Зам тээвэр, дэд бүтцийн салбарын залуус нэгдэж, Улаанбаатар хотыг үсрэнгүй хөгжүүлэх сонирхолтой, содон, боломжтой нэгэн хувилбарыг боловсруулжээ. Сонирхуулбал, Багануур, Багахангай дүүргийг нийслэлийн харьяаллаас салгаж, тусдаа биеэ даасан хот болгохоор төлөвлөсөн байна. Мөн нийслэлийн зургаан дүүрэгт Налайх болоод Майдар, Зуунмод, Аэроситиг нэмснээр нийт арван дүүрэгтэй болж, Богдхан уулын зөвхөн хойно нь төвлөрөх бус тойрон суурьшуулахаар төлөвлөжээ. Задаргааг танилцуулъя.
Энэхүү арван дүүрэг маань метрогоор холбогдох бөгөөд одоо байгаа төмөр замд Налайхаас урагшаа IY зөрлөгөөс Майдар, Зуунмод, Аэросити, Өлзийт, Буянт Ухаа, Яармаг чиглэлээр 60 орчим км шинэ төмөр замыг тавьж, цахилгаанжуулснаар Богдхан уулаа тойрдог тойрог хэлбэрийн ил метротой болох юм.
Үүгээр зогсохгүй метроны шугам дагуу ДЦС-5, Хүүхэд залуучуудын Соёлын төв, “Монгол наадам” цогцолбор зэрэг олон зүйлсийг төлөвлөсөн бөгөөд үйлдвэрлэл технологи, инновац, мэдээлэл технологи, биеийн тамир, спортын төв, шашин, соёл урлагийн газрыг залууст зориулан байгуулах ба дүүрэг бүрийн онцлогийг тодотгон харуулах аж.
Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд Багахангай өртөөгөөс Мандал өртөө хүрэх 170 км Богдхан төмөр замыг түргэн шуурхай барих шаардлагатай болно. Хамгийн гол нь хоёр хөрш маань энэхүү төмөр замыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтдаа тусган өгч, дэмжсэнээрээ давуу талтай аж. Энэ нь УБТЗ ачаа тээвэрлэх нийт хүчин чадлаа даруй 30 хувиар нэмэгдүүлэх эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл билээ.
Хот хөгжих цорын ганц гарц шийдэл нь тэлж, өргөжих гэдэг. Учир нь, хүн амын тэн хагас буюу 50 хувь нь, эдийн засгийн 60 хувь нь нийт газар нутгийнхаа ердөө 0,3 хувьд нь эмх замбараагүй бөөгнөрч, шигүү суурьшснаар утаа, орчны бохирдол, түгжрэл эрс нэмэгдэж, ажилгүйдэл ядуурал газар авч, аваар осол зэргээс авахуулаад олон хүндрэл, бэрхшээлийг үүсгэж байна. Тиймээс хотыг өргөжүүлэн тэлснээр нийгмийнхээ сөрөг бүх асуудлыг шийдчихэж болох цогц бодлого хэмээн энэхүү шийдлийг харж болно.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эрдэнэбаярын Тэмүүжин пэйжээс орж авч болохоос гадна хамтран ажиллах, дэмжих хувь хүн байвал холбогдох боломжтой. Түүнчлэн нийслэл хотоо үсрэнгүй хөгжүүлэхийг хүссэн, ая тухтай орчинд амьдрахыг эрмэлзэж буй залуус хэн бүхэн энэ талаарх мэдээллийг төрийн удирдах дээд албан тушаалтнуудад хүргэж, дэмжвэл Улаанбаатар хот маань дэлхийн шилдэг хотын нэг нь болоход ойрхон байна.
Сэтгэгдэл (21)