Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүч /СЭХ/-ий хувь хэмжээг нэмэгдүүлэх, импортын эрчим хүчний хараат байдлыг бууруулахад онцгой үүрэг гүйцэтгэх Эрдэнэбүрэнгийн 90 мегаваттын усан цахилгаан станцын төслийн талаар Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга И.Лувсанцэрэнгээс тодрууллаа. Төслийн барилга угсралтын ажил 2021 зун эхэлж 2025 онд дуусах талаар мэдээлэл өгсөн. Мөн төсөл хэрэгжиснээр дараах үр дүн гарна гэдгийг хэлж байсан юм. Үүнд:
Бодлогын түвшинд:
- Алсын хараа 2050, эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, экспортлогч орон болох,
- Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг 2030 онд СЭХ суурилагдсан чадлыг 30%-д хүргэх
- Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан,
- Парисын хэлэлцээр байгуулагдсантай холбоотой Монгол Улсын тодорхойлсон хувь нэмрийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах,
Тухайн бүс нутагт үзүүлэх эерэг нөлөө
- Жилдээ 366 сая кВт*ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба 5 аймгийн нийт 266 сая кВт*ц хэрэглээ болон цаашид өсөн нэмэгдэх хэрэглээг бүрэн хангана,
- Баруун 5 аймгийн 6488 аж ахуйн нэгж, 8424 орон сууц, 55929 гэр хорооллын хэрэглэгчдийг дотоодын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангана,
- ОХУ, БНХАУ-с авч буй импортын эрчим хүчний хараат байдлыг бууруулж, импортын цахилгаан эрчим хүчний төлбөрт төлж буй 17.5 тэрбум төгрөгийг хэмнэнэ,
- Дотоодын хямд эрчим хүчний эх үүсвэр бий болсноор Баруун бүс, Алтай-Улиастай эрчим хүчний систем төсвийн татаасгүй ажиллах нөхцөл бүрдэнэ,
- Бүтээн байгуулалтын барилга угсралтын явцад 1000 гаруй ажлын байр бий болж, орон нутгийн иргэд ажиллаж ажилтай орлоготой болох нөхцөл бүрдэнэ,
- Усан цахилгаан станц ашиглалтад орсноор Захиргаа, ээлжийн инженер техникийн 80 ажлын байр бий болно,
- Усан цахилгаан станц ашиглалтад орсноор тухайн бүс нутагт байгуулагдах уул уурхай, цемент болон арьс шир, түүхий эдийн боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж эдийн засгийн эргэлтэд оруулах онцгой ач холбогдолтой,
- УЦС-ын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүсийг бий болгоно. Усан сан хуримтлагдснаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал бэлчээрт эерэг нөлөө үзүүлэх зэрэг олон давуу талтай гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл (2)