Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдвар эрчимтэй нэмэгдэж, олон иргэн эл халдварын улмаас амь насаа алдаж буй харамсалтай мэдээтэй монголчууд нүүр тулаад байгаа билээ.
Үүсээд буй нөхцөл байдал, иргэдий амь нас эрсэдсээр байгаад Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан эмгэнэл илэрхийллээ.
Тэрбээр "Нөхцөл байдал үнэхээр амаргүй байна. Өдөр ирэх тусам халдварын тоо нэмэгдэж, тэр хэрээрээ хүндэрч, амь насаа алдах иргэдийн тоо нэмэгдэж байна. Монголчууд бид цөөхүүлээ цаашид нэг ч гэсэн иргэнээ алдмааргүй байна. Цар тахлын улмаас амь насаа алдсан албан хаагчид, ард иргэдийнхээ гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
Энэ өвчин хэнийг ч тойрохгүй, ямар ч байдлаар хэн ч халдаж, хэний ч амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байна гэдгийг энэ цаг үе бидэнд улам бүр харуулж байна. Тиймээс иргэн та гэрээсээ гарахгүй байж, хүүхэд багачуудаа ч гэрээс нь гаргахгүй байж нийт ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого шийдвэрийг дэмжиж өндөр хариуцлагатай байхыг та бүхнээсээ хичээнгүй хүсье. Энэ сарын 25-ны өдрөөс вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлнэ.
Монгол Улсын Засгийн газар, УОК, төрийн холбогдох байгууллагаууд бүхий л шаардлагатай ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байх болно. Амаргүй энэ цаг үед монголчууд та бид эв нэгдэл, харилцан ойлголцол, хамтын ажиллагаагаараа цар тахлыг даван туулж, эх цагийг хамтдаа авч ирэх болно" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (28)