БАРИМТ 1
Шадар сайд С.Амарсайхан: Хөл хориог дахин 14 хоног сунгахаар боллоо. Хөл хориог тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Учир нь халдвар нэмэгдсээр байна.
БАРИМТ 2
Түүнээс гадна коронавирусний мутацид орсон төрөл Турк улсаас манай улсад зөөвөрлөгдсөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн. Үүнийг Английн мутацид орсон хувилбар гэж таамаглаж байна.
БАРИМТ 3
Засгийн газраас цар тахлын үед иргэддээ дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа. ААН-үүдийн дэмжлэгийн тухайд эрчим хүч, ус, дулаанаас чөлөөлөх, 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжиж байна. Эдгээр шийдвэр үргэлжлээд явна. Харин энэ удаад иргэд аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх асуудал яригдаагүй.
БАРИМТ 4
Хавар, бүтээн байгуулалтын ажил ид өрнөх урин цаг эхэлж байгаа ч хөл хорио тогтоохоос аргагүй байна. Эдийн засаг, нийгмийн асуудлыг бүх чиглэлээр зогсоохгүй байх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.
БАРИМТ 5
Хатуу хөл хорионы дэглэм, хэрэгжилт, хяналтыг чангатгана. Төрийн албан хаагчид ялангуяа эрүүл мэндийн салбарынхан 24 цаг ээлжээр ажиллаж байна. Хүн хүч үнэхээр дутагдаж байгаа ч бүх хүч нөөцөө дайчлан ажиллаж байгаа. Цагдаа, эмч, гааль гэх мэт салбарын ачаалалтай ажиллаж байгаа хүмүүсийн хоол хүнс, унааны зардлыг яам, агентлагийн удирдлагууд төсвийн зохицуулалтдаа оруулж шийдвэрлэхийг чиглэл болгосон. Илүү цагийн мөнгийг нь тухайн яам агентлаг нь олгох ёстой. Зарим газарт олгогдож, заримд нь олгогдохгүй байгаа учраас холбогдох албан даалгаврууд өгөгдөж байгаа.
БАРИМТ 6
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр: Вирус мутацид орсон эсэхийг "whole genome sequencing" аргачлалаар албан ёсоор тодорхойлж, зарладаг. Цаг хугацаа хэмнэх зорилгоор зарим газрын санал болгосноор PCR-т суурилан мутацид орсон хувилбарыг илрүүлэх шинжилгээг хийсэн. Ингэхдээ 33 сорьцыг хамруулахад Турк улсаас ирсэн гурван иргэнд "UK varient" буюу Британи хувилбар байна гэж гарсан. Эдгээр иргэн Турк улсаас ирээд 10 орчим хонож байгаа. Тэд ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
БАРИМТ 7
Хүн амын дунд хийсэн судалгаанаас нэг гэр бүлийн хоёр хүнд мутацилагдсан хувилбар илэрсэн. Бусад хүнд нийтлэг хэлбэр илэрсэн. Өнөөдрийн байдлаар өргөн хүрээнд тархсан гэж хэлэх үндэслэлгүй бөгөөд "whole genome sequencing" хийж байж баталгаажуулна.
БАРИМТ 8
Британи хувилбар нь хэдийгээр тархалтын хурд их, хүндрэх магадлал өндөр ч хийх эмчилгээ, баримтлах дэглэм адилхан. Тиймээс халдварын дэглэмээ сайн баривал энэ вирусээс сэргийлэх бүрэн боломжтой.
БАРИМТ 9
Коронавирусний эсрэг манай улсад ашиглаж байгаа вакцинууд мутацид орсон хувилбарт үйлчлэхгүй гэсэн судалгаа байхгүй.
БАРИМТ 10
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Өнгөрсөн 14 хоногт халдварын эрчим буурсан гэж судлаачид үзэж байгаа. Өдөрт батлагдаж байгаа тохиолдлууд мянгаас дээш гарч байгаа шалтгаан нь ойрын хавьтлууд дундаас илэрч байгаа юм.
