Өөрийгөө рекламдаад байдаггүй, тийм болохоор олон нийтээс тэр болгон магтаал сонсдоггүй улстөрч бол З.Энхболд. Түүний өнгөрсөн хугацаанд явж ирсэн улс төрийн зам нь тийм ч дардан биш. Гэхдээ Монголын төрийн хамгийн өндөр, хууль тогтоох байгууллагыг удирдаж байв. Сул улстөрч ийм амжилтад хүрдэггүй. Хамгийн гол нь З.Энхболдын яхир гэмээр араншин улс төрийн шинжтэй томоохон шийдвэр дээр илэрдэг. Ардчиллын эхний жилүүдэд ТӨХ-нд байхдаа "Эрдэнэт"-ийг бүлэглэлийн савраас аварч байлаа.
УИХ-ын дарга байхдаа Тавантолгойг алдчихалгүй үлдээхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Харин хоёр жилийн өмнө Үндсэн хууль өөрчлөгдөхөд "Үндсэн хууль өөрчлөгдсөн байхад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулаад байх нь зохимжгүй" гээд хэрэгжих хугацааг нь наашлуулж байв. Үүнээсээ болоод зарим нэг хүнд адлуулж л байна. Гэхдээ тэр урьдынх шигээ зарчим дээрээ зогсжээ. Элдэв тайлбаргүйгээр 2019 оны есдүгээр сарын 7-ны УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны протоколоос харъя л даа. Тэр хуралдаан дээр Байнгын хорооны дарга С.Бямбацогт “ЕТГ-ын дарга ирсэн байна.
Нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн бүрэн эрх, Ерөнхийлөгчид тавих шалгууртай холбоотой өөрчлөлт бас явж байгаа. Төслөөр бол 2025 оны долдугаар сарын 1-нээс үйлчилнэ гэж байсан. Ажлын хэсэг дээр бол 2021 оны долдугаар сарын 1 байвал яасан юм бэ гэж ярьсан. Өөр байдлаар бас томъёолоод шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор шинэ Үндсэн хуулийн орчинд Ерөнхийлөгчийн сонгууль явах ёстой байх гэдэг саналууд яригдсан. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн байр суурийг сонсъё гэсэн юм” гэхэд ЕТГ-ын дарга З.Энхболд “...Анх санаачлахдаа 2025 он байсныг 2021 болгох гэж байгаа юм байна, тийм ээ. Энэ ингэх нь зүйтэй л дээ. Яагаад гэхээр Үндсэн хууль өөрчлөгдсөн байдаг. Дахиад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулаад байх нь зохимжгүй учраас 2021 он болгох нь зүйтэй. Гэхдээ техникийн хувьд ийм хүндрэлүүд гарна, үүнийг ажлын хэсэг, Байнгын хороо, УИХ харгалзаж үзэхгүй бол болохгүй. Түүнийгээ шинэ сонгуулиас хойш мөрдөнө гэхээр өмнө нь явах, 2021 оны тавдугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө шинэ хуулиар явах ёстой. Тэр шинэ хуулиа гаргахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр тэр өдрөөс эхэлж мөрдөж болохгүй.
Ядаж жилийн өмнө, хагас жилийн өмнө мөрдөхгүй болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа “Зургаан жилд нэг удаа” гэдгээ хийж чадахгүй. Хугацаа өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа батлаад, тэр хууль баталсаны дараа оролцох гэж байгаа хүмүүс нь бэлтгэлтэй байхаар бодоод, ядаж хагас жилийн өмнө УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчилдөг шиг процессуудаа явуулаад, гэхдээ тэр хооронд одоогийн Ерөнхийлөгчийг 2021 онд ажлаа дуусах хүртэл нь ажлаа хийх бололцоог нь хангаж өгөхийн тулд нэг шилжилтийн хууль бичихгүй бол болохгүй байх гэж бодож байгаа юм. 25-ыг 21 болгохоос гадна тийм практик шаардлага гарах болов уу. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулна.
Түүний дагуу хүмүүс өрсөлдөнө. Тэр хүмүүсээс хэн нэг нь шалгараад Ерөнхийлөгч болсны дараа нь энэ хууль чинь үргэлжилж эхлэх биш, сонгууль явуулахаас өмнө Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн хугацааг тавихгүй бол болохгүй гэдэг ийм байр суурьтай байна” гэж байжээ. Ингэж З.Энхболд Тавантолгойд барьсан зарчмаа Үндсэн хууль дээр хадгалсан байдаг.
С.Сүлд
Сэтгэгдэл (2)