Коронавирусний цар тахлаас шалтгаан олон зүйлс хүссэн ч, эс хүссэн ч хувьсан өөрчлөгдөж байна. Цахим орчин, цахим сүлжээг ашиглан сургалтын үйл ажиллагаа явуулдаг технологи манай улсад төдийлөн нэвтэрч эхлээгүй байсан бол өдгөө энэ бүхэнд хүн бүр суралцаж байна. Энэ л үед нэгэн нүдээ олсон инновацийн бүтээл МУИС-ийн Физикийн тэнхимээс “төржээ”. Тодотговол, МУИС-ийн Инноваци, Технологи Дамжуулах Төвөөс зарлан хэрэгжүүлдэг Инновацийн төслийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Spenum” төслийн хүрээнд “Гэрэлт самбар” бүтээж, ашиглалтын гэрчилгээгээ гардан авсан байна.
Онлайн хичээл, влог бэлтгэхэд зориулсан зөөврийн “Гэрэлт самбар” нь багш хичээлээ уламжлалт самбарт зааж буй мэт хялбархан. Гэхдээ нүүр царайгаа халхлахгүй, нуруугаа харуулахгүйгээр суралцагчийн анхаарлыг татаж, үр дүнтэй дижитал хичээл бэлтгэхэд зориулсан инновцийн төхөөрөмж юм.
Тус бүтээлийн талаар “Spenum” төслийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш Т.Төртогтохтой ярилцлаа.
-Та төслийнхөө талаар бидэнд таницуулаач?
-Монгол Улсын Их сургууль багш, оюутнууддаа зориулан гарааны компани байгуулах боломж олгодог. Үүний хүрээнд зарласан инновацийн төсөл амжилттай хэрэгжиж бид гарааны компани байгуулахаар бичиг баримтаа бүрдүүлээд явж байна. “Spenum” төслийн хүрээнд МУИС-ийн Физикийн тэнхимийн багш нар физикийн хичээлийг онлайн болгож, оюутнууд төдийгүй бүхий л насныханд энэхүү хичээлийг илүү сонирхолтой, үр өгөөжтэй болгохыг зорьсон. Үүнийгээ тэнхимийн эрхлэгч Д.Улам-Оргих багшийн сургалтын арга технологид суурилж явуулах явцад “Гэрэлт самбар”-ыг бүтээсэн.
-Танай тэнхим болон МУИС-ийн багш нар энэхүү бүтээлээр цахим хичээлээ явуулж байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Олон багш нар ашигласан, мөн одоо ч ашиглаж байгаа. Хичээлийг онлайнаар ороход илүү сонирхолтой, үр бүтээлтэй байхыг бодолцож хийсэн.
-Коронавирусний цар тахалтай холбоотойгоор бүхий л шатны боловсролын үйл ажиллагаа цахимаар явж байгаа. Гэтэл эцэг, эхчүүд цахим хичээлийг төдийлөн үр дүнгүй байгаа талаар хэлдэг шүү дээ. Багш нар хичээлээ энэхүү самбарт явуулбал хүүхүүдэд илүү сонирхолтой байх нь ээ?
-Цахим хичээл нь зөвхөн багш хичээлээ заагаад сурагчдад хүрдэг зүйл биш. Энэ нь яг л кино шиг бүтдэг. Багш эхлээд хичээлээ заана. Харин түүнийг нь контент болгоно гэдэг мэргэжлийн багийн ажил. Мөн цахим хичээлийг хэрхэн ойлгомжтой байлгах уу гэдэг нь боловсрол судлалын ажил. Ингээд харахад энэ бүхэн нь бүхэл бүтэн нэг цогц ажил болж хүүхдүүдэд хүрч байна гэсэн үг л дээ. Бидний хувьд онлайн хичээлийг илүү сонирхолтой байлгахын тулд хэрэглэж буй арга хэрэгслээс “Гэрэлт самбар” нь хамгийн бест нь юм байна гэдэг шийдэлд хүрсэн. Багш нар цахим хичээлийн үед энэхүү “Гэрэлт самбар”-ыг ашиглавал өөрт хялбар байдлаар сурагчдад ойлгомжтойгоор хичээлээ явуулах бүрэн боломжтой. Учир нь, багш цаашаа хараад ногоон самбар дээр хичээл заахаар сурагчдад уйтгартай, ойлгоход бэрх санагддаг. Харин “Гэрэлт самбар”-ыг ашигласнаар багш сурагчид руугаа нүүрээ харуулаад хичээлээ заах нь илүү ойлгомжтой басхүү сонирхолтой байх юм.
