БАРИМТ 1
Хоёр алуурчин дөрөв болсон нь: Энэ хэргийг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үйлдсэн гэдгийг Б.Булган анхнаасаа тууштай ярьж, үүнийг коридорт зогсож байсан Даваахүү, Барсбаатар нар баталж, дуудагдаж С.Зоригийн гэрт анх орсон Рагчаа, Доржсүрэн төдийгүй хотын цагдаагийн дарга Н.Ганболд, хамт явсан С.Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд асан Ши.Батбаяр нар Б.Булганы хэлснийг давхар нотолсон мэдүүлэг өгсөн.
БАРИМТ 2
Гэтэл хуулийн байгууллага 15 жилийнхээ ажлын дүнг нотолгоотой нь үгүйсгэж, С.Зоригийг дөрвөн хүн алсан гэж алуурчдын тоог хоёр дахин өсгөж, үүнийгээ ямар ч баримтаар нотолж чадалгүй өдийг хүрлээ.
БАРИМТ 3
Цорын ганц гэрч Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй. Энэ хэрэгт Б.Булганыг 10 сар цагдан хорьж 3 удаа мэдүүлэг авч улмаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай нүүрэлдүүлэхэд тэрбээр “энэ хоёр хүн С.Зоригийг алсан хүмүүс биш” гэж мэдүүлэг өгсөн.
БАРИМТ 4
Тиймээс түүнийг шүүх хуралд оролцуулаагүй. Цорын ганц гэрчийг ийнхүү шүүх хуралд оролцуулаагүй атлаа 1998 онд түүний хэлж зуруулсан ам зургаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг ялласан.
БАРИМТ 5
Ц.Амгаланбаатарын өмгөөлөгчийг сольсон тухай. Энэ хэргийн анхан шатны шүүх хурал болохын өмнөхөн Ц.Амгаланбаатарын анх авсан өмгөөлөгчийг гадаадад сургуульд явах нэрийдлээр гэнэт сольж, АТГ-т ажиллаж байсан Дашдорж гэгчид өмгөөлөгчийн эрх олгож, Хууль зүйн туслалцааны төвийн захирлын тушаал гараагүй байхад шүүх хуралдаанд оролцуулсан бөгөөд энэ өмгөөлөгчийг ажлын хэсгийн Ж.Мөнхгал олж өгсөн гэж хожим нь Ц.Амгаланбаатар өргөдөлдөө дурдсан.
БАРИМТ 6
Тодорхой даалгавар, заавар, чиглэлтэйгээр шүүх хуралд оролцсон энэхүү “өмгөөлөгч” нь Улсын дээд шүүхэд гаргасан гомдолдоо “миний өмгөөлүүлэгч энэ хэргийн захиалагч Э.Бат-Үүл, хамтрагч А.Ганхуяг, хамжигч Б.Булган нарыг илчилсэн тул ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэсэн утгатай өргөдөл гаргасан.
БАРИМТ 7
Энэ гомдол нь Ц.Амгаланбаатарын “Миний бие захиалагч Э.Бат-Үүл, зуучлагч А.Ганхуяг болон хамтран зүтгэгч Б.Булган нарын хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Захиалагч Э.Бат-Үүл, зуучлагч А.Ганхуяг, нуун далдалсан Б.Булган нарт хуулийн дагуу ял оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдолтой агуулгаараа таардаг.
БАРИМТ 8
Шинэ гэрчийн тухай: Энэ хэрэгт өмнө нь буюу 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс хойш 2015 оны эхний хагас жил хүртэлх хугацаанд огт байцаагдаж байгаагүй гэрч шинээр илэрч энэ хүн “хэрэг гарахаас 3-4 хоногийн өмнө С.Зориг, Э.Бат-Үүл нарыг талийгаачийн байрны гадаа маргалдаж байсан, хажууд нь зогсож байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг одоо ч гэсэн таньж байна. Хэрэг гардаг орой Э.Бат-Үүл миний хажуугаар гүйж өнгөрсөн, малгайгүй байсан” гэх утгатай мэдүүлэг гаргасан.
