БАРИМТ 1
Хил нээх асуудал зөвхөн Монгол Улс хилээ нээгээд болчих бус. Гадаад улстай харилцан хилээ нээснээр цар тахлын өмнө иргэд гадаадад чөлөөтэй зорчиж байсан тэр үеэ рүүгээ эргэн очих юм.
БАРИМТ 2
Өнөөдрийн байдлаар дэлхийн 121 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан мэдээлэлтэй байна. Улс орнууд ямар арга хэмжээ авч байна гэвэл, зөвхөн өөрийн улсын иргэдийг, мөн тухайн улсад байнга оршин суудаг гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлж байгаа.
БАРИМТ 3
Манай улс гадаадын долоон улс руу шууд нислэг үйлддэг. Өнөөдрийн байдлаар БНХАУ, БНСУ, Япон, Герман болон Европын холбооны орнууд виз олголтыг түр зогсоосон. Цаашлаад өөрийнх нь улсад байнга оршин суудаггүй иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх горимыг мөрдөж ажиллаж байна.
БАРИМТ 4
Манай улсын хувьд цар тахлын эхэн үеэс хилээ шат дараатай хаасан. Энэ шийдвэртэй уялдуулан гадаад улсад байгаа ЭСЯ, Консулын газрууд богино хугацааны бүх төрлийн визийг 2020 оны нэгдүгээр 27-ны өдрөөс эхлээд зогсоосон байгаа.
БАРИМТ 5
Гадаадад буй монголчууд маань Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд эх орондоо ирж болж байгаа.
БАРИМТ 6
Гадаад улсын жишгийн дагуу Монгол Улсад байнга оршин суудаг, ажил, амьдрал нь энд байдаг гадаад иргэдийн оршин суух үнэмлэхийг үндэслэн хилээр нэвтрүүлж байгаа.
БАРИМТ 7
Төрийн болон хувийн хэвшлийн шугамаар богино хугацаагаар зайлшгүй ирэх гадаадын мэргэжилтнүүд байдаг.
БАРИМТ 8
Эдгээрт зөвхөн ирэх, явах тийзийг үндэслээд Монгол Улсад ирээд тусгаарлагдах нөхцөлийг хангасны үндсэн дээр цөөн тооны гадаад иргэн, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж байгаа.
БАРИМТ 9
Гадаадад байхдаа вакцины эхний болон хоёрдахь тундаа хамрагдаад түүнээс хойш 14 хоног өнгөрсөн гадаад иргэдийг Монголд ирэхэд нь тусгаарлахгүй байгаа.
БАРИМТ 10
Харин вакцинд хамрагдаагүй иргэдийг Монгол Улсын хилээр нэвтэрч ирсэн даруйд долоо хоног тусгаарлана.
БАРИМТ 11
Хоёрдахь тунгаа хийлгэсэн боловч 14 хоног өнгөрөөгүй байгаа иргэд мөн тусгаарлалтад орно гэдгийг тодотгож хэлье.
БАРИМТ 12
Коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэдийг тухайн улсад эмчлүүлж байсан эмнэлгийн бичиг, нотлох баримтыг үндэслээд Монгол Улсад нэвтрүүлсний дараа тусгаарлахгүй байх горим үйлчилж байгаа.
БАРИМТ 13
Монгол Улсад ирж байгаа бүх иргэн, зорчигчийг сүүлийн 72 цагийн дотор коронавирусний эсрэг PCR шинжилгээнд заавал хамрагдсан байх, хариу нь сөрөг гарсан байхыг шаардаж байна.
БАРИМТ 14
Энэ бол вакцин хийлгэсэн, хийлгээгүй бүх иргэнд адилхан үйлчилнэ гэдгийг тодотгоё.
БАРИМТ 15
Монгол Улс хилээ нээх шийдвэртэй уялдуулаад олон улсын түвшинд вакцин хийлгэсэн эсэх тухай гэрчилгээг улс орнууд санаачлан гаргаж, бусад улс хүлээн зөвшөөрөх талаар уриалж эхлээд байгаа.
БАРИМТ 16
Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд өнөөдрийн байдлаар, олон улсын төвшинд хүлээн зөвшөөрсөн вакцины паспорт, гэрчилгээ гэх баримт бичиг аль ч улсад одоогоор байхгүй гэдгийг хэлье.
БАРИМТ 17
Улс орнууд зөвхөн дотоодоо вакцин хийсэн гэрчилгээг гаргаад үүнийг бусад улс орон харилцан хүлээн зөвшөөрч мэдээллээ солилцсоноор тухайн гэрчилгээг хүчин төгөлдөр гэж үзэх юм.
БАРИМТ 18
Монгол Улсын хувьд гэвэл өнөөдрийн байдлаар Е- Mongolia платформоор дамжуулаад вакцины 1, 2 дахь тунг хийлгэсэн иргэд вакцин хийлгэсэн огноотой мэдээллээ Е- Mongolia-гаар дамжуулаад авах боломжтой.
БАРИМТ 19
Энэ системийг ашиглаад Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, ГХЯ, ЭМЯ, ХӨСҮТ гээд бүхий л холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсгээс Е-Mongolia дээр тулгуурлан олон улсад хүлээн завшөөрөгдөх шаардлагатай гэдэг үүднээсээ гадаад паспортын мэдээллийг тусгах. Мөн гадаадад зорчих иргэдэд PCR шинжилгээ хийсэн байх шаардлагыг улс орон нийтээрээ тавьж байгаа учраас PCR шинжилгээ хийсэн мэдээллийг Е-Mongolia дээр нэмж өгөхөөр болсон.
БАРИМТ 20
Мөн мэдээллүүдийг зөвхөн монгол, англиар бус НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр гаргах хөгжүүлэлтийг хийх техникийн шийдэл бэлэн болсон.
БАРИМТ 21
Гэрчилгээ буюу вакцин хийлгэснийг нотлох баримт бичигт зөвхөн регистрийн дугаар байсан бол одоо тухайн иргэний гадаад паспортын дугаар орж ирнэ.
БАРИМТ 22
Гэрчилгээнд ямар төрлийн вакцинд хэзээ хамрагдсан тухай мэдээлэл орно. Жишээ нь, гуравдугаар сарын 10–нд эхний, дөрөвдүгээр сарын 20-нд хоёрдахь тунгаа хийлгэсэн. Дээр нь PCR шинжилгээ хийлгээд сөрөг гарсан, хэзээ хариугаа авсан энэ бүх мэдээллийг оруулж байгаа юм.
БАРИМТ 23
Ийнхүү албан ёсны мэдээлэл бүхий нэгдсэн гэрчилгээ гаргаж, гадаад улстай яриа хэлэлцээр хийгээд харилцан зөвшөөрсөн тохиолдолд Монгол Улсын иргэд тухайн улсад чөлөөтэй зорчих нөхцөлийг үе шаттай сэргээх боломжийг нээх юм.
БАРИМТ 24
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын хилийг тавдугаар сарын 10-наас үе шаттай нээх асуудлыг хэлэлцэн, тогтмол нислэгийг нэмэгдүүлэх, гадаад улстай дээрх гэрчилгээг харилцан зөвшөөрсөн тохиолдолд иргэд маань гадаад улсад зорчих энэ боломжийг үе шаттайгаар нээхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл (5)