ЭШЛЭЛ 1
Төрийн байгууллага, нийтийн албан тушаалтнуудыг МАН-ын үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргасан, улмаар МАН-ын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг сулруулсан, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн зүй бус үйл ажиллагааг явуулж, өөрийн намыг цэрэгжсэн бүтэцтэй болгон хэлбэржүүлж байгааг тогтоон, энэ намын үйл ажиллагааг даруй таслан зогсоох шаардлага үүссэнийг Та бүхэндээ хариуцлагатайгаар мэдэгдсэн.
ЭШЛЭЛ 2
Монгол ардын намын энэхүү хууль бус дарангуйлал нь төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг гажуудуулах, хараат бус байдлыг нь бүрэн алдагдуулах, цэрэгжсэн бүтцээрээ дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийх, санал хураалтыг будилуулах, санал худалдан авах ажлыг гүйцэтгэх зэрэг ноцтой нөхцөл үүсгэж буй бөгөөд энэ нь улс төрийн намын хэрхэвч хийж болохгүй хориотой үйл ажиллагаа юм.
ЭШЛЭЛ 3
Монгол ардын намыг тараах нөхцөл бүрдсэнийг нотлон зарлаж, Улсын Дээд шүүхэд хүргүүлэхээр захирамжилсан болно.
ЭШЛЭЛ 4
Монгол ардын намын зүгээс намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүйг ихэд хичээн явуулж байгаа ядмаг үйл ажиллагаанд энэ шийдвэр огт хамааралгүй бөгөөд тэдний энэ арчаагүй үйл ажиллагаа Улс Монголынхоо төлөө зүтгэх миний цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй гэдгийг мөн онцлон дурдах байна. Нэр дэвших, дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл юм.
ЭШЛЭЛ 5
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмыг элдвээр мушгин, дур зоргын байдлаар тайлбарлаж, салбар хуулиудаараа зөрчин гажуудуулах явдал түгээмэл болсноор “ард түмний засаглах эрх алдагдаж, байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртэж зохистойгоор ашиглах бодлого алдарч, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах ёстой улс төрийн намууд ашиг сонирхлоор хэлхэлдсэн гэмт бүлэглэл мэт болон хувирч, иргэдийн сонгох эрх, саналыг худалдан авдаг, одоо бүр дээрэмдэн авдаг болох замаар төрийн өндөр албан тушаалд очдог, ингэж очсон албан тушаалаа хувийн шунахай зорилгодоо ашигладаг явдлыг энгийн үзэгдэл мэт болгон гааруулж, төрийн бодлого тодорхойлогчид ард түмний амьдрал, эрүүл мэндийг бодохоос илүүтэй сонгуульд чиглэсэн өчүүхэн эрх ашгийн хүрээнд явцуу зорилгоо гүйцэлдүүлэн ажилладаг болтлоо ялзран доройтоод байна.
ЭШЛЭЛ 6
Эрх баригч Монгол ардын нам Үндсэн хуулийн энэ эерэг өөрчлөлтийг ердийн хуулиудаар төгөлдөржүүлэн батжуулахын оронд төрийн эрх мэдлийг хуваарилсан Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж, намынхаа удирдах зөвлөлөөс авсан чиглэлээр хууль тогтоодог байдлыг үргэлжлүүлэн, ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг үгүйсгэх боллоо.
ЭШЛЭЛ 7
Үүгээр ч зогсохгүй, шүүх эрх мэдлийг намынхаа хяналт удирдлага, нөлөөнд авах, Үндсэн хуулийг чандлан сахиулах үүрэгтэй Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг алдагдуулж, Цэцийн гишүүдийг намынхаа илт нөлөөллөөр томилох, чөлөөлөх, үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлэх ажлыг ил тодоор, ичих эмээхгүйгээр хийж байна.
ЭШЛЭЛ 8
Монгол ардын нам нутгийн өөрөө удирдах ёсыг алдагдуулах, орон нутгийн иргэдийн эрхийг хураах, үндэсний аюулгүй байдалд бүрэн хамаарах авлигын гэмт хэргийг мөрдөн шалгаж хараат бусаар ажиллах үүрэг хүлээсэн төрийн тусгай байгууллага, Авлигатай тэмцэх газрын удирдлагын томилгоог намынхаа даргын мэдэлд шууд шилжүүлэх зэрэг увайгүй үйлдэл, ажиллагааг явуулах болсон.