БАРИМТ 9
Энэхүү шинэ гэрч нь эрүүдэн шүүх ажиллагааг гардан зохион байгуулсан Ж.Мөнхгал гэгчтэй 1976 оноос хойш С.Зоригийн байрны хажуугийн 5 дугаар байрны нэг орцод бараг нэг давхарт амьдарч байсан хуучны танил нь байсан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 2-нд Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш 12 хоногийн дараа эх үүсвэр тодорхойгүй шинэ орон сууцтай болсон.
БАРИМТ 10
Отгонбаатарыг энэ хэрэгт холбогдуулах гол мэдүүлэг гаргасан гэрч: 2007 онд эхнэр, хоёр хүүхдийн хамт гэртээ шатаж нас барсан Отгонбаатар (Паар гэх хочтой)-ыг энэ хэргийн нэг гол холбогдогч болгох мэдүүлгийг ялтан Ц.Амгаланбаатар болон гэрч Тунгалаг гэдэг хүн гаргасан.
БАРИМТ 11
Тэрбээр “1998 оны 12 дугаар сарын сүүлчээр Амгаа бид хоёр Паарынд архи ууж байхад Амгаа “би Зоригийг нухсан. Сая яваад Бат-Үүлээс нэг сая, Булганаас 3 сая төгрөг авсан” гэж мөнгө гаргаж ирээд Паарын хүүхдүүд тус бүрд нь 5000 төгрөг, эхнэрт нь 30000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн.
БАРИМТ 12
Гэтэл Отгонбаатарын охин 1999 оны 11 дүгээр сарын 4-нд, хүү нь 2002 оны 6 дугаар сарын 21-нд төрсөн. Өөрөөр хэлбэл, 1998 оны 12 дугаар сард Отгонбаатарын эхнэр төрөөгүй байсан.
БАРИМТ 13
Энэ гэрч гэх Тунгалаг нь олон жил архины хамааралтай амьдарч, албадан эмчилгээнд явж байсан, тагнуулын ажлын хэсэг түүнээс мэдүүлэг авахдаа архи өгч согтоогоод өөрсдөө мэдүүлэг бичиж, гарын үсэг зуруулдаг, таалагдахгүй мэдүүлэг өгвөл гавлаж айлган сүрдүүлдэг байсан тухай хожим нь мэдүүлэг өгсөн.
БАРИМТ 14
Э.Бат-Үүлийн талаарх Амгаланбаатарын мэдүүлэгт: “…Жаагий (Б.Содномдаржаа)-ийн утас дуугарч бид гарч нэг машинд орсон. Бат-Үүл байсан…Жаагий түүнээс мөнгө авсан гэсэн. Гэхдээ ил харагдах мөнгө байгаагүй. Бид дөрвийг гадагш гарахад Бат-Үүл нэг давхрын өгсдөг шатан дээр бид дөрвийг хараад зогсож байсан. Бид дөрвүүлээ түүнийг харсан.
БАРИМТ 15
Бид буудалд ирчихээд нэлээд хэдэн цаг суусан. Гэтэл Жаагийгийн утас дуугарч бид хоёр гарсан. Бат-Үүл хар хөх өнгийн жийп машинтай ирсэн. Жаагий машинд орж суугаад хэсэг хугацааны дараа чемодан шиг хэлбэртэй хар өнгийн цүнхтэй зүйл авч буусан. Цүнхэн дотор боодолтой мөнгө байсан. Буцаж орж ирээд Жаагий “Энэ Бат-Үүл гай болох юм. Зоригийн авгайг амьд үлдээ гэчихээд гэрт нь юмаа орхичихсон (малгай) байх юм” гэж байсан…(өмнө Ганхуяг хар арьстай залуутай ирж уулзсан. Хар арьстай залуу Жаагийд дугтуйтай мөнгө өгсөн гэж өөр мэдүүлэг өгсөн)…Жаагий Бат-Үүлээс авсан мөнгөөрөө барааны зах дээр наймаа хийж эхэлсэн.
