Гадаадын иргэн харьяатын газраас 2020 онд хөдөлмөр эрхлэх визээр Монгол Улсад орж ирсэн иргэдэд хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийлээ.
Гадаадаас ажиллах хүч авах, оруулж ирэх хуулийн дагуу Засгийн газрын квотоор 2020 онд нэлээд хэдэн аж ахуйн нэгж, байгууллага гадаадаас ажиллах хүч авсан байна. Дээрх газрууд нь зохих журмын дагуу ажиллах хүчээ ажиллуулж байгаа эсэхэд хяналт шалгалт хийхэд нэлээгүй зөрчил дутагдал илэрчээ.
Тухайлбал, гадаадаас ирсэн ажиллах хүч нь тухайн газар нутагтаа байхгүй байх, ирсэн зорилгынхоо дагуу үйл ажиллагаагаа явуулахгүй, уригч аж ахуйн нэгж байгууллага нь тухайн иргэдээ хянаж чадахгүй, хаана байгааг нь мэдэхгүй байх зэрэг зөрчил илэрсэн байна.
Тодотговол, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллана гэж ирсэн гадаадын иргэд нь Баян-Өлгий аймагт алтны уурхай дээр ажиллах байсан, Тэрэлжийн барилга дээр ажиллана гэж ирсэн атлаа тэндээ байхгүй байх, Дундговь аймгийн Гурвансайхан суманд уурхай дээр ажиллах иргэд нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт самрын үйлдвэрт ажиллаж байсан зэрэг зөрчил илэрсэн байна.
Энэ мэтээр ажиллах хүч оруулж ирсэн тухайн байгууллага нь хүмүүсээ хянаж чадахгүй байх асуудал их гарч байгааг Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр онцоллоо.
Энэ үйл ажиллагааны хүрээнд тухайн байгууллага, аж ахуйн нэгжийг нэг бүрчлэн дуудаж уулзаж, хяналт тавьж, тухай хүмүүсээ өөрийнхөө харьяалах байгууллага дээрээ байлгаж байгаад хил нээхээр Монгол Улсаас гаргах талаар шаардлага хүргүүлсэн байна.
Монгол Улсад хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн атлаа визнийхээ ангиллыг солиулах асуудал их гардаг аж.
Тухайлбал хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн хүмүүс хөрөнгө оруулалтын виз авах хүсэлт гаргадаг байна. Яагаад ийм асуудал гарч байгааг судлаад үзэхээр Засгийн газрын квотыг ашиглаж орж ирэхээр хэд хэдэн компанид хүсэлтээ өгч, тухайн байгууллага нь Монгол Улсын хилээр нэвтрүүлдэг байна.
Тодруулбал, "Мөнх Сити хаус" компани нь БНХАУ-ын Эрээн хот, Хөх хотод "Монгол Улс руу ажилтан гаргана" гэсэн зарыг цахим сүлжээнд тавиад иргэдээс 15-25 мянган юань буюу 20 иод сая төгрөг авсан байна. Улмаар тухайн иргэд нь визний ангиллаа солиулах асуудал ярьдаг аж. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу тодорхой байршилдаа үйл ажиллагаагаа явуулаад буцахыг шаардаж байгаа гэдгийг ч тэрбээр хэлсэн.
Мөн "Энэ мэтээр зөрчил дутагдалууд их гарч байна. Тиймээс цаашид зөрчлийг гаргахгүй байх үүднээс хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа.
Засгийн газрын квотоор ажиллах хүч оруулж ирсэн компаниуд анхааралдаа авч, байгууллага хооронд иргэдийг шилжүүлэхгүй байх, тодорхой үйл ажиллагаагаа эрхлээд Монгол Улсын нутаг дэвсгэрээс иргэдээ гаргахад анхаарах хэрэгтэй.
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 1289 гадаадын хөрөнгө оруулалтын визээр орж ирсэн иргэн байгаа. Тус виз нь бусад визний төрлийг бодоход хөнгөлөлттэй удаан хугацаагаар оршин суух, татвараас чөлөөлөгдөх бололцоотой байдаг.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, бодлогыг манай байгууллага тууштай дэмжиж байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын визээр амьдарч буй иргэд нь үнээр бодит хөрөнгө оруулагч мөн эсэхийг шалгахад мөн л зөрчил илэрч байна.
Тухайлбал үйл ажиллагаа явуулсан нь тодорхойгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар 100 мянган доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан нь тодорхойгүй, ажиллах иргэддээ цалин олгодог нь тодорхойгүй, татвар, нийгмийн даатгал төлдөг нь тодорхойгүй хөрөнгө оруулагч байна. Хэдийгээр коронавирусний цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа нь хязгаарлагдсан ч хөрөнгө оруулагч гэж үзэхэд эргэлзээтэй хүмүүс их байна. Тиймээс хөрөнгө оруулагч мөн эсэхийг нь шалгасны үндсэн дээр хугацааг сунгаж байгаа. Харин эргэлзээтэй хүмүүсийн визний ангиллыг цуцалж байгаа. Тиймээс хөрөнгө оруулагч нар үүнд анхаарч, үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (4)