БАРИМТ 1
Намайг сураггүй боллоо. Алга боллоо гэх юм. Би ажлаа хийгээд суурин байгаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа дүгнэж, хийх ажлаа төлөвлөх гээд өдөр тутмын ажлууд бас бишгүй л байна.
БАРИМТ 2
2020 оны нэгдүгээр сарын 23-нд бид хилээ хааж зохих арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч эхэлсэн. Энэ бол маш чухал алхам болсон.
БАРИМТ 3
Үүний үр дүнд дэлхий нийтээрээ барьц алдан хямарч байхад бид 10 сар дотооддоо коронавирусний халдвар алдалгүй барьж чадсан юм.Тэр үед дэлхийд вакцин гарах нь битгий хэл амны маск ч олдохгүй, олон мянгаараа амь насаа алдаж, хүн төрөлхтөн яах учраа олохгүй сөхөрч байсан үе шүү дээ.
БАРИМТ 4
Хэрвээ бид 10 сарын өмнө цар тахлыг дотооддоо алдсан бол өнөөдөр манай улс ямар нөхцөл байдалд байх байсан бол гэж бодохоор аймшигтай санагддаг.
БАРИМТ 5
Энэ 10 сарын хугацаанд эмнэлгүүдээ өргөтгөж, эмч, эмнэлгийн ажилтнуудаа бэлтгэж, хоёр ч шинэ эмнэлгийг ашиглалтад оруулж, эм тариа, тоног төхөөрөмжийн зохих нөөцийг бэлтгэж амжсан.
БАРИМТ 6
Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар нийт хүн амаа вакцинжуулж байгаа үзүүлэлтээр манай улс Ази тивдээ Бахрейн, Саудын Араб, Сингапур, Катар, Монгол гээд эхний тавд явж байна.
БАРИМТ 7
Шуудхан хэлчихье. улс орон цар тахалтай тэмцэж байхад, улс төрийн цар тахал дээрээс нь нэмэгдвэл энэ улс орон юу болох вэ. Гэхдээ л намайг ажлаа өгч байхад нөхцөл байдал хэцүү байсан.
БАРИМТ 8
Тэр үед цагдаа, тагнуулын байгууллагаас надад тодорхой мэдээллүүдийг өгч байсан. Дараалсан улс төрийн жагсаал цуглаан, өлсгөлөн суулт, үймээн самуун зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар.
БАРИМТ 9
Харамсалтай нь, энэ бүхэнд Ерөнхийлөгчийн албатууд, сөрөг хүчнийхэн маань оролцсон нь асуудлыг улам төвөгтэй байдал руу оруулсан юм.
БАРИМТ 10
Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төрийн “бай” нь ч би болж таарсан байх. Цар тахал дээр улс төр хийж, УОК,Засгийн газрыг огцруулах, дараа нь УИХ-ыг тараах тэгээд нэг хүний засаглал тогтоох гэсэн шат дараалсан үйл явдлууд төлөвлөсөн байсан.
БАРИМТ 11
Өнөөдөр болж байгаа улс төрийн үйл явдлаар энэ бүхэн нотлогдож байгааг ард түмэн маань харж байгаа байх. Ийм нөхцөл байдалд шахаанд орсон Засгийн газар хэвийн ажиллана гэдэг туйлын хүнд. Энэ үед надад хоёрхон сонголт үлдсэн.
БАРИМТ 12
Нэгдүгээрт, цар тахлын хүнд нөхцөлд тэдний зохиосон зохиолын дагуу хэдэн сайд нараа ээлж дараалан огцруулж, Засгийн газрыг ажиллах чадамжгүй болгон цаашлаад улс орноо тогтворгүй байдал руу оруулж самралцах.
БАРИМТ 13
Эсвэл өөр дээрээ гал авч, шинэ Засгийн газрыг яаралтай байгуулан цар тахалтай тэмцэх ажлыг хэвийн үргэлжлүүлэх гэсэн сонголт л байсан.
БАРИМТ 14
Эцэст нь хэлэхэд, би тэдний тавьсан урхинд орж, улс төрийн зохиолынх нь дагуу явдаг ч хүн биш, хариуцлагаас зугтдаг ч хүн биш.
