БАРИМТ 1
Драмын бүтээлийн ноён оргил, дэлхийн суу билэгт их зохиолч Уильям Шекспирийн алдарт Гамлетыг гайхалтай амилуулсан хүн бол яах аргагүй УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ юм.
БАРИМТ 2
Тиймдээ ч түүнийг орчин цагийн Гамлет хэмээн хүлээн зөвшөөрдөг.
БАРИМТ 3
С.Болд-Эрдэнийн хувьд 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1995-1999 онд СУИС-д Сугарын удирдлагад суралцаж төгссөн. 2013 онд доктор, профессор С.Сугарын удирдлагад магистрын зэрэг хамгаалсан.
БАРИМТ 4
2000 оноос УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байгаад 2019 оноос одоог хүртэл театртаа Уран бүтээлийн хэлтсийн даргаар ажиллаж байна.
БАРИМТ 5
Драмын урлагт 20 гаруй жилийн амьдралаа зориулсан тэрбээр өнгөрсөн хугацаанд шилдэг эрэгтэй дүрийн шагналыг дөрвөн удаа, “Алтангадас” одон, “Гэгээн Муза VIII” наадмын шилдэг эрэгтэй гол дүр, “Гамлет” жүжгийн Гамлетийн дүрээр “Гэгээн Муза X” наадмын шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал, “Гэгээн Муза IX” наадмын шилдэг эрэгтэй туслах дүр, БСШУЯ-ны(хуучнаар) “Мөнгөн мод” наадмын Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг тоймгүй олон шагналын эзэн билээ.
БАРИМТ 6
С.Болд-Эрдэнэ урлагийн гэр бүлд төрж, өссөн. Түүний аав Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, СУИС-ийн багш асан Сугар бөгөөд ээж нь СУИС-ийн багш, ах нь хөгжимчин, эгч С.Болормаа нь СТА, жүжигчин, зохиолч бөгөөд “Хөлтрөг”, “Орхидос” киноны зохиолч юм.
БАРИМТ 7
Харин жүжигчин С.Болд-Эрдэнэ “Хөлтрөг” уран сайхны киноны найруулагчаар ажилласан.
БАРИМТ 8
Урлагийн гэр бүлд өссөн С.Болд-Эрдэнэ мундаг жүжигчдийг сургуулилтаа хийж байхад нь багаасаа харж өссөн ч жүжигчин болно гэж огт боддоггүй.
БАРИМТ 9
Харин наймаа хийж, бизнес эрхлэх сонирхолтой байснаа нуудаггүй.
БАРИМТ 10
Түүнийг жүжигчин болохыг ээж нь зөвлөж, их сургуульд элсэх шалгалтын шүлэг, дуу, этюд хийхэд, ажиллахад нь тусалж, “Миний хүү жүжигчин болж чадна” хэмээн итгэл өгч, хөглөсөн гэдэг.
БАРИМТ 11
С.Болд-Эрдэнэ “Ээжтэйгээ нэг өдөр “Алтан гадас” одон хүртсэн. Аавтайгаа дэлгэцийн бүтээлд хамт дүрээ мөнхөлчихдөг. Аав минь хэдийгээр бурханы оронд очсон ч дэлгэцнээс аавыгаа харчихаж байна. Миний үр хүүхдэд энэ боломж бас үлдэнэ” хэмээдэг.
БАРИМТ 12
Аавынхаа шавь нь болсон ховор хувь заяатай. Сургууль дээрээ ааваа гэж дуудах хэцүү, багшаа гэхээр эвгүй байснаа дурсан ярьдаг.
БАРИМТ 13
С.Болд-Эрдэнийн хувьд 1999 онд сургуулиа төгсөөд УДЭТ-т орж, анхны бүтээсэн дүр нь У.Шекспирийн “Зуны шөнийн зүүд” аж.
