ҮСХ-оос өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2021 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 2.9 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 2.6 их наяд төгрөг байна. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 91.4 хувийг эзэлж байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2.7 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 96.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2021 оны 3 дугаар сард 1.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 38.8 (4.0%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 295.8 (42.0%) тэрбум төгрөгөөр өсөж, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 983.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 28.0 (2.9%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 123.3 (14.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2021 оны 3 дугаар сард 16.5 тэрбум төгрөгийн ашигтай гарч, өмнөх сараас 10.8 (2.9 дахин) тэрбум төгрөг өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн орлогын 83.5 хувийг татварын орлого, 7.9 хувийг татварын бус орлого, 3.9 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 4.8 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус эзэлж байна. Татварын нийт орлого 2021 оны эхний 3 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 489.0 (25.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд нийгмийн даатгалын орлого 2.8 (0.6%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч нэмэгдсэн өртгийн албан татвар 258.6 (65.8%) тэрбум төгрөг, орлогын албан татвар 104.4 (19.1%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 32.7 (18.2%) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 30.8 (20.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Татварын нийт орлого 2021 оны 3 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 924.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 52.1 (6.0%) тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 175.9 (49.3%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч нэмэгдсэн өртгийн албан татвар 71.8 (35.0%) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 46.1 (2.4 дахин) тэрбум төгрөг, онцгой албан татварын орлого 30.8 (52.1%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 30.7 (20.2%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 27.3 (47.2%) тэрбум төгрөг, хөрөнгийн албан татварын орлого 21.3 (3.4 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.