БАРИМТ 1
Монгол Улсын зургаадахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх энэ сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөнө.
БАРИМТ 2
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал явуулах заалтыг 2017 онд хүчингүй болгосныг сэргээн, Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болов.
БАРИМТ 3
Тангараг өргөх ёслолын бэлтгэл: Төрийн ордны Их танхимын тайзны гүнд хөх цэнхэр дэвсгэр дээр Монгол Улсын Төрийн сүлд залж, түүний дэргэд баруун гар талд Монгол Улсын төрийн далбааг байрлуулсан байна.
БАРИМТ 4
Төрийн далбааны дэргэд ам дөрвөлжин цагаан эсгий дэвсэж, хоёр талд Монгол Улсын төрийн ёслолын хүндэт харуулын цэрэг зогссон байна.
БАРИМТ 5
Их танхимын тайзны баруун гар талд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад зориулсан ширээ, сандал, Их танхимын тайзны зүүн гар талд Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад зориулсан ширээ, сандал, Их танхимын тайзны голд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөж, үг хэлэх индэр, тайзны зүүн, баруун жигүүрт Улсын Их Хурлын гишүүдийн суух сандлыг хивсэн дээр тус тус байрлуулсан байна.
БАРИМТ 6
Их танхимын тайзны голд байрлуулсан индэр дээр Үндсэн хуулийн уг эх хувь, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид зориулсан ширээн дээр Ерөнхийлөгчийн тангараг бичиг, гарын үсэг зурах үзэг болон бэх тавьсан байна.
БАРИМТ 7
Тангаргын хавтасны гадна нүүрний дээд хэсэгт Төрийн сүлдийг алтлаг өнгөөр дүрсэлж, шил талд нь "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг" гэсэн үгийг монгол үсгээр, доод хэсэгт кирилл үсгээр тус тус дармалсан байна.
БАРИМТ 8
Хавтасны дотор талын эхний нүүрэнд "Алтан соёмбо" үсэг зурж, нөгөө нүүрэнд Ерөнхийлөгчийн тангаргыг монгол, кирилл үсгээр гүн хөх өнгөөр гоёмсог хэвлэсэн байна.
БАРИМТ 9
Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Ерөнхий прокурор болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтан, улс төрийн намын удирдлага болон хэвлэл, мэдээллийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, зочдыг урьсан байна.
БАРИМТ 10
Тангараг өргөх ёслол: Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ажиллагааг нээж "Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө" хэмээн зарлан мэдэгдэнэ.
БАРИМТ 11
Ийнхүү зарламагц Ерөнхийлөгч Тамгын газрын даргыг, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан Их танхимын тайзнаа хүрэлцэн ирж, журмын Нэгийн 1 дэх заалтад заасан ширээний ард зогсоно.
БАРИМТ 12
Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч ийнхүү хүрэлцэн ирэхдээ Төрийн тамгыг залж авчран ширээн дээр тавина. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч монгол үндэсний хувцастай байна.
БАРИМТ 13
Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагааны үед Төрийн тамгыг хамгаалах үүргийг Төрийн ёслолын хүндэт харуулын дарга гүйцэтгэнэ.
БАРИМТ 14
Ерөнхийлөгч индэрт гарч Үндсэн хуулийн уг эх хувь дээр баруун гараа тавиад тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, ширээнээ эргэн очиж тангарагт гарын үсгээ зурна. Дараа нь Улсын Их Хурлын даргад тангараг бичгээ гардуулна. Ийнхүү тангараг бичгээ гардуулсны дараа Төрийн далбааны дэргэд очиж ам дөрвөлжин цагаан эсгий дээр зүүн өвдөг сөгдөн Төрийн далбаанаас адис авна.
БАРИМТ 15
Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Төрийн тамгыг хадаг /нанжвандан/ дээр залж, шинэ Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр өргөн барина. Шинэ Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардан авч, адислан ширээн дээрээ зална.
БАРИМТ 16
Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан тайзнаа хүрэлцэн ирж өөрт нь зориулсан ширээний ард зогсоно.
БАРИМТ 17
Бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон Ерөнхийлөгчийн оронд сонгогдсон Ерөнхийлөгчид Төрийн тамгыг Улсын Их Хурлын дарга энэ журмын Хоёрын 9 дэх заалтад заасны дагуу гардуулан өгнө.
БАРИМТ 18
Ерөнхийлөгч улиран сонгогдсон тохиолдолд Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа дагуулан Их танхимын тайзнаа хүрэлцэн ирж энэ журамд заасны дагуу тангараг өргөнө.
БАРИМТ 19
Ерөнхийлөгч улиран сонгогдсон тохиолдолд ажил хүлээлцэх, Төрийн тамгыг гардуулах ёслол үйлдэхгүй.
БАРИМТ 20
Тангараг өргөсөн Ерөнхийлөгч Төрийн тамгыг ширээн дээрээ залмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид баяр хүргэж, хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ. Төрийн дуулал эгшиглэж байхад ёслолын ажиллагаанд оролцож байгаа бүх хүн босож зогсоно.
БАРИМТ 21
Төрийн дуулал эгшиглэсний дараа иргэдийн төлөөлөл баяр хүргэж үг хэлсний дараа ахмад хүн хадаг, мөнгөн аягтай сүүг Ерөнхийлөгчид барина. Ерөнхийлөгч хадаг, мөнгөн аягатай сүүг хүлээж аваад Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлнэ.
БАРИМТ 22
Ерөнхийлөгч үг хэлж дуусмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгч тангараг өргөн ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэнэ. Үүний дараа Ерөнхийлөгч Төрийн ордон дахь Монгол Улсын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэл үзүүлж адис авна.
БАРИМТ 23
Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан Ерөнхийлөгчийн өргөөнд хүрэлцэн ирж, ажил хүлээлгэн өгөх ёслол болно.
БАРИМТ 24
Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагааг Монголын радио, телевизээр орон даяар нэвтрүүлнэ.
Сэтгэгдэл (8)