э.Мөнхгэрэл, Нийслэлийн давж заалдах шатны Шүүхийн зохион байгуулалтын мэргэжилтэн Л.Оюунгэрэл нарын нэр дээр мөн 3000-3300 м квадрат газар өмчилж авч, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авчээ.
БАРИМТ 15
Энэ нь хувь иргэн өмчлөх байтугай эзэмшихийг ч хуулиар хориглодог газар аж.
БАРИМТ 16
Шүүгчдэд 2016 оны аравдугаар сарын 25-ны өдөр хууль зөрчин газар өмчлүүлэх захирамж гаргасан Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Ганбаяр нь шүүгчдэд газар олгохынхоо өмнөх жилүүдэд сумын засаг даргаар ажиллаж байхдаа хууль зөрчин ойгоос их хэмжээний нойтон мод бэлтгэсэн хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байсан нэгэн аж.
БАРИМТ 17
Түүнд холбогдох эрүүгийн хэрэг нь замхарсны гол учиг нь өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, Эрүүгийн хэргийн шүүгчдэд хууль зөрчин бүхэн бүтэн уулын ам өгсөн байж болзошгүй юм.
БАРИМТ 18
С.Соёмбо-Эрдэнэ нь анхан болон давж заалдах шатны шүүгчээр 12 жил ажиллахдаа дуулиант олон хэргийг шийдвэрлэсэн бөгөөд бусдын гар хөл болсон гэх шүүмжлэл, хардлага ч байнга дагалддаг. Үүний нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг тэрбээр яллаж, түүнд дөрвөн жилийн хорих ял оноосон юм.
БАРИМТ 19
Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр 4,6 жилийн хорих ял,
БАРИМТ 20
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэнг авлига, албан тушаалын хэрэгт буруутган, 3,6 жилийн хорих ял оноож байв.
БАРИМТ 21
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарыг анх залилангийн хэргээр саатуулсан ч улмаар бусдыг далайлган сүрдүүлсэн, төрийн нууц задруулсан, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган, таван жилийн хорих ял оноосон.
БАРИМТ 22
АМГТХЭГ-ын дарга агсан А.Амарсайхан нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ шүүж, бүгдэд нь хорих ялаар шийтгэх шүүхийн тогтоолыг гаргасан байдаг.
БАРИМТ 23
Хамгийн сүүлд гэхэд л, С.Соёмбо-Эрдэнэ Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч болоод С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүх хуралдааныг даргалан шийдвэрлэж байжээ.
БАРИМТ 24
Шүүхийн ёс зүйн хороо 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр хуралдаж, шүүгч Б.Баасанцогттой холбоотой шүүүгч нарын асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд хуралдаанаас С.Соёмбо-Эрдэнэ нарын зургаан шүүгчид сахилгын хэрэг нээхээр шийдвэрлэсэн билээ.
Сэтгэгдэл (9)