Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МАН-ыг тараах тухай захирамж гаргаж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл уг асуудлаар МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Эрүүгийн хууль зэрэг арав гаруй хууль, тогтоомжийг зөрчиж байна. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, шүүхийн хараат бус байдалд нөлөөлж хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн ардчиллын үнэт зүйлийг алдагдуулсан үйлдэл юм.
Үндэсний эв нэгдлийг хангах үүрэгтэй Ерөнхийлөгч Үндсэн хуулийн хүрээнээс хальж шүүхийг захирамжлан удирдах, улс төрийн намыг тараах бүрэн эрхтэй мэт аяглалаа.
Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд төрийн тэргүүний үүргээ биелүүлж, үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хуульд захирагдан ажиллахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардаж байна. Аливаа улс төрийн намыг тараах замаар парламентын ардчилсан тогтолцоог бусниулан төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдаж, дарангуйлал тогтоох гэсэн гэмт үйлдлийн эсрэг нэгдэхийг улс төрийн бусад намуудад уриалж байна.
Монголчууд бид цар тахалтай бүх нийтээрээ тэмцэж байгаа эгзэгтэй цаг үед аливаа хууль бус, өдөөн хатгасан, зохион байгуулттай явууллагад автахгүй байхыг нийт ард иргэддээ уриалж байна” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (5)