ЭШЛЭЛ 1
Миний хувьд ажлаа авсан цагаасаа хойш Улаанбаатар хотын бодит нөхцөл байдал болон санхүүгийн боломж бололцоо нь хэр байна вэ гэдгийг ямар ч гоёл чимэггүй үнэнээр нь мэдэхийг зорьсон. Аливаа асуудлыг шийдэхийн тулд миний хувьд уг суурь мөн чанараар нь таньж мэдэхийг чухалчилдаг. Тэр утгаараа өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын төсөв санхүү яаж явж ирсэн юм, ямар бодлого, хөтөлбөр нь үр дүнтэй хэрэгжив, аль нь хэрэгжихгүй гацав, түүнд нь юу нөлөөлөв гэдгийг уг углуургаар нь судалж мэдэх замаар ажилтайгаа танилцлаа.
ЭШЛЭЛ 2
Коронавирусын халдвар эрчимжиж байгаатай холбогдуулан улс даяараа энэ халдварт өвчний эсрэг тэмцэхэд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Цаашид ч ажиллана. Амаргүй хүнд үед хотын даргын ажлыг авсан. Гэхдээ энэ үгийг өөрийгөө өмөөрөх учир шалтгаан болгон хэлж байгаа юм биш. Нөхцөл байдлаа бодитоор харж эндээс хэрхэн өндийж босох вэ гэдгийг бодох, төлөвлөх, хийж бүтээх шаардлага гарч байна аа гэдгийг ойлгуулах санаатай хэлж байгаа хэрэг.
ЭШЛЭЛ 3
2019 онд Улсын төсөвт нийслэлээс 283 тэрбум төгрөг төлөвлөсөн. Үүнийгээ 2020 онд Сангийн яам үржүүлээд 320 тэрбум төгрөг болгосон. Гэтэл коронавирусний хөл хорионы улмаас нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлэх орлого 157 тэрбумаар тасарсан.
ЭШЛЭЛ 4
Сангийн яам нийслэлээс орох орлогыг нэмээд 420 тэрбум төгрөг болгосон. Ерөөсөө Сангийн яамны гаргасан тоо гэж ойлгох хэрэгтэй. Гэтэл нийслэлийн нөхцөл байдал улсын төсөвт 420 тэрбум төгрөг өгөх нь бүү хэл цалингаа ч тавьж чадах уу үгүй юу гэдэгтээ тулчихаад байгаа. Иймд асуудлыг Засгийн газрын төвшинд ярих хэрэгтэй болсон. Бид нөхцөл байдлаа танилцуулсан. Үүний үр дүнд 2022 оноос улсын төсвөөс нийслэлийн авто замын түгжрэлийг шийдэхэд зориулж 420 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгож байхаар болсон. Өөрөөр хэлбэл, Сангийн яамны манайд тавьсан орлогын даалгавар эргээд орлого болж орж ирсэн гэсэн үг.
ЭШЛЭЛ 5
Хотын түгжрэлийг цогцоор шийдэхэд энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Зөвхөн өнөөдрийн байдлаар гэхэд хот бараг 1.5 их наяд төгрөгийн өртэй байна. Асуудал биз. Гэхдээ өр зээлтэй гээд хойшоо суух бодол алга. Нэг талдаа энэ бүхэн асар их дарамт мэт боловч орчин цагт өр ширнээс айхгүйгээр харин ч төлөхийн тулд илүү сайн, бүр илүү сайн ажиллах ёстой.
ЭШЛЭЛ 6
Ажил хийнэ гэж ирчихээд “Авраач” гээд дээшээ хараад сууна гэж юу байхав дээ. Ажиллана, зохицуулалт хийнэ. 2022 онд хэдийг төлөх үү, 2023 онд хэдийг төлөх үү гэдэг график гаргаж байна.