-Энэхүү самбарыг ашиглаад онлайн хичээл явуулах нь үр дүнтэй байна гэсэн судалгаа байдаг болов уу?
-Байгаа. МУИС-д яг онлайн сургалтын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан багш нар байдаг. Тухайлбал манай “Багшийн хөгжил, цахим сургалтын төв”-ийн эрхлэгч багш гэрэлт самбар ашиглан цахим хичээл явуулах нь үр дүнтэй гэдгийг онцолж байсан. Энэ төвд манай гэрэлт самбар ашиглагдаж эхэлсэн байгаа. Мөн манай тэнхимийн багш нар “Гэрэлт самбар” дээр явуулсан сургалтаа туршиж үзсэн. Youtube дээр “Spenum” гэсэн хаяг үүсгэж, тус самбар дээр явуулсан хичээлээ байршуулахад маш олон хүнд хүрч, таалагдсан. Тодруулбал, энэхүү технологийг ашиглаад цахимаар хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулахад үр дүнтэй байгаа нь батлагдсан.
-Самбарыг ямар материал ашиглан хийсэн юм бол?
-Гэрэлт самбарыг олон улсад ашигладаг. Үүнийг хийх арга маш энгийн. Самбарын хувьд дотоод бүрэн ойлт буюу шилний дундуур гэрэл тусгах байдлаар хийсэн. Гэрэл нь гадаргуу дээр бичигдсэн неон үзэгний өнгийг улам тодруулж харагдуулдаг. Бид энэхүү бүтээлийг багш нар цахим орчинд хичээл заахад илүү хялбар байхыг бодолцож, олон иннавацийн шийдлийг гаргаж өгснөөрөө онцлог. Тухайлбал, математик, физик гэх мэт диаграм зурдаг хичээлүүдийг хялбар явуулах үүднээс чиглүүлэгч хийсэн. Мөн шилийг тогтоож байгаа байдал, зөөврийн авч явахад хялбар байх зэргийг бодолцож бүтээсэн.
-Самбарын гол түүхий эд болох шилээ хаанаас сонгодог юм бэ?
-Бидний олж мэдсэнээр манай улсад хоёр шилний үйлдвэр ийм шил хийдэг. Тэр газруудад захиалж хийлгэдэг. Самбарын шил нь энгийн шилийг бодвол тав дахин бэхжүүлсэн байх ёстой. Харин бэхжүүлэх явцад зам гарах, цэг тогтох зэрэг эрсдэл маш их байдаг. Мөн ихэнх шил ногоон өнгөтэй байдаг бол гэрэлт самбарын шил цагаан өнгөтэй. Хүрээний гэрэл бол энгийн туузан лед гэрэл. Мөн неон үзэг ашиглах технологитой.
-Самбарын гэрлийн цахилгаан зарцуулалт ямар байдаг бол?
-“Гэрэлт самбар”-ын гэрэл нь 12 вольтоор ажилладаг учир цахилгаан зарцуулалт маш бага. Механик хийц талаасаа олон удаа туршиж байж өнөөдрийн энэхүү бүтээлээ гаргаж авсан.
-Бусад сургуулийн захиргаа болон багш нар сонирхоод захиалбал та бүхэн хийж, үйлдвэрлэх боломж байгаа болов уу?
-Энэхүү бүтээлийг "Монгол тэмүүлэл" сургууль сургалтын үйл ажиллагаандаа ашигласан. Мөн цахим орчинд байршуулж, багш нар мэдээлэл авснаар бидэнтэй холбогдож захиалах болсон. Хэрэв тухайн сургууль, багш нар сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэхийг хүсвэл Монгол Улсын Их сургууль болон фэйсбүүк дэхь “Spenum” гэсэн хаягаар захиалах боломжтой.
-Самбарын нэг бүрийн өртөг ямар байдаг бол?
-Зөөврийн шилэн самбарын хувьд зах зээлд худалдах үнэ нь 290 мянган төгрөг гэж тогтоосон. Учир нь, бүтээгдэхүүн хийж байгаа хамгийн гол өртөг нь шилэнд байдаг. Үйлдвэрүүддээ очоод шилээ хийлгэх гэхээр шилний дотор нь гэрэл тусгахаар нүдэнд үл үзэгдэх цэг, алдаанууд байдаг. Тиймээс самбарын нэг нүүрийг хийхийн тулд 4-5 удаа захиалж хийлгэх тохиолдол ч байдаг. Энэ нь эцсийн бүтээгдэхүүни үнэд нөлөөлдөг учир дээрх өртгөөр самбарын үнээ тогтоосон.
-Ярилцсанд баярлалаа.
Гэрэлт самбар дээр явуулж буй хичээлийг хүргэж байна.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)