БАРИМТ 1
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Бид гуравдугаар сарын 29-ний өдөр хүртэл шар түвшнээс улбар шар түвшинд шилжиж ажиллаж байгаа.Цаашид хатуу хөл хориог тогтоохгүйгээр дөрөвдүгээр сарын 5-н хүртэл одоо байгаа улбар шар түвшиндээ байхаар шийдлээ. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдэд тусгайлсан зохицуулалт, зөвлөгөө гаргана. Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудад цаг болон үйл ажиллагаанд зарим зохицуулалтыг хийх, халдвар хамгааллын дэглэмийг баримталж биелүүлэх тал дээр хаа, хаанаа анхаарч ажиллах, 14 хоногийн хугацаанд халдварын эрсдэл гаргахгүй байхаар зөвлөмж, зөвлөгөөнүүдийг гаргахаар шийдвэрлэлээ.
БАРИМТ 2
Засгийн газар, УОК-ын зүгээс аль болох аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр ажиллаж байна. Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч явуулын эмчилгээний багийг гаргах ажлууд зохион байгуулагдаж эхэлсэн учраас хатуу хөл хориог зохион байгуулахгүй гэж үзсэн.
БАРИМТ 3
Өнөөдрийн байдлаар 1,000 гаруй ор нөөцөд байна. Баянзүрх дүүргийн 26, 16, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо гэх мэт ер нь хороо дүүргээр голомтолсон. Иймд хэсэгчилсэн хязгаарлалт хийгдэж байгаа.
БАРИМТ 4
Гэрээр эмчлэх түр журам батлагдсан. Шинж тэмдэг багатай, хүндрэл өгөөгүй батлагдсан тохиолдлуудыг гэрээр тусгаарлана. Иргэн өөрөө гэрийнхэнтэйгээ байхгүй гэвэл тусгаарлах байранд байлгана. Вакцины нөөц дуусаагүй. Өнөөдрийн байдлаар 223 мянган хүнийг вакцинжуулаад байна. Одоо 240 гаруй мянган тун вакцины нөөц байна. Дараагийн татан авалтууд ирнэ. Дараагийн вакцины татан авалтууд дөрөвдүгээр сарын эхний 7 хоногт хийгдэнэ.
БАРИМТ 5
Хэсэгчилсэн хөл хориог тогтоохдоо түр журмын дагуу урьдчилж 24 цагийн өмнө иргэдэд мэдэгдэнэ. Зайлшгүй мэдэгдэж, мэдээллээр бүрэн хангана.
БАРИМТ 6
Дотоодод анхны халдвар бүртгэгдсэнээс хойш 132 өдөр өнгөрөөд байна. Энэ хугацаанд 12-21 хоногийн хугацаатай 3 удаа хөл хорио тогтоосон.
БАРИМТ 7
Хөл хорио тогтоогоогүй байсан бол халдварын тохиолдол 4,000, 5,000-аар яригдах байсан. Хөл хорио тогтоож байж халдварын эрчмийг бууруулдаг. Энэ бол цар тахлын үед авч хэрэгжүүлдэг арга хэмжээ.
БАРИМТ 8
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хувьд сүүлийн гурван сарын турш тогтмол халдвар гардаг байсан. Сүүлийн 3 сарын хугацаанд 1,214 тохиолдол батлагдсаны 400 орчим нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос гарсан учраас хэсэгчилсэн хөл хорио тогтоож, өргөжүүлсэн тандалт хийсэн.
БАРИМТ 9
Дараа нь Хан-Ууд дүүргийн 15 дугаар хороо мөн Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүргийн 12 дугаар хороонд тандалт судалгаа хийж байгаа. Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш 747 хүүхэд халдвар авсан.
БАРИМТ 10
"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ үр дүнтэй болсон. Энэ ажлын хүрээнд 36 голомт, 219 тохиолдлыг илрүүлсэн. Ингэснээр тархалтыг тодорхой хэмжээнд хумьж, вакцинжуулалтын ажлын бэлтгэлийг хангасан.
БАРИМТ 11
65-аас дээш насныхныг ирэх долоо хоногоос вакцинд хамруулна. Халдварын тоо ихсэж байгаа. Цаашдаа ч ихсэх магадлал өндөр. Ер нь бол нөхцөл байдлыг бид урьдчилж харж тооцоолоогүй биш тооцоолсон. Эрсдэлийн түвшинд шилжүүлж, тусгайлсан дүрэм боловсруулж, голомт дагасан шинжилгээ хийсэн. Үүнтэй холбогдуулан гэрээр эмчлэх журмыг хоёрдугаар сарын 23-ны өдөр баталсан.
БАРИМТ 12
Ихэнх тохиолдлууд голомт даган бүртгэгдэж байна. Вакцинжуулалтын ажлаа ч эхлүүлсэн. Хөл хорио тогтоох амархан. Хаагаад нээх шиг амархан зүйл байхгүй. Зарим хариуцлагагүй зүйл, албан тушаалтнуудаас болж Энхсаран сувилал, Баянзүрх дүүргийн эмнэлэгт, халдвар алдагдсан. Цаашид иймэрхүү зүйлтэй эвлэрэхгүй. Цэвэрлэж хариуцлага тооцно.
БАРИМТ 13
Шөнийн хориотой холбоотой хязгаарлалт 23:00 цаг хүртэл байгаа. Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын цагийн зохицуулалт 22:00 цаг байсныг 20:00 цаг болгож нааш нь татах асуудлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохицуулалт хийгдэнэ.
