Иргэд, аж ахуйн нэгжийн нийт хадгаламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ оны дөрөвдүгээр сард 34,4 хувиар өсчээ. Хадгаламжийн өсөлтийг ялгаатай бүлгээр авч үзвэл, 1-5 сая төгрөгийн дүнтэй хадгаламж 51 хувиар, 5-20 сая төгрөгийн дүнтэй хадгаламж 30 хувиар, 20-100 сая төгрөгийн дүнтэй хадгаламж 25.4 хувиар, 100-500 сая төгрөгийн дүнтэй хадгаламж 24.7 хувиар, 500 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж 30.8 хувиар тус тус өссөн байна.
Энэ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүх бүлгийн хувьд хадгаламж жигд өндөр өсөлттэй байсныг илтгэж байна.
Эдийн засгийн сэргэлт, гаднаас орж ирж буй хөрөнгийн урсгал, төсвийн дэмжлэг, тэр дундаа цар тахлын үед орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлсөн, цахилгаан, дулаан, усны төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн, хүүхдийг мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн, иргэн бүрт 300 мянган төгрөг олгосон зэрэг арга хэмжээ үүнд нөлөөлсөн гэж үзжээ.