БАРИМТ 1
Монгол Улс хамгийн анх удаа зургаан жилийн хугацаатайгаар Төрийн тэргүүнээ сонгов.
БАРИМТ 2
Энэ удаагийн сонгууль Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлж байгаа үед зохион байгуулж байгаагаараа хамгийн онцлогтой.
БАРИМТ 3
Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 1,210,454 сонгогч саналаа өгснөөс МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 68 хувиар үнэмлэхгүй ялалт байгуулав.
БАРИМТ 4
Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хамгийн бага ирцтэй болов. Тодруулбал, нийт сонгогчдын 59.24 хувь нь саналаа өгсөн байна.
БАРИМТ 5
Гадаадад байгаа иргэдийн хамгийн олон саналыг "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат авчээ. Тэрбээр нийт 4084 сонгогчийн санал авсан бол МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 1175, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 160 хүний санал авсан байна.
БАРИМТ 6
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ хамгийн бага санал авав. Тэрбээр 72,758 сонгогчийн санал авч, сүүл мушгисан.
БАРИМТ 7
Хамгийн их цагаан сонголттой сонгууль болов. Энэ удаагийн сонгуульд 71,908 хүн цагаан сонголт илгээжээ.
БАРИМТ 8
Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд санал өгч буй иргэдийн хамгийн их шүүмжлэл дагуулсан хувцаслалттай хүнээр УИХ-ын гишүүн Т.Доржханд тодров. Тэрбээр монгол дээл өмсөж, пүүз угласан нь олны шүүмжлэлийг дагууллаа.
БАРИМТ 9
Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн анх удаа “Үлэг гүрвэл” санал өгөв. Нэгэн иргэн саналаа өгөхдөө “Үлэг гүрвэл”-ийн баг өмсөж ирсэн юм.
БАРИМТ 10
Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нэр дэвшигчид шууд нэвтрүүлэгт оролцож, улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, бодлого чиглэлийнхээ хүрээнд ард түмнийхээ өмнө мэтгэлцдэг уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн сонгууль мэтгэлцээнгүй боллоо.
БАРИМТ 11
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч анх удаа эмнэлгээс зөөврийн хайрцгаар санал өгөв. “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат коронавирусний халдвар авч улмаар улсын төв хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тул зөөврийн хайрцгаар саналаа өгсөн юм.
БАРИМТ 12
Баянгол дүүргийн сонгогчид сонгуульдаа хамгийн идэвхтэй оролцжээ. Тодруулбал, тус дүүргийн нийт сонгогчийн 66.5 хувь нь саналаа өгсөн байна.
БАРИМТ 13
Налайх, Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгуульдаа хамгийн идэвх муутай оролцсон байна. Тус дүүргийн нийт сонгогчийн 58.7 хувь нь саналаа өгчээ.
БАРИМТ 14
Сэлэнгэ аймгийнхан Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд хамгийн идэвх муутай оролцсон байна. Тус аймгийн сонгогчдын 51.2 хувь нь л саналаа өгсөн байна.
БАРИМТ 15
Сонгогчдын оролцоог хүйсээр нь харвал санал өгөх ёстой эрэгтэйчүүдийн 55.4 хувь, эмэгтэйчүүдийн 62.7 хувь нь сонгуульдаа оролцжээ.
БАРИМТ 16
Насны бүлгээр харвал, 55-аас дээш насныхан 70-аас дээш хувьтай оролцсон бол 20-24 насныхны 43.6 хувь нь саналаа өгсөн байна. 30-34 насны 153,692 хүн санал өгсөн нь насны бүлгийн хувьд хамгийн олонд тооцогдож байна.
БАРИМТ 17
2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийнх өмнөх жилүүдэд болсон сонгуулиудаас хамгийн тайван болж өнгөрөв. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчдийн талаар элдэв хар мэдээлэл гарч, багагүй хэмжээний “дайн” зарладаг байсан бол энэ удаад хэн нэгнийгээ харлуулж, элдэв янзаар доромжилсонгүй тайван сонгуульдав.
БАРИМТ 18
Өмнөх сонгуулиудын үед гардаг байсан сонгуулийн хар машины дүнгийн маргааныг эцэслэхээр анх удаагаа 100 хувь гар тооллого хийв.
БАРИМТ 19
Сонгогчдын саналыг авахын тулд улсын хэмжээнд нийт 2087 санал авах байр ажиллав. Тус хэсгийн хороодыг хамгийн анх удаагаа бүрэн камержуулсан.
БАРИМТ 20
Зөөврийн хайрцгаар хамгийн олон хүн санал өгөв. Нийт 25,000 гаруй сонгогч зөөврийн хайрцгаар энэ удаагийн сонгуульд саналаа өгсөн бол тусгаарлан ажиглах байр, гэрийн тусгаарлалт болон халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 7,000 орчим сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгсөн юм.
БАРИМТ 21
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг дэлхий нийтэд тархсан цар тахлын үед хамгийн анх удаагаа зохион байгуулав.
БАРИМТ 22
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл явцыг хөндлөнгийн хараат бус ажиглагчид ажиглаж, дэлхий нийтэд нээлттэй мэдээлдэг уламжлалтай. Энэ удаагийн сонгуулийг ажиглах гадаадын болон олон улсын байгууллагын 43 ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын 40-өөд сэтгүүлч сурвалжлав.
БАРИМТ 23
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар улсын хэмжээнд 2087 хэсгийн хороо байгуулж, 20 мянга төрийн албан хаагчид сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд ажилласан.
БАРИМТ 24
Сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах мэдээлэл технологийн 31 багт 148 гишүүн, санал авах байруудад нийт 2481 даамал ажиллажээ.
Сэтгэгдэл (4)