БАРИМТ 15
Би ажлаа үргэлжлүүлнэ. Надад итгэсэн иргэдийнхээ итгэлийг би эхлүүлсэн ажлуудаа дуусгаж хариулах болно. Ийм их итгэл найдвар, ачаа үүрчихээд би хаашаа явах билээ. Улстөрч хүний замд нэг ухраад хоёр урагшлах хүндхэн сорилт тулгарсан гэж ойлгоорой.
БАРИМТ 16
Бидэнд хийсэн ажил чамгүй боловч хийж дуусгах ажил түүнээс ч их байна. Бид хожим ард түмнээрээ дүнгээ тавиулна. Би УИХ-ын танхимд хэлж байсан. “Шударга ёсны төлөө тэмцэлд үргэлжлэл бий” гэж. Би хэлсэндээ хүрч эхлүүлсэн ажлаа дуусгана.
БАРИМТ 17
Надад хэлэх үгнүүд байгаа. Гэхдээ энэ цар тахлын хүнд үед улс төр ярьж, гал дээр тос нэмж олон түмнээ бухимдуулж болохгүй. Яг үнэндээ өнөөдөр ард иргэдэд улс төрийн хэл ам, хэрүүл тэмцэл чухал биш.У.Хүрэлсүх, Х.Баттулга, Ардын нам, Ардчилсан нам ч сонин биш байна.
БАРИМТ 18
Өнөөдөр энэ цар тахал, эдийн засгийн хямралыг хохирол багатай хэрхэн яаж давж гарах вэ, ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ яаж ажилтай орлоготой байлгах вэ, хэвийн амьдралдаа яаж хурдан эргэн орох вэ гэдэг асуудал туйлын чухал байна.
БАРИМТ 19
Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Догсомын Бодоо, Солийн Данзан, Юмжаагийн Цэдэнбал зэрэг эх орончид, бидний өвөг дээдсийн цусаа урсгаж, хөлсөө дуслуулж байгуулсан, тусгаар тогтносон төр улсынхаа 100 жилийн түүх рүү улсын Ерөнхийлөгч хүн хүндэтгэлгүй хандсанд их л харамссан.
БАРИМТ 20
Хэрэв МАН-ыг татан буулгана гэвэл Монголын ардчилал, Монголын эрх чөлөөт нийгэм нуран унаж, нэг хүний дарангуйлал тогтох байх. Харин манай ард түмэн тайван замаар олж авсан энэхүү ардчиллаа нүдний цөцгий мэт хамгаалах ёстой юм шүү.
БАРИМТ 21
МАН 100 жил, АН 30 жилийн түүхтэй шүү дээ. Манай нам ч 10-аад жилийн өмнө энэ зовлонг үзсэн. Ардчилсан нам энэ зовлонг бүү давтаасай гэж би чин сэтгэлээсээ хүсч байна. Одоо бид хүний өөрийнгүй эвдэрч хэмхрэх биш, эвлэлдэн нэгдэх цаг болсон шүү. Эвт шаазгай буга барина гэж ардын сайхан үг байдаг даа.
БАРИМТ 22
Монголд өнөөдөр дарангуйлал тогтох ямар ч боломжгүй. Монголын ард түмэн тэгж дарлуулаад байдаг ч ард түмэн биш.Нэг намын дарангуйлалд орох гэж байна гэсэн хиймэл айдас үүсгэж улс төр хийх явдал байсаар л ирсэн. Үүнийг ард түмэн ялгаж салгаж ойлгодог болсон.
БАРИМТ 23
Ер нь бид нэг зүйлийг маш сайн бодох ёстой. Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хамгийн чухал үүрэг бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх явдал юм. Түүнээс сөрөг хүчний үүрэг гүйцэтгэгч байж огт болохгүй. Аль нэг намын Ерөнхийлөгч байж бүр ч болохгүй.
БАРИМТ 24
Эцэст нь хэлэхэд, цар тахлын амаргүй цаг үед ажиллаж байгаа Засгийн газрын ажлыг элдэв улс төргүйгээр тайван хийлгэх нь туйлын чухал байна. Цар тахал, өвчин зовлон, ялангуяа вакцинжуулалтыг улстөржүүлж огт болохгүй. Ард түмний амь нас, аюулгүй байдалтай холбоотой эмзэг асуудал шүү.
Сэтгэгдэл (296)