Монголын ширээний теннисний шигшээ багийн тамирчин Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ нар Катарын нийслэл Доха хотод болсон Зүүн Азийн бүсийн тэмцээнээс “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрх авлаа. Монголын спорт тоглоомын төрөлд алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдал энэ юм. Ширээний теннисний спорт монголд үүсч хөгжөөд 61 жил болж байгаа бөгөөд энэхүү спорт нь зуны олимпын наадмын хөтөлбөрт багтаад 33 дахь жилтэйгээ золгож байна.
-Э.Лхагвасүрэн ширээний теннисээр баг балчираасаа хичээллэсэн Монголын шилдэг тамирчдын нэг. Түүний амьдралыг ширээний теннисгүйгээр төсөөлөхөд бэрх. Тэр 14 насандаа Азийн наадмын ширээнд гарч олон шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөөн үзүүлснээр өсөх ирээдүйтэй сайн тамирчин болохоо батлан харуулсан. Төдийгөөс өдийг үртэл энэ спортдоо хоёргүй сэтгэлээр зүтгэж, эх орныхоо нэрийг дэлхийн спортын хамгийн нэр хүндтэй талбар болох олимпод мандуулахаар бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
-Б.Болор-Эрдэнэ “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрх авсан Монголын хамгийн залуу тамирчдын нэг. Тэр ширээний теннист туйлын дуртай ба бяцхан дүү нараа теннисчин болгожээ. Б.Болор-Эрдэнэ өөрөө олимпын наадамд эх орныхоо нэрийг өндөрт мандуулах зорилгыг өмнөө тавьж, үеийн залуустаа үлгэр дуурайлал болж байгаа шилдэг тамирчин юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)