Шударга бус шүүгчдээс болж хохирсон иргэд Ерөнхийлөгчид шаардлага хүргүүллээ.
Тодруулбал, иргэн Б.Сарнай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оноос эхлэн нэхэмжлэл гаргасан ч хэрэг анхан шатандаа гацаад хоёр жил буй болж байгаа аж. Хэргийн хариуцагчаар Кёкүшюүзан Д.Батбаяр, эхнэр Т.Баясгалан нар байгаа аж. Хэргийг шүүх хугацаанд өмгөөлөгч Б.Баасанцогт тухайн иргэний хэргийг шүүж буй шүүгч Д.Энхцэцэгийн данс руу 6.3 орчим сая төгрөг шилжүүлсэн нь баримтаар нотлогджээ.
Иргэн Б.Сарнайгийн зүгээс хариуцагчид залилуулсан бөгөөд хэрэг удааширсан шалтгаан нь хонгилын шүүгч, өмгөөлөгчтэй холбоотой гэж үзэж байгаа юм.
Нэхэмжлэгч талаас шүүгч Д.Энхцэцэгээс удаа дараа татгалзсан ч тусыг эс олсон тул ийн Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж, хонгилын гэх нэр бүхий шүүгчдийг ажлаас нь түдгэлзүүлж шалгаж өгөхийг хүслээ. Хэрэв шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн хурц өдөрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.
Энэ талаар иргэн Б.Сарнай "Бид хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдол бүхий нотлох баримт, хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахгүй удаа дараа бусармаг үйлдэл хийж байна. Уг асуудалтай холбоотой гурван хэрэг гурвуулаа Д.Энхцэцэг гэдэг хүнд хуваарилагдсан. Яагаад гурван хэрэг нэг шүүгч дээр очсон гэдэгт гайхаж байна.
Шүүхийн байгууллагаар хохирсон иргэд бидэнтэй нэгдээсэй гэж уриалж байна.
Б.Баасанцогт өмгөөлөгч шүүгч Д.Энхцэцэгийн хувийн данс руу мөнгө шилжүүлсэн нь баримтаар нотлогдож байгаа. Хан-Уул дүүрэгт дахин төлөвлөлтийн "Polaro tower" гэх барилга баригдаж байгаа. Бид барилгын ажла эхлүүлээд явж байтал хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр нь явж байгаа зартай хүмүүс луйвар хийсэн. Хэрэг удаашралтай явж байна. Энэ асуудал нэр төдий шалгагдаж байна. Шүүгч нь хуулийн цоорхойгоо мэддэг юм билээ. Тиймээс шударга ёсыг шаардаж Ерөнхийлөгчид хандаж байгаа юм.
Манай гэр бүл 30 жил шударгаар хөдөлмөрлөж, зүтгэсэн. Гэтэл шударга бус шүүгчдээс болж бид 8 тэрбум төгрөгийн хохирол амсаад байна. Манай бүх үл хөдлөх хөрөнгө барьцаанд байгаа. Бүх зүйлээ зориулж дахин төлөвлөлтийн ажилд оролцсон ч залилуулчихаад байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (8)