ЭШЛЭЛ 9
Тэд Монголын ард түмнийг өөрийн намын гишүүн-дэмжигч мөн, биш эсэхээр нь ялгаварлан төрийн үйлчилгээг ялгавартай хүргэх, намынхаа гишүүдэд гадаадад сурах тэтгэлгийг тусгайлан олгох зэрэг бусармаг бодлогыг эрээ цээргүй ил тодоор хэрэгжүүлж байгаа нь олон нийтэд тодорхой, ил болоод байна. Эдгээр нь Монгол ардын намыг тараах гол үндэслэл мөн гэдгийг иргэд Та бүхэнд дахин сонордуулж байна.
ЭШЛЭЛ 10
Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчид ээ, Та бүхний эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо нэгтгэх, улс орныхоо төлөө зүтгэх үндсэн эрх, эрх чөлөөг миний бие гүнээ хүндэтгэн, талархан дэмжиж байна.
ЭШЛЭЛ 11
Харин Та бүхний итгэл, дэмжлэг, сонголтод тулгуурлаж эрх мэдэлд хүрсэн цөөн хэдэн хүмүүс Та бүхний итгэл, үнэмшлийг завхруулж, төрийн эрх мэдлийг намын эрх мэдэл болгон хувиргаж, хуулийг ноцтойгоор зөрчих замаар Үндсэн хуульт тогтолцоог эвдэн, дангаар ноёрхлыг дархлахаар завдан байгааг таслан зогсоохоос өөр аргагүйд хүрлээ. Энэ бол Монголын ард түмнээс надад хуулиар хүлээлгэсэн үүрэг, мөн хариуцлага юм.
ЭШЛЭЛ 12
Монгол ардын намын жирийн гишүүд Та бүхэн улс орондоо тэгш хөгжил авчрах, Үндсэн хуульт ёсыг хамгаалан бэхжүүлэхийн тулд нэгдэж, улс төрийн үзэл санаа, үнэт зүйлээ дээдэлсэн, гишүүдийнхээ оролцоо, хяналтыг бүрэн хэрэгжүүлдэг орчин цагийн улс төрийн намыг дахин зохион байгуулах, сэргээн босгоход хүчээ нэгтгэх цаг иржээ.
ЭШЛЭЛ 13
Энэ бол Монгол ардын намын жирийн гишүүд, эрүүл хэсгийнхэнд түүхээр олгогдож байгаа хариуцлага, үүрэг юм шүү. Та бүхэн Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн замыг засаж, ардчиллын гажуудлыг арилган шулуутгах түүхэн үйл явцыг бүтээгчид гэдэгтээ итгэл төгс байж, Монгол ардын намыг тараах миний шийдвэрийг хүндээр хүлээж авахгүй байхыг Та бүхэнд уриалж байна.
ЭШЛЭЛ 14
Монгол ардын намыг тарааснаар хэдхэн бусармаг удирдагчдын дангаар, хязгааргүй ноёрхлын “чөтгөрийн тойрог”, “аалзны тор” гэж нэрлэгдсэн сүлжээнээс ангижран салж, төр улс, эх орон, үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө зүтгээсэй гэж Та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна. Та бүхний өмнө шинэ, шударга, ардчилсан, гишүүдийнхээ болон ард түмний эрх ашгийг дээдэлсэн шинэ намыг эмхлэн байгуулах өргөн боломж, хэтийн төлөв нээгдэж байна.
ЭШЛЭЛ 15
Би Монгол Улсын төрийн тэргүүний хувьд Та бүхнийг, Монгол төрд зүтгэж байгаа хүн бүрийг төрийн дээр, хуулийн дээр заларч “хаанчилж” байгаа Монгол ардын намын удирдлагын дарангуйллаас ангижруулахыг зорилоо.
ЭШЛЭЛ 16
Үндсэн хуулиа дээдлэн сахиж хамгаалах, гагцхүү хуульд захирагдан ажиллах боломжийг бүрэн олгохоор зорилоо. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргээ нийт ард түмний өмнө нэр төртэйгөөр гүйцэтгэх эрхэм үйл хэргийн чинь үүдийг нээж өгөхийг зорилоо.