ЭШЛЭЛ 7
Энд нэг олзуурхууштай зүйл байгаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын захиргааг дэмжиж, хамгийн хүнд хэцүү үед маш оновчтой шийдвэр гаргасан явдал. Ерөнхий сайд нь танхимаараа хэлэлцээд “Улсын төсвөөс жилдээ 420 тэрбум төгрөгтэй дүйцэх орлогыг хот руу өгье” гэж шийднэ гэдэг бол хотын хувьд асар том дэмжлэг. Энэ шийдвэрт маш их баяртай байгаа.
ЭШЛЭЛ 8
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд зургаан ширхэг нүхэн гарц, долоон гүүрэн гарц, 82.3 км холбоос зам, 70.3 км тойрог зам, 71.5 км хотын их тойруу буюу дөрөвдүгээр тойрог зам. Үүн дээр нэмээд метро, ил суудлын галт тэрэгний зам байгуулна. Дахиад нэмээд дагуул хотуудын асуудал, дулаан цахилгааны шинэ хангамж дээр тулгуурласан орон сууцны бодлого яригдаж таараа. Автобаазын шинэчлэл, автобус, такси үйлчилгээний шинэчлэл хийнэ.
ЭШЛЭЛ 9
Метро барих тухай асуудал 2008 оноос эхлэн яригдсан. Яг ийм том төсөл дээр хотын дарга хэн байхаас, ямар ажил хийх хүсэлтэй байхаас үл хамаараад нэг том зодоон байдаг нь Орос, Хятад, Өмнөд Солонгос, Япон гээд хүчирхэг орнуудын том компанийн сонирхол байдаг. Дор бүрнээ ТЭЗҮ боловсруулж, танайд метро барина, танай ажилд оролцоно гэдэг. Энэ ашиг сонирхлоо хамгаалахын тулд манайхыг дундаа хийгээд тодорхой улстөрч, бизнесийн бүлэглэлтэй нийлээд дээрэлхэж эхэлдэг.
ЭШЛЭЛ 10
Наад зах нь бод л доо. Шинэ нисэх онгоцны буудлыг гэхэд Японы тал анх 260 сая ам.доллараар барина гэж ярьсан. Гэтэл өнөөдөр өртөг зардал нь 650 сая орчим ам.долларт хүрчихээд байна. Тэгэхэд Өвөрмонголд баригдсан шинэ нисэх онгоцны буудал манайхаас хоёрхон хаалга илүү хэрнээ 190 сая ам.долларт баригдсан байх жишээний.
ЭШЛЭЛ 11
Миний хувьд их гүрнүүдийн ийм дээрэлхүү, элэг барьсан хандлагад дургүй. Тэдний сонирхлыг дагаад бид нар тэнэг байж болохгүй. Метрон дээр яг ийм асуудал яригддаг. Улаанбаатар хотод метро барина гэж ярьснаас хойш их гүрнүүдийн ашиг сонирхол ил тод орж ирсэн. Яагаад баригдаагүй вэ, баригдахгүй байна вэ гэдэгт би тодорхой хариулт өглөө шүү. Бүхэл бүтэн 260 сая ам.долларт төлөвлөж байсан бүтээн байгуулалт 650 саяд хүрнэ гэдэг асуудал биш үү.
ЭШЛЭЛ 12
Метроны тухайд гэхэд гадны компаниуд 1.6 тэрбумаас хоёр тэрбум ам.долларын үнэлгээ ярьдаг. Энэ бол хэтийдсэн зардал. Өнөөдөр Улаанбаатар хотын газрын хөрсний гүн рүү хамгийн гүнд суурилагдсан барилга бол Шангри-Ла зочид буудал, Хаан банкны төв байр хоёр. Ерөөсөө 18 метрийн гүнд л байгаа.
ЭШЛЭЛ 13
Метроны хувьд 20 метрийн доогуур 10 км тунель явахад болох тооцоо бий. Дэлхийн том хотуудтай адил 100 метрийн гүнд 2-3 уулзвар зөрөлдсөн метро Улаанбаатарт хэрэггүй. Ийм том төсөл барьчихаад тэрбум тэрбумаар нь хөрөнгө оруулалт нэхээд байдаг их гүрний төслүүдийг дэмжихгүй. Дэмжих боломж ч байхгүй. Үүнийхээ төлөө тэд Монголын улстөрчдийг давхар лоббиддог. Тэд нь даалгавраар ажилд саад болдог. Ийм баймааргүй байна. Ийм лоббиг бид яасан ч зөвшөөрч болохгүй.
