Засгийн газраас эрүүл мэнд, эдийн засгаа аврах 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Энэ хүрээнд Монголбанкнаас мөнгөний нийлүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлж, ямар оролцоотой ажиллах талаарх ээлжит мэдээллээ өглөө. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Засгийн газраас эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Монголбанкнаас энэ хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллахаар болсон. Энэ дагуу зургаан үндсэн бүрэлдэхүүнтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр байгаа. Үүнд, ажлын байраа хамгаалах чиглэлд хоёр их наяд төгрөг. Ипотекийн зээл олголтыг дэмжих чиглэлд гурван их наяд, стратегийн ач холбогдол бүхий том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд, залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум, хөдөө аж ахуйг дэмжих чиглэлд 500 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөсөн. 2020 онд улсын төсөв ачаалалтай, ихээхэн алдагдалтай ажилласан. Цаашдаа төсвийн алдагдал өсөх магадлал өндөр манай банкнаас мөнгөний бодлогоор эдийн засгаа дэмжиж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа гэв. Энэхүү мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-ЖДҮ болон худалдаа, үйлчилгээний салбарынханд жилийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Эх үүсвэрийг хаанаас гаргаж, ямар нөхцөлтэй олгох вэ?
-Монголбанкнаас энэ зээлд зориулж шинээр эх үүсвэр гаргахгүй. Харин арилжааны банкны үнэт цаасан дээр байршсан 8 их наяд төгрөгийн эх үүсвэрт тулгуурлан гурван хувийн хөнгөлөлттэй зээлийг гаргана. ЖДҮ эрхлэгчдэд хамгийн дээд тал нь 500 сая төгрөгийг гурван хувийн хүүгээр, гурван жилийн хугацаатай олгох боломжтой. Ингэхдээ Ковидын хуулиар долоодугаар сарын 1-ныг хүртэл зээлийн хүү төлөхгүй байх боломжтой. Зээлийн эргэн төлөлтөөс нэг жил чөлөөлөх, гурван жилийн хугацаатай зээл юм. Зээлийг банк олгох учраас хэн нэгний арын хаалга, танил талаараа авах боломжгүй. Хамгийн гол нь ажлын байраа хадгалж, тогтмол үйл ажиллагаа явуулж, өмнөх жилүүдэд ААНОАТ болон НДШ-ээ тогтмол төлж ирсэн, ямар нэгэн татварын өргүй аж ахуйн нэгжүүдийг эн тэргүүнд хамруулна. Мөн арилжааны банкны тодорхой шалгуурыг хангасан нь зээлээ авна. Энэ ондоо гурван хувийн хүүтэй зээлд хоёр их наяд төгрөгийг гаргаад явах бүрэн боломжтой.
- Банкуудад хүүгийн татаас өгөхөөр ярьж байгаа гэсэн. Тийм бол ямар эх үүсвэрээс гаргах вэ?
-Банкуудад байгаа найман их наяд төгрөгийн хоёр их наяд төгрөг нь гурван хувийн хүүтэй зээл болоод гарна гэсэн үг. Банкууд Төвбанкны үнэт цаас худалдан аваад байршуулсан эх үүсвэрээсээ хоёр их наядыг нь зээл болгож гаргах юм. Банкуудтай энэ зээлийг яриад явж байхад хүүгийн татаасыг олон талаас нь ярилцсан. Банкны эх үүсвэрийн дундаж зардал нь 8-9 хувь байгаа. Банк 9 хувийн зардал гаргаж, эх үүсвэр татсан гэсэн үг. Тэгэхээр гурван хувийн хөнгөлөлттэй зээл гаргахаар 6 хувийн хүүгийн зөрүүг улсын төсвөөс гаргаж явна. Гурван жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн зардал гарна. Жилдээ 40 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг төсвөөс банкуудад олгоод явна.
-Ипотекийн зээлийг дэмжих чиглэлд гурван их наяд төгрөгийг зарцуулна гэж байна. Ийм хэмжээний мөнгийг барилгын салбарт оруулахаар байрны үнэ өсөх үү. Үүнийг тооцсон уу?
-Өнгөрсөн онд 460 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж, Ипотекийн зээл олгосон байна. Он гарснаас хойш нэгдүгээр сард гэхэд л 40 тэрбум, хоёрдугаар сард 60 тэрбум төгрөгийг Ипотекийн зээлд хуваарилсан байна. 2020 онд барилгын салбар хүчтэй унаагүй учраас энэ онд нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ гэж харж байгаа. Дээр нь Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд санхүүжилтийг нэмэх учраас зээлийн хүртээмж сайжирна. Эрэлт, нийлүүлэлт харьцангуй тогтвортой байх учраас үнийн хувьд их хэмжээний өсөлт гарахгүй гэж харж байгаа.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)