БАРИМТ 1
УОК-ын гишүүн Ц.Ганзориг: Тавдугаар сарын 8-наас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж буйтай холбогдуулан дараах 18 чиглэлээс бусад ААН-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхээр боллоо.
БАРИМТ 2
Үйл ажиллагааг нь хязгаарлах салбарууд: Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн, аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт, бүх төрлийн баар, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, хүнсний биш барааны зах худалдааны төв (Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 18 дугаар тушаалаар баталсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлага, бэлтгэл ажлыг хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө. Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв, сургалтын төв, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, алжаал тайлах төв, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун, бассейн, нийтийн халуун ус, зочид буудал, дэн буудал, амралт, жуулчны газар, шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд, олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ, хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай, нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб.
БАРИМТ 3
Ингэснээр ААН-үүдийн 80 хувь нь хязгаарлагдахгүй, ажиллаж болох юм байна.
БАРИМТ 4
Эрсдэл өндөр гэдэг гоо сайхан, үсчин коронавирусний эсрэг вакцины давтан тун хийлгэсэн иргэдэд тавдугаар сарын 8-наас нээлттэй.
БАРИМТ 5
Тавдугаар сарын 15-наас вакцины давтан тун хийлгэсэн иргэдэд фитннес,бассейн, иог, бялдаржуулах төвүүд нээлттэй.
БАРИМТ 6
Тавдугаар сарын 22-ноос том захуудыг нээнэ.
БАРИМТ 7
Давтан тунгаа тариулаад 14 хоносон бол тавдугаар сарын 22-ноос хөдөө PCR шаардахгүй болон хязгаарлалтгүй явж болно.
БАРИМТ 8
Иргэд e-Mongolia-аас давтан тундаа хамрагдсаныг гэрчлэх QR код бүхий сертификатыг авах юм. Уг кодыг уншуулдаг системийг Мэдээлэл, технологи, харилцаа холбооны газраас даваа гараг гэхэд бэлэн болгоно.
БАРИМТ 9
Хот доторх нийтийн тээврийн хэрэгсэл ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм сахин явна.Автомашины улсын дугаарын хязгаарлалтын дагуу зорчих (зөвхөн нийслэлд) аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашин замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийнэ.
БАРИМТ 10
Өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 60 хувь нь эхний тунгаа хийлгэжээ.
БАРИМТ 11
Харин хоёрдугаар тунд 27.3 хувь нь хамрагджээ.
БАРИМТ 12
Шадар сайд С.Амарсайхан: Хөл хориог тавдугаар сарын 8-наас эхлэн сулруулж, зарим аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын дэглэмийн мөрдүүлж, нээхээр болсон ч халдварын эрсдэл байсаар байгааг сануулъя.
БАРИМТ 13
УОК-ын өнөөдрийн хуралдаанаар эхний 14 хоногт буюу тавдугаар сарын 8-22-ны өдөр хүртэл орон нутаг руу зорчих хот хоорондын хөдөлгөөнийг ч хязгаарлана.
БАРИМТ 14
Учир нь орон даяар иргэдийг вакцинжуулах ажил үргэлжилж байгаа тул халдварын эрсдэлийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарах шаардлагатай байгаа.
БАРИМТ 15
Маргаашаас /өнөөдрөөс/ 65-аас дээш насны иргэдийг Спутник V вакцинд хамруулахаар төлөвлөсөн.
БАРИМТ 16
Вакцин хийлгэх боломжгүй хүмүүс нь жирэмсэн хүмүүс байна.
БАРИМТ 17
Манай улс 20 мянган тун Спутник V вакцин хүлээн аваад байгаа.
БАРИМТ 18
Коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг вакцины хоёрдугаар тунд хамруулна.
БАРИМТ 19
Халдварын хүндрэлтэй үзүүлэлтүүд буурах шинж ажиглагдаж байгаа ч олон төрлийн мутацид орсон вирусний эрсдэл бий. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай.
БАРИМТ 20
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: Бидний зүгээс вакцины хоёр дахь тундаа хамрагдаад 14 хоногоос хойш олон нийтийн болон бусад арга хэмжээнд оролцож болох зөвлөмжийг өгч байгаа. Гэхдээ аль ч тохиолдолд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зайгаа барих зэргээр халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстой.
БАРИМТ 21
ХӨСҮТ-өөс вакцины нэг болон хоёрдугаар тунд хамрагдсан иргэдэд ямар байдлаар дархлаа тогтож байна гэдэг тогтцын судалгаа хийж байна. Мөн ЭМЯ-ны дэргэд судалгааны баг гараад энэ судалгааг төслийн шугамаар хийж байгаа.
БАРИМТ 22
Вакцины хоёр тунд хамрагдсан хүн халдвар зөөвөрлөгч, дамжуулагч болох эрсдэл маш бага. Тэглээ гээд амны хаалтаа авах зэргээр халдвар хамгааллын дэглэмээ хэрхэвч зөрчиж болохгүй.
БАРИМТ 23
Учир нь, нэгдүгээр тунгийн вакцин хийлгэсэн нийт хүний нэг хувь нь халдвар авсан байгаа. Мэдээж халдвар авсан хугацаа нь харилцан адилгүй. Эхний тунг хийлгээд дархлаа бүрэн тогтохгүй учраас халдвар авах эрсдэл их байгаа гэсэн үг. Нэг хувийг тоон үзүүлэлтээр авч үзвэл 9000 орчим хүн байгаа. Энэ бол харьцангуй бага тоо. Хэдий хоёрдугаар тунгийн тарилгыг хийж эхлээд удаагүй байгаа ч халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн.
БАРИМТ 24
Хоёрдугаар тун хийлгээд өвчилж байна гэдэг нь тухайн хүн ямар нэгэн байдлаар вирусээр халдварлаж, өвдөж байна гэсэн үг. Тиймээс вирус тээгч болон дамжуулагч болох боломжтой. Гэхдээ вакцины гол хоёр ач холбогдол байгаа нь нэгд, өвчнөөс сэргийлнэ. Хоёрт, өвдсөн ч хүндрэлээс сэргийлнэ. Мэдээж огт вакцин хийлгээгүй хүнтэй харьцуулахад эрсдэл бага ч халдвартай хүнтэй хавьтал болж, дараагийн хүнд халдвар дамжуулагч болж болзошгүй асуудал байгаа.
Сэтгэгдэл (1)