Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэддээ хандан мэдэгдэл хийлээ.
Монгол ахан дүүс ээ, Эрхэм хүндэт иргэд ээ!
Коронавирус нь дэлхийн эдийн засаг, улс орнуудын Засгийн газарт хүндхэн сорилт учруулж хүн төрөлхтөнд амьдралын цоо шинэ хэв маягийг ганцхан жилийн дотор авчирлаа. Дэлхийн II дайнаас хойш хамгийн олон буюу 2.9 сая хүний амийг энэхүү цар тахал авч одлоо. Цар тахлаас улбаалж дэлхийн эдийн засаг огцом зогсолтод орж, 4.9 хувиар буурсан нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын хүндрэлээс гурав дахин хүндрэлтэй байна гэсэн тооцооллыг судлаачид гаргажээ.
Миний бие Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр "Хүн амаа вакцинжуулах нь бидний эхний зорилт байна" гэж хэлж байсан. Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээсээ эхлээд үе шаттайгаар Засгийн газрын эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. Хүн төрөлхтөн цар тахлыг даван гарах цорын ганц зам нь вакцинжуулалт гэдэг нь ойлгомжтой.
Дэлхийн хүн амыг долоон тэрбум гэж үзэж, өдөрт 16 сая хүнийг вакцинжуулахад нийт иргэдийг хос тунгаар хамруулахад багадаа хоёр жилийн хугацаа орно гэж тооцоолжээ. Одоогоор дэлхийн нийт хүн амын 1.8 хувь нь хос тунт вакцинд хамруулаад байна. Энэ нь олон улсад вакцины хомсдол үүсгэж, улс орнуудын засгийн газар бүхэн иргэдээ вакцинжуулахын тулд хичээнгүйлэн ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар сарын 23-ны өдөр дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 346 мянга 745 иргэн буюу насанд хүрсэн хүн амынхаа 16.3 хувийг дархлаажуулаад байна. Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг үндэсний хэмжээнд дархлаажуулалтын сар болгон зарлаж байна.
Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Та бид хамтдаа хичээж, иргэдийн маань оролцоо өндөр байж чадвал, тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, зургаадугаар сарын 1-н гэхэд хөдөө орон нутгийн нийт иргэдээ тус бүр эхний тунд хамруулж, долоодугаар сарын 1-н гэхэд нийт иргэдээ хос тунгаар вакцинжуулах томоохон зорилт тавин ажиллаж байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, эдийн засгийн эхний эерэг үзүүлэлтүүд гарч эхэллээ. Олон улсын байгууллагууд үүнийг онцолж байна. Хатуу хөл хорио тогоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, иргэн бүр вакцинжуулалтад хамрагдах нь эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө хэрэгжих, суурь нөхцлийг бүрдүүлэх юм. Монголчууд бид эвлэлдэн нэгдэх бүртээ ялан дийлж, хагаралдан бутрах бүртээ уруудан доройтож байсныг эх түүх маань сануулдаг. Цар тахлын энэ хүнд үед улс төржиж, талцан бутралгүйгээр эвлэлдэн нэгдэж, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээхийн төлөө хамтран ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар нийт иргэдээсээ хичээнгүйлэн хүсэж байна.
Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, ковидгүй зуныг хамтдаа угтацгаая!
Сэтгэгдэл (10)