БАРИМТ 1
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглож байна.
БАРИМТ 2
Хүнс шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхайн бараа бүтээгдэхүүнээс бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглож байна.
БАРИМТ 3
Халдварын тархалт өндөртэй Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс аймгуудыг "улаан" түвшинд гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэх шийдвэр гаргалаа.
БАРИМТ 4
Халдварын тоо буурахгүй тогтмол өссөн тохиолдолд дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн хатуу хөл хорио тогтооно. Энэ хугацаанд эрсдэл тархалтыг бууруулах чиглэлээр ажиллана.
БАРИМТ 5
Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр вакцины дараагийн татан авалтууд орж ирнэ.
БАРИМТ 6
Синофарм үйлдвэрийн 300 мянган тун вакцин, ОХУ-ын Спутник V вакцины нэг сая тунгийн татан авалт эхэлнэ.
БАРИМТ 7
Ингэснээр одоо байгаа вакцины нөөцтэй нийлүүлж, Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутагт дархлаажуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
БАРИМТ 8
Аль аль талдаа үүсэж байгаа эрсдэлд дүгнэлт хийж, аль болох нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байх нь бүх талын оролцооноос шалтгаалж байгаа. Заавал хатуу хөл хорио тогтоож, цагдуулж байж энэ асуудлыг шийдэх биш өөрсдөө дор бүрнээ хичээж чадвал эрсдэлийг бууруулах боломж байна.
БАРИМТ 9
Дэлхий нийт коронавирусийн халдвартай дасан зохицож, өөр өөрсдөө сэргийлж амьдрах орчин нөхцөл ч бий болж байна. Бид тодорхой хугацаанд хөл хорьж тоог багасгасан ч хэсэг хугацааны дараа дахиад л шинээр илрэх халдварын тоо өсөх магадлалтай.
БАРИМТ 10
Нөгөө талаар, бид аль болох вакцинжуулалтын ажилтай уялдуулан богино хугацаанд тогтвортойгоор эрсдэлийг бууруулахаар ажиллаж байгаа. Мэдээж дөрөвдүгээр сарын 5-н гэдэг эцсийн байдлаар тогтсон өдөр биш.
БАРИМТ 11
Халдвар эрчимтэй өсвөл заавал дөрөвдүгээр сарын 5-ныг хүлээхгүйгээр хөл хорио тавих нөхцөл байдал үүсэхийг ч үгүйсгэхгүй.
БАРИМТ 12
Энэ бол бүх талын оролцооноос хамаарах тул иргэд хаа, хаанаа халдвар хамгааллын дэглэмээ хатуу сахих ёстой.
БАРИМТ 13
УОК-ын Шуурхай штабын ажилтан, алба хаагчаас коронавирусийн халдвар илэрсэн.
БАРИМТ 14
Жаргалантад удаан хугацаагаар амралтгүй ажилласан Шуурхай штабын ажилчдыг долоо хоногийн хугацаатай ээлж ээлжээр сувилалд амраах ажил зохион байгуулагдсан. Тус алба хаагчдын 11-ээс нь коронавирусийн халдвар илэрсэн.
БАРИМТ 15
Мөн Шуурхай штаб дээр ажиллаж байсан нэг алба хаагч сэжигтэй тохиолдол болсон.
БАРИМТ 16
Хөдөө орон нутаг руу томилолт нэртэйгээр явж байгаа үзэгдэл гарч байна. Үүнийг дагаад олон ч эрсдэл бий болж буй. Тиймээс томилолт болон өөр янз бүрийн шалтгаанаар хөдөө орон нутаг руу явах бүхий л асуудлыг тодорхой хугацаанд бүрэн хориглож байна. Ингэж бид бид ногоон бүсэд халдвар эрчимтэй тархах эрсдэлийг бууруулна гэж үзэж байгаа.
БАРИМТ 17
ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд байсан 285 иргэний 117 нь халдвар авсан.
БАРИМТ 18
Замын-Үүдээс Эрээн рүү гарах ачааны машинууд оочерлосон байгаа. Энэ асуудлаар Зам,тээврийн хөгжлийн сайд, хил хамгаалах байгууллагад холбогдох үүрэг чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд асуудлууд шийдэгдээд явна. Замын-Үүдэд ажлын хэсэг ажиллаж байгаа. Замын-Үүд, Дорноговь, Өмнөговь гээд эрсдэлтэй бүсүүдэд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа.
БАРИМТ 19
Орон нутаг нийслэл гээд халдварын тохиолдлыг нийлүүлж байгаа учраас ялгаж салгаж мэдээлэх хэрэгтэй. Гэхдээ зовлон хүндрэл хэлж биш хийсэж ирдэг учраас өвчлөлийн тоо огцом хяналтгүйгээр нэмэгдэж эхэлбэл маргааш ч хатуу хөл хорио тавихыг үгүйсгэхгүй.
БАРИМТ 20
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн хоёр хүнээс халдвар илэрсэн.
БАРИМТ 21
Вакцины эхний тунг хийлгээд халдвар авахгүй гэсэн үг биш. Хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн дараагаас бүрэн дархлаа тогтоно. Эхний тунг хийлгэсэн хүн халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх ёстой.
БАРИМТ 22
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн, COVID-19 халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуурыг ашиглах нээлтийн ажиллагаа ирэх долоо хоногт болно.
БАРИМТ 23
Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын халдвар мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой юм байна.
БАРИМТ 24
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр: 72 цагийн PCR шинжилгээг хүмүүс их асууж байгаа. Орон нутаг руу халдвар тархаад байгаагийн нэг шалтгаан нь магадгүй PCR шинжилгээ хийлгэчихээд 72 цаг халдвар авахгүй юм шиг буруу ойлголтоос болсон болов уу. Уг шинжилгээг хийлгэсэн л бол иргэдийн дунд хий хоосон тайвшрал үүсэж байна.Мөн вакцин тариулсан бол халдвар тараахгүй, дамжуулагч болохгүй гэж ойлгож болохгүй. Хоёр дахь тунгаа хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ барина гэсэн зөвлөмжийг ДЭМБ өгч байгаа. PCR шинжилгээ хийлгэсэн ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтална. Тус шинжилгээг ямар шаардлагатай тохиолдлуудад хийх вэ гэдгийг бид ярилцана. Шийдвэр гаргаад та бүхэнд мэдээлнэ.