ЭШЛЭЛ 14
Би зөвхөн монголчуудынхаа хүчээр метро барина гэж хэлэх гээд байгаа юм биш. Яах аргагүй метроны төслөөр дагнасан мэргэжлийн баг, гадаадын зөвлөх авч таараа. Зөвлөхийн оролцоог хязгаарлахгүй.
ЭШЛЭЛ 15
Бүтээн байгуулалт хийх туршлагын тухайд монголчууд маань өөрсдийн хүчээр Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр замыг барьчихлаа. Оюутолгойн орд газарт гэхэд гадны зөвлөх, мэргэжилтнүүдийн зураг төсөл, зөвлөгөөний дагуу монгол инженер, ажилчид нийлээд газрын хөрснөөс 1350 метрийн гүнд 200 км урт сүлжилдсэн тунель барьж байна. Ийм туршлага байхад бид нар их гүрнүүдийн төрийн лоббитой компаниудад хэтийдсэн цавчаа хийх боломж олгож болохгүй. Мэдээж энэ үгээрээ “Монгол хүн бүгдийг чадна гэж” хэт тэнэгтэж бас болохгүй. Зөвлөхөө бол авна. Харин гадны сонирхол, дээрэнгүй оролцоог бол зөвшөөрөхгүй.
ЭШЛЭЛ 16
Хөрөнгө оруулалт татах, цавчаа ашиг сонирхлыг хориглох хоёр чинь өөр. Наад зах нь, Засгийн газраас 2022 оноос эхлэн улсын төсвөөс нийслэлд 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн даруйд Дэлхийн банкнаас манайд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээнд гарын үсэг зурсан. Энэ бол Засгийн газрын дэмжлэг хөрөнгө оруулагчдад, хандивлагч байгууллагуудад итгэл төрүүлсний нотолгоо. Улсынхаа нийслэлийг Засгийн газар нь дэмжиж байна, УИХ-аас Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулна гэдэг бол яах аргагүй хотод итгэх хөрөнгө оруулагчдын итгэлд хүч нэмчихэж байгаа юм.
ЭШЛЭЛ 17
Хотын дэд бүтцийг хотын дэд бүтцийн туршлагатай компани хийдэг болохоос дуртай улстөрчийнх нь компани хүссэнээрээ хийдэг юм биш. Энэ чинь туршлага, дадлага шаарддаг ажил. Миний хувьд метро, гүүрэн гарц зэрэг том бүтээн байгуулалтад олон улсын компани орж ирээд будилуулах вий гэдэгт бол маш их санаа зовж байгаа гэдгээ дээр хэлсэн.
ЭШЛЭЛ 18
Олон улсын компани ороод ирэхээр асуудал яах аргагүй будилдаг, будилаан үүсгэдэг. 2024 онд тодорхой үр дүн, өөрчлөлтөд хүрэх ёстой гэдэг зорилт тавьж ажиллаж байгаа хүний хувьд үүнийг хамгийн том асуудал гэж харж байгаа. Тиймээс, нэгд, бодлого төлөвлөлт, хоёрт, замын хөдөлгөөний зохицуулалт, гуравт, авто замын шинэчлэл, дөрөвт, нийтийн тээврийн шинэчлэл гэсэн дэс дарааллаар ажиллана. Энэ дөрөв нийлж байж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөө хэрэгжих учиртай юм. Ажлын үр дүнг сар болгон Засгийн газарт танилцуулна.
ЭШЛЭЛ 19
Метроны замын тухайд 10 км нь далд, 17 км нь ил газрын хөрсөн дээр тавигдана. 2024 онд ашиглалтад орно гэж бол худлаа. Тэгж бодит байдалд нийцэхгүй худлаа ярьж болохгүй.