БАРИМТ 14
Цаашид 14 хоногийн хугацаанд шөнийн хязгаарлалт хийнэ. Улаанбаатар хотод шөнөдөө 200 гаруй мянган ажилчид ажилладаг. Тиймээс хяналт тавихаас өөр аргагүй.
БАРИМТ 15
Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын орлого энэ оны хоёрдугаар сарын байдлаар 421 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн 2020 оны түвшнээс 18 хувь, 2019 оныхтой харьцуулахад 10 хувь өссөн үзүүлэлт.
БАРИМТ 16
Гуравдугаар сарын 1-н буюу 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжсэнээс хойших 14 хоногийн дотор 594 НӨАТ төлөгч шинээр бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, 2019 болон 2020 оны түвшнээс 2.5-3.5 дахин нэмэгдсэн. Тэгэхээр зах зээлд оролцогч ААН, иргэдийн эдийн засаг сэргэнэ гэсэн эерэг хүлээлт нэмэгдэж байгааг илтгэж байна.
БАРИМТ 17
Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн хүрээнд 27.1 тэрбум төгрөгийн зээл гарсан. Үүнд 417 зээлдэгч хамрагдсаны 97 нь ААН, 320 нь бичил бизнес эрхлэгч иргэд.
БАРИМТ 18
Цаашдаа эдийн засаг тогтмолжихоор зээлийн гарц нэмэгдэх хандлагатай байгаа. Нийт 2 их наяд төгрөгийн ийм зээл гаргана гэж төлөвлөсний 2.7 хувь нь 400 гаруй зээлдэгчид очсон гэсэн үг. Тиймээс эдийн засгаа хүчирхэгжүүлсний үр дүнд эрүүл мэндээ хамгаална.
БАРИМТ 19
Өөр нэг сайн мэдээ гэвэл Moody's агентлаг Монгол Улсын "-В3, төлөв тогтворгүй" гэсэн зээлжих зэрэглэлийг "-В3, тогтвортой" болгон ахиулсан нь цар тахлын энэ хүнд үед чамлахааргүй үзүүлэлт. Гадаад орчны таатай нөхцөлүүд мөн боломж олгож байгаа. Тиймээс эдийн засгийн энэ циклийн үед хорио цээрийн дэглэмээ сайн сахиж, хүнд хөл хорионд шилжихгүйгээр эдийн засгаа ч аварч, хүн амын эрүүл мэндээ ч хамгаалъя гэж хичээнгүйлэн хүсэж байна.
БАРИМТ 20
Гэрээр тусгаарлах журам гуравдугаар сарын 14-нд батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 214 батлагдсан тохиолдол гэрээр тусгаарлагдан, явуулын болон цахим хэлбэрийн хяналтанд байгаа. Цаашид ч энэ тоо нэмэгдэнэ. Дийлэнх хэсэг маань халдвар хамгааллын дэглэмээ сахиж байгаа ч халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй хэсэг байгаа. Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл халдварын тоо буурахгүй, илүү эрсдэлтэй нөхцөл байдал үүсвэл "улаан түвшин" рүү шилжинэ.
БАРИМТ 21
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны баг шинээр гарсан тохиолдлуудын тархвар зүйн судалгааг хийж явдаг. Ойрын хавьтлыг өдий зэрэгтэй тодруулж байгаа нь тандалтын баг чадавхтайг харуулж байна.
БАРИМТ 22
ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа Б гэгч эмэгтэй гуравдугаар сарын 15-нд Синофарм үйлдвэрийн Вероссил вакциныг хийлгэсэн. Энэ хүн өмнө нь осолд орж байсан энгийнээр хэлбэл нурууны суулттай, өвчтэй хүн байна лээ. Өнөөдрөөс төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг рүү шилжиж байгаа. Эцсийн байдлаар онош тодорхой болсны дараа мэдээлэл өгье.
БАРИМТ 23
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр ХӨСҮТ-ийн лаборатори КОВИД-19-ийн үеийн лавлагаа лабораториор ажиллаж байгаа. Бусад газруудад хийгдэж байгаа шинжилгээний лавлагааг хийх зориулалтын лаборатори юм. Мөн дотоод хяналт хийгдэж явагддаг учраас шинжилгээний хариу баталгаатай гардаг. Шинжилгээний алдаа гарахад нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлж арилгах шаардлагатай. Энэ нь ХӨСҮТ-ийн тоног төхөөрөмжүүдэд цахимжуулалтын программ харьцангуй сул хөгжсөн. Мэдээллийг гараараа шивэх зэрэг алдаа байдаг. Тиймээс гараар шивэхтэй холбоотой алдааг засна.
БАРИМТ 24
БНСУ болон БНХАУ-ын шинжилгээний аргуудыг ашигладаг. Хэчнээн өвөрмөц чанар өндөр байлаа гээд олон шинжилгээ хийхэд хуурамч эерэг, хуурамч сөрөг хариу гэж гардаг. Үүнтэй холбоотой алдаа гарч байхыг үгүйсгэхгүй. ХӨСҮТ-д хуурамч хариу үйлдсэн асуудал хууль хяналтынхнаар шалгагдаж байгаа. Бид энэ хугацаанд сахилга хариуцлагаа сайжруулах арга хэмжээ авч байна.
Сэтгэгдэл (3)