ЭШЛЭЛ 17
Монгол ардын намыг тараах хуулиар тогтоосон нөхцөл, шаардлага бүрэн бүрдсэнийг тогтоосноо ийнхүү дахин нотолж, зарлаж байна.
ЭШЛЭЛ 18
Би ард түмэндээ үйлчлэх тангарагтай хүн. Монгол ардын намыг хуулийн дагуу тараах нь хуулийг дээдэлж байгаа үйлдэл, өргөсөн тангаргаа сахиж байгаа ариун хэрэг мөн.
ЭШЛЭЛ 19
Монгол Улсын төрийн алба Монгол Ардын намын дарлалд ороогүй, эрхшээл нөлөөнд нь автаагүй бол Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллага болон бусад тусгай албад үүнийг хариуцаж, улс төрийн намын хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг нэг бүрээр нь шалгаж, тогтоох учиртай.
ЭШЛЭЛ 20
Төрийн тэргүүн өөрийн үйл ажиллагааны хүрээнд тогтоож нотлон хүргүүлж байгаа баримт, материалыг Улсын дээд шүүх нэн хариуцлагатайгаар хүлээн авч, хуулийн хугацаандаа зохих шийдвэрийг гаргана гэж найдаж байна.
ЭШЛЭЛ 21
Монгол Ардын намыг тараах шийдвэр гаргах Улсын дээд шүүхийн үүргийг Үндсэн хуулиар хамгаалсан, хэн ч хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр хуульчилсан шүүх эрх мэдлийн “шүүн таслах” үйл ажиллагаатай холбож мушгих шаардлагагүй, тийм боломж ч байхгүй гэдгийг эрс хатуу сануулж байна.
ЭШЛЭЛ 22
Бидний дотоод асуудал, үүний дотор ард түмний өмч болсон байгалийн баялгийг эрх мэдэл, авлига, ашиг сонирхлоороо сүлбэлдэж, намаараа холбогдсон гэмт бүлэглэл хууль бусаар эзэмшдэг, худалддаг, үр өгөөжийг нь цөөхүүлээ шимэгчлэн хүртдэг, албан тушаалын эрх мэдлийг хувийн шунахай зорилгодоо ашигладаг, худалддаг, авлигыг өөгшүүлдэг, татвар төлөгчдийн мөнгийг бүлэглэн зувчуулдаг, эрх мэдлээ хадгалах, үргэлжлүүлэх явцуу зорилгоор үрэн таран хийдэг, иргэдийн боломж, нийтийн өмч хөрөнгийг хулгайлдаг, оффшор бүсэд гаргаж нуудаг зэрэг бусармаг явдал, үүнийг дэвэргэн өдөөдөг гадаад, дотоодын зүй бус нөлөөлөл л бидний зовлонгийн үүдийг нээж, улс орон минь сулран доройтохын үндэс болж байна.
ЭШЛЭЛ 23
Энэхүү алдаа, завхралын эх уурхай, үндэс болсон Монгол ардын намыг тарааж, олон намт ардчилсан тогтолцоогоо баталгаажуулж, өргөн олныг хязгааргүй дарлах гэсэн адал балмад ажиллагааг таслан зогсоож, Үндсэн хуульт ёсоо бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилал, хөгжлийн замналаа өнөөдрөөс эрчимжүүлье. Монгол Улс өнөөдөр улс төр, эдийн засаг, нийгмийн болон оюун санааны гүн гүнзгий хямралд орсны гол буруутан нь Монгол ардын нам мөн.
ЭШЛЭЛ 24
Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших 29 жилийн 21 жилд нь Монгол ардын нам дангаар төрийн эрхийг барьж, төрийн байгууллагуудыг удирджээ. Үр дүн нь улсын өнөөгийн байдал, таны ахуй амьдрал, эрүүл мэнд юм. Монгол ардын нам үүнийг хэнтэй ч хуваалцах, буруугаа бусад руу чихэх эрхгүй. Монголчууд мөнх төрийнхөө дээр улс төрийн намыг залах учиргүй. Үүний тулд нийтээрээ нэгдэн нягтрах, Монгол төрөө хамгаалах цаг иржээ. Монгол төрийг нэг намын дарлалаас чөлөөлж, хамгаалахад монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болоод байна.
Сэтгэгдэл (14)