БАРИМТ 1
Манай Улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бичигддэг боловч урсгал усыг хуримтлуулах, нөөцлөн ашиглах зэрэг гадаргын усны хэрэглээ багатайгаас усны нөөц багатай орны тоонд ордог. Нийт нутгийн 70 хувь нь говь цөл, цөл хээрийн хуурай, хуурайвтар бүс нутагт хамаарагддаг.
БАРИМТ 2
2018 оны байдлаар Монгол орны усны сан бүхий газар 686.1 мян.га буюу нийт газар нутгийн 0.4 хувийг эзэлж байна. Усан сан бүхий газарт гол мөрөн 33.3 хувь, нуур, цөөрөм, тойром 64.6 хувь, горхи, булаг, шанд 1.8 хувь, мөнх цас, мөсөн гол 0.2 хувийг тус тус эзэлж байна.
БАРИМТ 3
Монгол орны усны нөөцийн 80 хувь нь гадаргын ус, 20% нь газрын доорх ус бөгөөд нийт усны хэрэглээний 85 хувийг экологийн эмзэг тогтоцтой нөхөн сэргээгдэх хугацаа нь хэдэн арван жилээр тооцогддог газар доорх уснаас хэрэглэдэг.
БАРИМТ 4
Гадаргын болон газрын доорх усны нөөцийн 70 гаруй хувь нь Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг эзлэх талбайд бүрэлдэн бий болдог.
БАРИМТ 5
Хөвсгөл нуур дангаараа нууруудын усны нөөцийн 70 гаруй хувийг эзэлдэг.
БАРИМТ 6
Гадаргын усны 60 гаруй хувь нь гадагш урсан гардаг. Олон жилийн дунджаар үзэхэд Сэлэнгэ мөрнөөр нэг секундэд 335 метр куб ус ОХУ руу урсдаг гэсэн тооцоо гарчээ.
БАРИМТ 7
Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас улбаатайгаар 2019 онд 81 гол мөрөн, 287 булаг шанд, 78 нуур тойром, 11 рашаан сэргэсэн бол 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ.
БАРИМТ 8
2019 онд манай улс нийт 578.5 сая метр куб/жил ус олборлож, ашигласнаас 33.4 хувийг мал аж ахуй, 27.4 хувийг усалгаатай газар тариалан, 17 хувийг уул уурхай, 14.4 хувийг хүн амын унд, ахуй, 5.4 хувийг эрчим хүч, 2.4 хувийг бусад үйлдвэрлэл, үйлчилгээний салбар ашиглажээ.
БАРИМТ 9
Манай орны нийт усны нөөц нь хүн ам их төвлөрсөн хотуудад хүртээмж багатай байдаг ба 2018 оны байдлаар нийт хүн амын 68% буюу ойролцоогоор 2.2 сая хүн суурьшлийн бүсэд амьдарч байна гэсэн тооцоо гарчээ. Орон нутгаас хотод нүүн ирэх хүмүүсийн тоо ихсэх тусам тухайн хотын оршин суугчдын усны хэрэглээ ихсэж, бүс нутаг дахь усны хангамжийг давж байна.
БАРИМТ 10
Улаанбаатар хотын хувьд Туулын дагуух долоон том, гурван жижиг эх үүсвэрээс нийт 1.4 сая орчим хүн ам, 4500 гаруй үйлдвэр, аж ахуйн газрын хэрэглээний усыг хангаж байна.
БАРИМТ 11
Ахуйн хэрэглээний 1 литр усны үнэ дэлхийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага байдаг ба тоолууртай орон сууцны өрхүүдэд цэвэр ус 0.71 төгрөг бохир ус зайлуулах 0.58 төгрөг байдаг. Гэр хорооллын хэрэглэгчийн хувьд 1 литр усыг 1 төгрөгөөр худалдаж авдаг.
БАРИМТ 12
Монголчууд нь дунджаар АНУ-аас 6.1 дахин, Японоос 8.2 дахин, Германаас 10 дахин хямд үнээр усаар авдаг гэсэн үг юм. Дээрх орнууд бүгд манайхаас илүү усны нөөцтэй орнууд юм.
БАРИМТ 13
2018 оны байдлаар орон сууцны оршин суугч 1 хоногт дунджаар 139 литр ус, гэр хорооллын оршин суугч шугамд холбогдсон бол хоногт дунджаар 8.9 литр, зөөврөөр авдаг бол 8.1 литр ус хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг.