БАРИМТ 16
С.Зоригийг алдаг өдөр Бат-Үүл С.Зоригийн гэрийн хаалга онгойлгож өгөхөд Жаагий бид хоёр орж авгайг нь хүлж, ариун цэврийн өрөөнд үлдээсэн.
БАРИМТ 17
Ингээд гараад ирэхэд Бат-Үүл, Чимгээ хоёр коридорт зогсож байсан ба Бат-Үүл нөгөөдөх чинь ирж байна, би явлаа гээд явсан (2015.10.02-ны өдрийн мэдүүлэг) гэж мэдүүлжээ. Ц.Амгаланбаатар ийм ноцтой зайлшгүй шалгаж мутарлах мэдүүлэг өгсөн байхад. Э.Бат-Үүлээс ганц ч мэдүүлэг авахгүйгээр хэргийг шүүхээр шийдвэрлэсэн.
БАРИМТ 18
Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан тухай: Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга О.Бархасбадь 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр “Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Э.Бат-Үүл, А.Ганхуяг, Б.Булган, Б.Отгонбаатар нар нь бүлэглэж, С.Зоригийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна” гэж тэмдэглээд, “Э.Бат-Үүл бусадтай бүлэглэн С.Зоригийг алах гэмт хэргийг зохион байгуулсан” гэж үзэж, 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд заасан гэмт хэрэг /улс төрийн зорилгоор аллага хийх/-т зааснаар түүнийг яллагдагчаар татсан.
БАРИМТ 19
Гэсэн боловч прокурор Б.Батжаргал нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Э.Бат-Үүл нь… С.Зоригийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдохгүй байна” гэж тэмдэглээд, түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон байна.
БАРИМТ 20
Шагналын тухай: Энэ яргын хэргийг шийдвэрлэхэд оролцсон хүмүүс албан тушаал, алдар цол, эд хөрөнгө, бүр цаашилбал ял завшилгаар хэрхэн шагнагдсан нь онцгой анхаарал татдаг.
БАРИМТ 21
Тухайлбал, нэг удаа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилох хууль /Х.Тэмүүжингийн/-тай байхад Ц.Элбэгдорж Ц.Зоригийг 2016 оны 12 дугаар сарын 5-нд (анхан шатны шүүх хурал явагдаж байхад) улируулан хоёр дахь удаа томилсон, Дээд шүүхэд энэ хэргийг танилцуулсан Б.Цогтыг Эрүүгийн хэргийн танхимын даргаар, Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүх хурал даргалсан С.Соёмбо-Эрдэнийг Дээд шүүхийн шүүгчээр, нийслэлийн прокурор Б.Амгаланбаатарыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилсон.
БАРИМТ 22
Б.Хурцад 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дэслэгч генерал, АТГ-ын даргаас бууж ТЕГ-т шилжсэн Н.Ганболдод бригадын генерал цол олгож, прокурор Ж.Сандагсүрэнг Алтангадас одонгоор, тагнуулын Ж.Мөнхгалыг Сүхбаатарын одонгоор шагнан Ц.Элбэгдорж өөрөө ажил дээр нь аваачиж гардуулсан.
БАРИМТ 23
Тэр бүү хэл энэ ажиллагаанд оролцсон “Сайнбилэг”-ийг 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр (бас л шүүх хурал явагдаж байх үеэр, 12 дугаар сарын 5-нд Ц.Зориг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр хоёр дахь удаагаа томилогдсоныг дээр дурдсан) Б.Хурц тушаал гаргаж орон сууцаар шагнаж, дээр дурдсан “шинэ гэрч” түрээсийн байранд амьдарч байснаа 2017 оны 8 дугаар 2-нд Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа 8 дугаар сарын 14-нд гэнэт орон сууцтай болсон.
БАРИМТ 24
2017 онд Төв аймгийн сум дундын шүүх Б.Итгэлтөгсийн 10 жилийн хорих ялыг хоёр удаагийн шүүхээр оруулан хасч сулласан байх ба шүүгч нь Ц.Элбэгдоржийн найзын дүү байсан.
Сэтгэгдэл (60)