БАРИМТ 1
Яг үндсэндээ Ерөнхий сайд Мартын 8-ны өдрийг онцолж байгаад эрүү шүүлтэд өртөөд хохирсон гэж байгаа эмэгтэй дээр хорих ангид нь очоод шоудчихлаа.
БАРИМТ 2
С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг улс төрд ашиглаад, сонгууль болгоны өмнө нийгмийг хийрхүүлдэг жүжиг болоод удлаа.
БАРИМТ 3
Хэргийг бүхэлд нь нууцалчихаад хүссэн үедээ жижиг деталаар нь олон ангит кино шиг цувуулж ил болгон, худал үнэн мэдэгдэхгүй шоудах нь хэрээс хэтэрлээ.
БАРИМТ 4
Хэргийн мөрдлөг шийдвэрүүдийг нууцаас гаргаад ил болгочих. Иргэд хэн нь үнэн, хэн нь худал хэлээд байгааг өөрсдөө уншаад ойлгочихно.
БАРИМТ 5
Хэргийн мөрдлөгийг бүхэлд нь нууцаас нь гарга. УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгч. Засгийн газар! Гүйцэтгэх ажил буюу тагнуул туршуул хийсэн хүмүүсийн нэрсийг далдалчих. Арга техник, тоо баримтаа нууцал. Харин олж авсан мэдээллээ ил болго.
БАРИМТ 6
Эл хэргийг яагаад төрийн нууцад оруулсан гэдэг нь их сонин. Анхны мөрдөлт сэжүүр таамгаараа их зөв явж байсан юм билээ. Гэтэл гэнэт л өндөр авахуулаад тагнуулын болоод янз бүрийн байгууллагыг татан оролцуулаад эхэлсэн.
БАРИМТ 7
Ерөнхийлөгчийн анхааралд орж, хяналтад байгаа ганцхан хэрэг шүү гэж яриа хүртэл гаргачихсан. Энэ бол хийрхлийн нэг хэсэг.
БАРИМТ 8
Нэг хэсэг нь илрүүлнэ, нөгөө хэсэг нь илрүүлэхгүй гээд урагш нэг ч алхуулахгүй байна.
БАРИМТ 9
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ямар олон ажлын хэсгийг татан буулгав.
БАРИМТ 10
Яагаад зөв сэжүүр рүү явсан алхам болгоноос хүмүүсийг зайлуулаад улс төрийн ямар нэгэн хонжоотой алхам руу түлхээд байна вэ.
БАРИМТ 11
Энэ бүгдийн ард хэн байгаа нь ил болчих гээд байгаа учраас улс төрийн шалтгаанаар нуугаад байж магадгүй.
БАРИМТ 12
С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэрэгт хууль зүйн талаасаа нуугаад байх зүйл юу ч үгүй болчихсон.
БАРИМТ 13
2002 оны Эрүүгийн хуулиар эрүү шүүлт тулгах гэмт хэргийн субъект нь хоёрхон зүйл байсан. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч. Энэ хоёроос бусад төрийн албан тушаалтан эрүү шүүлт хэрэглэсэн, зохион байгуулсан, удирдсан, зөвшөөрөл өгсөн бол ямар нэгэн байдлаар эрүүгийн хэргийн субъект биш учраас гэмт хэрэг биш гэж үздэг байсан.
БАРИМТ 14
2003 онд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Дамирангийн Энхбатыг Францаас хулгайлан авчирч эрүүдэн шүүж амь насанд нь заналхийлсэн.
БАРИМТ 15
Үүнийг хийсэн хүмүүс нь тагнуулын ажилтнууд байсан. Тагнуулын ажилтан үүнийг хийвэл гэмт хэрэг биш болчихдог. Тиймээс нэг ч хүн эрүүгийн хариуцлага хүлээгээгүй.
БАРИМТ 16
Д.Энхбатыг хорьж, тарчлаан зовоож байгаад Сэлэнгэд хилийн наана аваачаад цагдаад хүлээлгэж өглөө гээд алга болцгоосон.
БАРИМТ 17
Энэ сургамжаас харвал, 2008 оноос хойш Хүний эрхийн үндэсний комиссын зургаан илтгэлд манай улсад эрүү шүүлт их байна гэсэн гаднын судлаач, шинжээчдийн ч зөвлөмж бий.
БАРИМТ 18
Үүнээс улбаалаад 2015 онд Эрүүгийн хуулинд өөрчлөлт хийх ёстой гэж үзээд "төрийн албан тушаалтан" гэдэг үг оруулсан. Энэ хууль 2015 онд хүчин төгөлдөр болж, 2017 оноос үйлчилж эхэлсэн.
БАРИМТ 19
Эрүүгийн хуулиар бол төрийн алба хаагч гэдэгт шүүгч, тагнуулын ажилтан, Хууль зүйн сайд, хэн байхаас үл шалтгаалан эрүү шүүлтийг харсан мэдсэн, эс үйлдлээрээ дэмжсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх заалттай.
БАРИМТ 20
Гэтэл хамгаалах ёстой хуулиа хүчингүй болгочихоод нэг ч алхам хийхгүйгээр зургаан жилийн дараа ингэж шоудаад байх нь зөв биш.
БАРИМТ 21
Эрх мэдлээ ашиглаж, хянан шалгалтыг явуулахгүй, хуулийг нь баталж өгч хүний эрхийг дээдлэхгүй, гаргачихсан байгаа шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа мөртлөө "матрын нулимс" унагах нь аав, ээжийг нь алчихаад өнчин үлдчихлээ гэж уйлж, өрөвдөхтэй адил.
БАРИМТ 22
Энэ хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах үйл явц, хавтаст хэргүүдийн материалыг бүхэлд нь ил болгох хэрэгтэй. Эрх баригчид, улстөрчид нэг баримт гаргачихаад ард нь 99 хувийг нь нууж, өөрт ашигтайгаар олон нийтэд тайлбарлаад, улс төрийн зорилгоор ашиглаад байна.
БАРИМТ 23
Хэргийг илрүүлнэ, захиалагчийг зарлана гэсээр хэргийг шийдэж болох 23 жил өнгөрлөө. Илэрсэн ч юм шиг илрээгүй ч юм шиг. Хэлмэгдүүлсэн ч юм шиг, хэлмэгдүүлээгүй ч юм шиг явсаар өдийг хүрлээ. Ямар ч ойлгомжгүй.
БАРИМТ 24
Хавтаст хэрэгт байгаа материалууд болон хэргийн үйл явцтай танилцсан хүмүүст дүр зураг нь тодорхой боловч улстөрчдийн олон нийтэд гаргаж байгаа энэ мэт үзэгдэл нь хуурмаг байна. Тиймээс ил болгох хэрэгтэй.
Сэтгэгдэл (26)