БАРИМТ 14
Түүний эхнэр эдийн засагч мэргэжилтэй. Тэд дөрвөн хүүхэдтэй ба С.Болд-Эрдэнийн хувьд гэр бүлээсээ тайвшрал, энерги авдаг. Тэдэнтэйгээ агаарт гарах дуртай.
БАРИМТ 15
Тайз, дэлгэцийн 100 гаруй бүтээл дээр ажилласан С.Болд-Эрдэнэ “Надаар тоглосон хайр”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Атга нөж”, “Тэнгэрийн хүү”, “Оролмаа эх”, “Гамлет”, “Дон Кихот”, “Фауст” зэрэг Монголын төдийгүй дэлхийн олон арван шилмэл жүжгийн гол дүрээр амьдарч ирсэн эрхэм юм.
БАРИМТ 16
Дэлхий дахинаа Мигель Сервантесийн “Дон Кихот”, Уильям Шекспирийн “Гамлет”, Гетёгийн “Фауст””ыг драмын урлагийн гурван ноён оргил гэж үздэг. Харин С.Болд-Эрдэнийн хувьд Гамлет, Фаустын дүрд тоглосон нь их хувь заяа хэмээн тэрбээр мөргөж, талархаж явдаг.
БАРИМТ 17
“Гамлет намайг үнэхээр их нервтүүлж, сүүлдээ зүрх хатгаж өвддөг байлаа. Энэ хэмжээгээр хэр хэмжээний энерги зарцуулж, дотоод зөрчлийг зохицуулж буй тархи ямар их ачаалалтай байх вэ. Одоо ингээд ярихад хүртэл зүрх рүү хатгаж байна” гэж тэрбээр ярьж байв.
БАРИМТ 18
Хэрвээ жүжигчин хүн дүр дээрээ ажиллахад шаналал зовиур, түгшүүр төрөхгүй болчихвол хэн ч биш болно хэмээн залуу жүжигчдэд хэлэх дуртай.
БАРИМТ 19
Тайзан дээр үзэгчдийн харцыг мэдэрнэ, түүнийг даван туулна гэдэг бэрх гэдгийг гүнээ ойлгодог.
БАРИМТ 20
Хэрвээ уран бүтээлийн дүрээр нэрлэгдэж, танигдсан бол тухайн жүжигчин тэрхүү дүрийг сайн бүтээсэн гэсэн үг. Урлагт арын хаалга гэж байдаггүй гэж хэлэх дуртай.
БАРИМТ 21
Миний урлагийн төдийгүй амьдралын багш, хамгийн том нөмөр нөөлөг аав минь байлаа хэмээн байнга дурсдаг.
БАРИМТ 22
"Гамлет"-д тоглосны дараа аав минь их баярласан юм шиг санагддаг. Жүжгийн нээлтийн дараа аав минь сэтгэл хангалуун байгаа нь мэдэгдсэн. Чи сайн байлаа, хүүдээ баярлалаа гэж хэлээгүй л дээ. Зүгээр л надад арай л хүндлэлтэй хандаж, тоож, над руу харах бүрд нүдэнд нь гэрэл асч байсан. С.Болд-Эрдэнэ энэ тухай ярихаараа нулимсаа нууж чаддаггүй.
БАРИМТ 23
Монголын драмын урлаг уналтад байсан тэр цагт Улсын драмын эрдмийн театрын авьяаслаг дөрвөн залуу болох найруулагч Н.Наранбаатар, жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нарын байгуулсан “Драмын 4” хамтлаг орж ирснээр хэлтэй, хөлтэй болсон гэдэг. Харин уг хамтлаг энэ жил 15 нас хүрнэ.
БАРИМТ 24
“Миний амьдрал, хүсэл мөрөөдөл, дуртай бүхэн минь УДЭТ-т байгаа учраас би эндээс явахгүй. Энэ бол түүний чин сэтгэлийн үг билээ.
Сэтгэгдэл (2)