Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор УОК-ын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар тушаалаар нийслэлд хөдөлгөөн зохицуулах түр журам баталсан.
Энэхүү журамд заасны дагуу үйл ажиллагааг нь хязгаарлаагүй төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, хүнс худалдаа үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхэлдэг нийт 14515 байгууллага хүсэлт ирүүлсний дагуу тээврийн хэрэгслүүдэд нь олгосон байна.
2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр “Цайдам трейд” ХК-ийн ажилтан МҮОНРТ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр “Манай байгууллагад нэг ч QR код олгохгүй, одоог хүртэл аваагүй байна” гэсэн мэдээллийг шалгахад тухайн байгууллагын хүсэлтийг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 7692 УАК, 9231 УБУ, 6593 УБВ дугаартай гурван тээврийн хэрэгсэлд олгосон гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Мөн иргэд, аж ахуйн нэгжийг олон нийтийн цахим сүлжээгээр худал мэдээлэл тараахгүй байх, байгууллагын эзэмшлийн бүртгэлээр Smart.mn-ээр орж бүртгэлээ хянах, гол нь QR кодын зөвшөөрлийг бусдад дамжуулахгүй, цагийн хязгаарлалт зөрчихгүй, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
У.Тэргэл