БАРИМТ 14
Нийслэлд арьс шир, ноос, ноолуур боловсруулах 44 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас 2 үйлдвэр хаягдал усаа цэвэршүүлж эргүүлэн ашигладаг. Эрдэнэт, Оюутолгой, Таван толгой зэрэг томоохон уул уурхайн үйлдвэрүүд ашигласан усныхаа 70-80 хувийг дахин боловсруулж, эргүүлэн ашигладаг.
БАРИМТ 15
Манай дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдэг. Гэвч нийт усны ердөө 2.5 хувь цэнгэг ус байдаг. Энэ цэнгэг усны нөөцийн дийлэнхийг өмнөд, хойд туйлын мөс цас, мөсөн голууд эзэлдэг учир газарзүйн байршил, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад 31 хувийг нь л хүмүүс хэрэглэх боломжтой байдаг. Өнөөдөр дэлхий даяар хүний хэрэгцээнд зориулан 4600 гаруй шоо километр ус олборлож буйгаас 69 хувийг нь хөдөө аж ахуй, газар тариалангийн усалгаанд, 19 хувийг нь аж үйлдвэрлэл, 12 орчим хувийг нь хотын хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглаж байна.
БАРИМТ 16
Дэлхийн нийт усны хэмжээ 1 тэрбум 386 сая километр куб бөгөөд 1385 км диаметртай бөмбөлөгт багтана. Харин газрын гүний болон гадаргын нийт цэвэр усны хэмжээ 10 сая 633 мянга 450 километр куб бөгөөд 272.8 километр диаметртай бөмбөлөгт багтана.
БАРИМТ 17
Хүмүүс бидний өдөр тутамдаа хэрэглэж буй, дэлхий дээрх ихэнх амьдралыг тэжээн тэтгэж буй усны хэрэгцээг эдгээр гадаргын уснаас хангадаг. Нийт хэмжээ нь ердөө 93 мянга 113 километр куб, 56.2 километр диаметртай бөмбөлөгт багтана.
БАРИМТ 18
Ойролцоогоор 12 мянга 900 километр куб ус ихэвчлэн уур хэлбэрээр агаар мандалд оршиж байдаг. Хэрэв агаар мандал дахь ус нэгэн зэрэг хур тунадас болон буувал дэлхийн нийт гадаргыг 2.54 см усаар бүрхэнэ гэсэн тооцоо бий. Өдөр бүр 1170 километр куб ус ууршиж, агаар мандалд дэгдэн хөөрч байдаг байна.
БАРИМТ 19
Нэг километр куб ус 999 тэрбум литртэй тэнцэнэ.
БАРИМТ 20
Дэлхий дээрх гурван хүн тутмын хоёр нь буюу 660 сая гаруй хүн аюулгүй ундны ус хэрэглэх боломжгүй ба өдрийн $2 хүрэхгүй орлогоор, гурван хүний нэг нь буюу 385 сая хүн өдрийн $1 хүрэхгүй орлогоор амь зуудаг.
БАРИМТ 21
2050 он гэхэд дэлхийн даяар 5.7 тэрбум хүртэлх хүн ам жилд наад зах нь нэг сарын хугацаагаар усны хомсдолд орох нөхцөлтэй тулгарна. Энэ нь усны төлөөх урьдчилан таамаглаагүй өрсөлдөөнийг бий болгоно.
БАРИМТ 22
Дэлхий даяар жилд 5-аас доош насны ойролцоогоор 297 мянган хүүхэд (өдөр бүр 800 хүүхэд) ариун цэвэр сахих боломжгүй, ариун цэврийн байгууламж хангалтгүй, байхгүй, эрүүл, аюулгүй ундны усаар хангагдаагүйн улмаас суулгалт өвчнөөр нас барж байна.
БАРИМТ 23
Дэлхий даяар ахуйн хэрэглээ болон үйлдвэр аж ахуйн үйл ажиллагаанаас гарч буй хаягдал бохир усны 80% нь ямар нэг байдлаар цэвэрлэгдэхгүй, эсхүл эргэн ашиглагдахгүй экосистемд хаягдаж байна.
БАРИМТ 24
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, найдвартай ус хангамж, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулснаар жилд 360 мянган нярайн амь насыг хамгаалах боломжтой.
Сэтгэгдэл (1)