БАРИМТ 11
Хөл хорио бол маш их үр дүнтэй. Ингэснээр албан байгууллага, олон нийтийн газар гарах тархалтыг тодорхой хэмжээнд хумьдаг. Хөл хорио тавиагүй байсан бол халдварын тохиолдлын тоо өдөрт 3000 давах байсан. Үүнийг дагаад нас баралт ихэснэ.
БАРИМТ 12
Цар тахлын улмаас нас барсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Нас барсан тохиолдлуудын дийлэнх хувь нь суурь болон хавсарсан өвчтэй хүмүүс байсан.
БАРИМТ 13
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавирусний халдвараар өвчилсөн хүмүүсийн тавны нэг нь хүүхдүүд.
БАРИМТ 14
Тодруулбал 5408 хүүхэд коронавирусний халдвараар өвчилсөн бөгөөд 1725 хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна.
БАРИМТ 15
Хүүхдүүдийн биеийн байдал, эмнэлзүйн шинж тэмдгээс шалтгаалан эмчилгээний арга барил харилцан адилгүй байгаа. Хүүхдүүдэд эмнэлзүйн шинж тэмдэг бага илэрч байна.
БАРИМТ 16
Хүнд болон хүндэвтэр хүүхдүүдэд вирусний эсрэг эмчилгээг хийж байна. Одоогоор ЭХЭМҮТ буюу бидний нэрлэж заншсанаар Эх нялхсын төвд хүндэрсэн хүүхдүүдийг авч, эмчилгээг үргэлжлүүлж байна.
БАРИМТ 17
Сонсголонд байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд 180 ор дэлгэж, бэлтгэл байдлаа хангасан. Эхнээсээ хүүхдүүдээ аваад эмчилгээ, тусламж үзүүлж байгаа.
БАРИМТ 18
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр: Хөл хорио тогтоохоос өмнөх хоногуудад тохиолдлын тоо тав хоног тутамд хоёр дахин нэмэгдэж байсан. Хөл хорио тогтоосноор өдөрт 3000-4000 болох байснаас сэргийлж чадсан.
БАРИМТ 19
Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "Карантин 14" шоуны нэвтрүүлэгт Засгийн газар, УОК буюу татвар төлөгчдийн нэг ч төгрөг байхгүй. Засгийн газрын хөрөнгө оруулалт, төсвийг УИХ баталдаг, аудит хянадаг. Телевизүүдийн удирдлагууд мэдэгдэл гаргасан байсан. Долоон телевиз хамтран энэ нэвтрүүлгийг хийж байгаа. Үндэсний татвар төлөгч томоохон компаниуд санхүүжүүлж байгаа. Карантины үед иргэд үзэх харах зүйлтэй байх ёстой гэдэг зорилгоор хийж байгаа.
БАРИМТ 20
Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Ж.Амгалан: Монгол Улс дэлхийн жишгийн дагуу "ногоон", "шар", "улбар шар", "улаан" түвшинд шилжин ажиллаж байгаа. Энэ удаа "улаан" түвшинд шилжсэн.
БАРИМТ 21
Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын хавсралтад "улаан" түвшингийн үед хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага дурдагдсан. Гэхдээ үүнийг дагаад машин болон явганы хөдөлгөөн их байгаа тул дахин зохицуулалт хийх шаардлага үүссэн.
БАРИМТ 22
Иргэд өмнөх хатуу хөл хорионы түвшин шиг энэ удаагийнхыг төсөөлж байсан байх. Гэтэл өмнөх шиг түвшинд хүрэхгүй байгаа болохоор халдварын хумилт шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байгаа юм.
БАРИМТ 23
Иймд холбогдох судалгааг дахин хийж, "улаан" түвшингийн үед хязгаарлагдаагүй байгууллагуудын үйл ажиллагаанд дахин зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, цаашид хөл хориог нэлээд хатуу болгож, тодорхой зохицуулалт хийнэ.
БАРИМТ 24
Цар тахлын үед тангараг өргөсөн төрийн албан хаагчид үүргээ гүйцэтгэж байгаа. Мөрдөгддөг цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа ба цагдаагийн байгууллагынхан гурван ээлжээр явж байгаа байх. Төрийн албан хаагчдыг татаж оролцуулах ажил зохион байгуулагдахгүй. Энэ талаарх асуудал өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулагдсан.
Сэтгэгдэл (4)