ЭШЛЭЛ 20
Ямар ч байсан эхний ээлжинд замын бүтээн байгуулалтын чиглэлээр 2022 ондоо багтаж 98 км явган хүний зам, 249 км дугуйн зам барина. Метроны тухайд ТЭЗҮ-гээ яаралтай батлуулж, эхний хэсгийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж дайрна. Гэхдээ энэ бол урьдчилсан зорилт.
ЭШЛЭЛ 21
Ирэх гурван жилийн хугацаанд хэр урагштай хөдлөхөөс их зүйл шалтгаална. Гол нь, би худлаа амлалт өгч хотынхоо иргэдийг хуурмааргүй байна. Үнэн нөхцөл байдлаа үнэнээр нь ярьж, үнэн амлалт өгөх ёстой биз дээ. Дээр нь, нэмж хэлэхэд 420 тэрбум төгрөг гэдэг метро барихад зориулах мөнгө биш. Хотын түгжрэлийг бууруулахад энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Гэхдээ сайн эхлэл үү гэвэл яах аргагүй сайн эхлэл.
ЭШЛЭЛ 22
“Хотод өрнөх шинэ бүтээн байгуулалт, түгжрэлийг бууруулах хөтөлбөрийг бүхэлд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, улсын нууцад оруулахыг хүсэж байгаа.
ЭШЛЭЛ 23
Стратеги төлөвлөгөө, санхүүжилт босгох арга зам зэрэг процессийг улсын нууцад оруулж хэлэлцэх шаардлагатай байна. Учир нь асуудлыг нээлттэй яриад эхлэхээр Япон, Орос, Солонгос, Хятад зэрэг орны компаниуд орж ирээд хэсэг бүлэг УИХ-ын гишүүнийг лоббидож, нөгөөдүүл нь тендерийн сонгон шалгаруулалтад оролцож, бөөн маргаан мэтгэлцээн өрнөдөг. Жишээ нь, хотын Засаг дарга асан С.Амарсайханы үед шийдэгдсэн 25-хан хогны машины асуудлыг хар л даа. Шүүхдэлцэж, шүүхдэлцэж жилийн дараа асуудал нь шийдэгдэж байна. Ийм хөгийн нөхцөл байдлаас болоод том бүтээн байгуулалт, том шийдэл унадаг байхгүй юу. Иймд 2024 онд бид бүхэн ямар үр дүнтэй очих вэ, юуг бүтээсэн байх вэ гэдгээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, яаралтай хэлэлцэх хэрэгтэй гэж байгаа юм.
ЭШЛЭЛ 24
Ингэхээр олон эргэлзэж, хардах байх. Гэхдээ төмөр замын бүтээн байгуулалтыг хар л даа. Ашиглалтад орчихлоо шүү дээ. Хэрэв гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендерийг нээлттэй зарласан бол өнөөдөр төмөр замын бүтээн байгуулалт ашиглалтад орох нь бүү хэл, хүрз шороогоо ч хөдөлгөөгүй сууж байх байсан байх шүү. Үүнийг манайхан ойлгох хэрэгтэй. Мэдээж, зарим нэг нь хулгай хийчихлээ гэж харддаг. Биднийг ч мөн хардана байх. Гэхдээ тэрийг бол ёстой олон улсын аудит оруулаад шалгуулчихаж болно, ямар ч асуудалгүй. Ер нь тэгээд аль юмнаас айж алгын чинээ болох юм бэ. Хийх ёстой ажлаа хийх л хэрэгтэй. Үр дүнд нь хэзээ нэгэн цагт сайлуулах бол сайлуулаад, муулуулах бол муулуулаад жингийн туухайн дээр зөв буруугаа дэнслүүлээд явах, явуулах хэрэгтэй. Ажил хийнэ гэж үүрэг хүлээчихээд “Би буруудчих болов уу” гэж айгаад аргал хөдөлгөхөөс өөр нэмэр тусгүй амьтан байж болохгүй.
Сэтгэгдэл (14)