МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвлэлийн хурал хийж байна.
Тэрбээр "МАХН татан буугдаж, МАН нэгдэн нийлж байгаа талаар бичиг баримтаа Улсын Дээд шүүхэд албан ёсоор гардууллаа. Энэ бол Монгол Улсын улс төрийн намуудад болж байгаа түүхэн үйл явдал юм. Уг шийдвэрийг гаргахаас өмнө анхан шатны байгууллагын бүх гишүүдээсээ санал авсан.
Бид МАН-тай нийлэхдээ хэд хэдэн зүйлийг баримталсан. Нэгдүгээрт, Бид нэг түүхтэй, нэг үзэл баримтлалтай намууд. 10 жилийн өмнө бид тодорхой асуудлаар өөр өөр байр суурьтай болсон учраас хоёр нам болж, тусдаа үйл ажиллагаа явуулсан. Бид 10 жилийн хугацаанд ярьж, шүүмжилж байсан сэдвүүд нийгэмд, хүмүүст хүрч, олон түмэн тодорхой ойлголттой болсон. Тухайлбал, МАН-МАХН-ын хооронд тухайн үед маргаан дэгдээж байсан МАНАН гэх улс төрийн үзэгдэл улс төрд байж болохгүй. Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд хортой үзэгдэл гэдгийг бид 10 жил ярьсан. Сүүлийн үед МАН-ын удирдлагууд энэ үзэгдлийн хор уршгийг сайн мэдэрч, тэмцэхээр боссон.
Хоёрдугаарт, Оюутолгойн гэрээ луйвар булхай боллоо, энэ гэрээгээр халхавчилсан залилан боллоо гэдгийг тухайн үед хэлж байсан. 10 жилийн дараа энэ гэрээ үнэхээр луйвал булхай болсон, үүнийг засахгүйгээр Монгол Улс хөгжихгүй гэдгийг ойлгосон. МАН-ын өнөөгийн удирдлага, Ерөнхий сайд Оюутолгойн гэрээг засахаас өөр аргагүйг ойлгосон.
Гуравдугаарт, Бид Дубайн гэрээг хүчингүй болгох ёстойг хэлсээр ирсэн. Энэ бол цэвэр луйвар булхай, хууль зөрчсөн үйлдэл гэдгийг МАН-ын өнөөгийн удирдлага ойлгож, гэрээг хүчингүй болгоно гэдгээ албан ёсоор зарлаж байгаа.
Эрдэнэтийн 49 хувийг авах ажиллагаа хууль бус болсныг бид шүүмжилсэн. Үүнийг МАН-ынхан өлгөн аваад 49 хувийн булхай луйварыг таслан зогсоохын төлөө тэмцсэн. Энэ луйварыг бид хамтын хүчээр таслан зогсоож чадсан.
Хууль шүүхийн луйвар булхайг бид 10 жил ярьж байгаа. 2016 онд 600 цагдаа ирж намайг баривчилснаас эхлээд энэ булхайг зогсоохын төлөө МАХН шургуу тэмцсэн. Олон хүн баригдаж, хэлмэгдсэн. Гэсэн ч бид бууж өгөөгүй. Сүүлийн үед МАН-ын удирдлагууд үүнийг ойлгож, хууль шүүхийн байгууллагын шударга бусын хонгилыг засахаас өөр аргагүй гэсэн үнэнд гүйцэгдсэн.
Бидний сүүлийн 10 жил ярьсан асуудал МАН-ын удирдлагын байр суурьтай адилхан болсон. Асуудал, байр суурь адилхан байхад тус тусдаа үйл ажиллагаа явуулах нь үр дүн муутай, цаг алдана. Энэ жил улс төрийн нам байгуулагдсны 100 жил болж байна. Тиймээс залуусынхаа сайн сайхан амьдрах үүд хаалгыг нээхийн тулд үйл ажиллагаагаа нэгтгэхээр болсон. Энэ ажлаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийхээр шийдэж, тавдугаар сарын 16-нд шийдвэрээ гаргасан. Энэ бол Монгол Улсын хөгжлийн шинэ эхлэлийн гараа. Ололт амжилтыг бататгаж, хямралыг давна гэсэн алхам гэж үзэж байгаа" гэлээ.
Мөн тэрбээр "С.Ганбаатар гишүүний хувьд МАН-тай нэгдэхэд эхнээсээ дургүй байсан. "Та бидний эвсэл"-дээ үлдэхээр тохиолцсон. Гэтэл С.Ганбаатар гишүүн бидний үгийг сонсохоосоо илүүтэйгээр Ерөнхийлөгч Х.Баттулгын үгийг сонсдог гэдэг нь сая батлагдаж, Ардчилсан намд элсэн орж, алдаа гаргаж байгаад нь харамсаж байсан. Гэхдээ энэ бол хувь хүний сонголт учир хүндэтгэх болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэгдэж байгаа нь эв нэгдлийг эрхэмлэх зорилготой.
Миний хувьд ямар нэгэн албан тушаалд очихгүй. Би нэрээ татаж байгаа. Залуучууд ажиллах хэрэгтэй, тэдэнд боломж олгох ёстой гэж бодсон.
Нэрний хувьд ажлын хэсэг дээрээ МАН, МАХН гэсэн хоёр нэрийг хоёуланг нь ашиглаж байхаар тохиролцсон. Эдгээр нэр нь түүхэн нэр. Тэгэхээр энэ нэрийг өөр хэн нэгэн авч ашиглана гэж байхгүй. МАН МАХН-ын хүсэл зорилго нэг байсан" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (9)