АН өчигдөр “Санал тоолох төхөөрөмжид хөндлөнгийн нөлөө ордог байж болзошгүй. Тиймээс 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хойшлуулах ёстой” гэж мэдээлэл хийсэн. Уг асуудалд СЕХ тайлбар мэдээлэл хийлээ.
СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: Сонгуулийг сайн дураараа зохион байгуулдаг үйл ажиллагаа биш юм. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хугацаанд болдог. Сонгуулийг ганцхан онц байдал зарласан тохиолдолд тухайн шийдвэрийг үндэслээд сонгуулийн үйл ажиллагааг зогсоох эсвэл хойшлуулна гэж хуульчилсан байдаг. Өөр ямар нэгэн байдлаар сонгуулийг хойшлуулах, зогсоох тухай ойлголт байхгүй. Яагаад гэхээр Үндсэн хуульд заасан хугацаанд явж байгаа үйл ажиллагаа шүү дээ. 2020 оны УИХ-ын сонгуулиар зарим нэр дэвшигчид гомдол гаргасан. Гомдлынх нь дагуу маргаад байсан тухайн тойрогт нь 100 хувь гар тооллого явуулсан. Одоо хэсэг хүмүүс машинаар тоолохоо болиод гараар тоольё гээд байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог нь санал тоолох төхөөрөмжөөр тоолно. Төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг бүгдийг нь уламжлалт аргаар буюу 100 хувь гараар тоолно. Ингэж байж санал хураалтын үр дүн баталгаажна. Магадгүй 100 хувь гараар тоолсны дараа нэг саналын зөрүү гарсан тохиолдолд энэ төхөөрөмж буруу тоолдог юм байна гэсэн асуудлыг тавих боломжтой. Өчигдөр АН-аас санал тоолох төхөөрөмжид хөндлөнгийн нөлөө ордог байж болзошгүй гэсэн утгатай мэдээлэл хийсэн. Энэ бичгийн хувийг Тагнуулын ерөнхий газарт хүргүүлсэн. Эрүүгийн хуульд заасан сонгууль будлиантуулах зорилготой гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа байж магадгүй гэдэг үндэслэлээр Нийслэлийн прокурорын газарт хандсан. Сонгууль дөхөхөөр санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллийг улс төрийн нам эвсэл сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчид ярьдаг. 2012 оноос хойш санал тоолох төхөөрөмж буруу ажиллаа гэсэн ч нэг ч баримт гараагүй. Худал мэдээллийг олон нийтэд тарааж байгаа нь гэмт хэргийн шинжтэй байна.
СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан: Төхөөрөмж гэхээс илүү аргачлал нь чухал. Хэсгийн хороонд ажиллаж байгаа бүх хүнд хэвлэж өгсний дараа дүнгээ дамжуулдаг. Хакердсан бол энэ дунд мэдэгдэнэ. Мөн уншсан саналын хуудасныхаа зургуудийг CD дээр бичиж өгдөг. Маш их баримт үлддэг гэсэн үг. Хакердлаа гэхэд хэн хэзээ, яаж хакердсан нь тодорхой баригдана. Хуульд зааснаар өмнө нь 50 хүртэл хувьд гар тооллого хийдэг байсан. Нэг ч саналын зөрүү гарсан тохиолдол байхгүй. Хуульд өөрчлөлт оруулснаар 100 хувь гараар тоолохоор болсон. Улсын хэмжээнд байгаа 2087 хэсгийн хорооны саналыг бүгдийг нь гараар тоолно. Миний хувьд хуульд ийм өөрчлөлт орсонд маш их баярлаж байгаа. Яагаад гэхээр хар машинтай холбоотой ор үндэсгүй худлаа хардлага байнга гардаг. Тэгвэл одоо 100 хувь гараар тоолохоор энэ эргэлзээ тайлагдана гэж бодож байна.
С.Наран
Сэтгэгдэл (2)