БАРИМТ 1
Иргэд амбулаторид үзүүлэхдээ төлбөр төлөхгүй.
БАРИМТ 2
Иргэд өмнө улирлын оношилгоо, шинжилгээний төлбөр 165000 төгрөгөөс давбал өөрөө төлдөг байсан бол одоо багц руу шингээж өгсөн бөгөөд хамтын төлбөрөөс чөлөөлсөн байна.
БАРИМТ 3
Оношийн хамааралтай бүлгийн ор хоногийн төлбөрийг өмнө хувь иргэн даатгалаас салангид тооцон өгдөг байсан. Харин одоо тухайн оношийн өртөг буюу 25 хувийн хамтын төлбөрт орлоо.
БАРИМТ 4
Эмнэлзүйн хувьд хэвтүүлэн эмчлэх шаардлагагүй буюу өдрөөр явах тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр боллоо. Ингэснээр тусламж, үйлчилгээ иргэдэд илүү ойртож, хүртээмжтэй болох юм.
БАРИМТ 5
Хорт хавдрын эмчилгээг даатгалаас бүрэн санхүүжүүлнэ.
БАРИМТ 6
Тодруулбал, хорт хавдрын хими эмчилгээ, мэс засал, хавдрын дараах эм, амбулаторийн хяналт, хими туяаны өдрийн эмчилгээ, хорт хавдрын дараах сэргээн засах эмчилгээ зэрэг хорт хавдартай холбоотой бүх тусламж үйлчилгээг даатгалаас бүрэн санхүүжүүлнэ.
БАРИМТ 7
Гуравдугаар сарын 1-нээс хойш хорт хавдрын 2527 тохиолдолд 1.5 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн байгууллагын нэхэмжлэлийн дагуу даатгалын сангаас олгоод байна.
БАРИМТ 8
Улсын болон хувийн эмнэлгүүд хамтран ажиллана.
БАРИМТ 9
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох ба бие биеийнхээ үзүүлж чадахгүй тусламж үйлчилгээг нөхөж, түншлэлийн хүрээг бий болгох юм.
БАРИМТ 10
Эрүүл мэндийн байгууллагын бүх тусламж үйлчилгээг гүйцэтгэлд нь үндэслэн хянаж, санхүүжилтийг олгоно.
БАРИМТ 11
Одоогийн байдлаар хувийн бүх эмнэлэгтэй хэвтүүлэн эмчлэх чиглэлийн гэрээ байгуулан ажиллаж байна.
БАРИМТ 12
Мөн хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй амбулаторийн тусламж үйлчилгээний чиглэл болон өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээнд зөвшилцөх байдлаар ажиллана.
БАРИМТ 13
Хувийн хэвшлийн долоон эмнэлэгтэй өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээг зөвшилцсөн ба эдгээр хувийн эмнэлгүүд төрөлжсөн ба аймгийн нэгдсэн эмнэлгийн статустай улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон байгууллагууд юм.
БАРИМТ 14
Гэрээт эмнэлгээс буцаан олголтоо авах боломжтой болсон.
БАРИМТ 15
Иргэд даатгуулагчид хэвтэн эмчлүүлэх үедээ өвчний түүхэд бичсэн эм, тариа, материалын зардлыг өөрөөсөө гаргасан тохиолдолд төлбөрийн баримтыг үндэслэн тухайн эмнэлгээс буцаан авах боломжтой.
БАРИМТ 16
Ингэхдээ зөвхөн эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээт эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдолд буцаан олголтыг авах юм.
БАРИМТ 17
Өндөр өртөгтэй шинжилгээний 70 хувийг даатгалаас санхүүжүүлнэ.
БАРИМТ 18
Өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээнд нийт есөн төрлийн 130 гаруй оношилгоо, шинжилгээ багтаж байна.
БАРИМТ 19
Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэхэд даатгалын сангаас 70 хувь, иргэд өөрсдөө 30 хувь төлөх зохицуулалттай.
БАРИМТ 20
Өндөр өртөгтэй шинжилгээний багцад 50 мянган төгрөгөөс дээш өртөгтэй шинжилгээний багц багтаж байна. Өнөөдрийн байдлаар өндөр өртөгтэй оношилгоог хийхээр 52 байгууллагатай гэрээ хийсэн байна.
БАРИМТ 21
Хамтын төлбөр төлөхгүй долоон бүлэгт 0-18 насны хүүхэд, нийгмийн халамж асаргаа шаардлагатай хүмүүс, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэд, ял эдэлж байгаа ялтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хугацаат цэргийн алба хаагч, хүүхдээ асарч байгаа эх зэрэг багтлаа.
БАРИМТ 22
Иргэн та Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эмнэлгээр үйлчлүүлснээр хөнгөлөлт авах боломжтой.
БАРИМТ 23
Эмчийн заалтаар аливаа оношилгоо, шинжилгээг хийх ёстой. Ерөнхийдөө тухайн эмчилгээг та зайлшгүй хийлгэх хэрэгтэй эсэхийг эмчээрээ тогтоолгоно. Үүнийг 13А маягтаар зохицуулах бөгөөд эмчийн заалтгүй хийж байгаа нөхцөлд даатгалын сангаас хөнгөлөлт олгохгүй.
БАРИМТ 24
Тусламж үйлчилгээ авах үйл явц хурууны хээгээр баталгаажна. Тодруулбал, та эмнэлэгт хөнгөлөлттэй үйлчилгээ авахаар очихдоо, түүнчлэн хэвтэн эмчлүүлэх хүмүүс анх хэвтэхдээ болон гарахдаа хурууны хээгээ баталгаажуулна.
Сэтгэгдэл (1)