БАРИМТ 1
Сүүлийн өдрүүдэд халдварын шинэ голомт үүссэн. Тэр нь нийтийн байрыг дагасан голомт юм. Улаанбаатар хотод иргэдэд түрээсэлдэг 190 гаруй нийтийн байр байна. Хоёр ч нийтийн байрнаас халдвар илэрлээ.
БАРИМТ 2
Нэг нийтийн байрнаас илэрсэн халдварын 7 тохиолдол нь үсчинтэй холбоотой нь тогтоогдсон.
БАРИМТ 3
Хоёрдугаар сард Сөүл рүү 2, Токио болон Истанбулын чиглэлд тус бүр нэг нислэг хийхээр төлөвлөсөн.
БАРИМТ 4
Цагаан сарын дараа манай улсын болон иргэдээ татан авах орнуудын халдварын нөхцөл байдалтай уялдуулан дахин хоёр нислэг хийх байх.
БАРИМТ 5
Гадаадаас ирэх иргэдэд зориулж тусгаарлах байрны нөөцийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. УОК-оос бямба, ням гарагт байнгын шуурхай хуралдаж байна.
БАРИМТ 6
Хоёрдугаар сарын нэгнээс Алтанбулаг боомтыг барааны хязгаарлалт, гарагийн зохицуулалттайгаар нээнэ.
БАРИМТ 7
Хоёр улсын хилийн заагаас ачааны машины толгой сэлгэн ачих байдлаар барааны татан авалт хийнэ.
БАРИМТ 8
Үүнтэй холбоотойгоор УОК-ын хурлаар 20 гаруй сая төгрөгийг шийдэж, тус боомтод шинжилгээ авах цэг нээхээр бэлтгэл хангаж байна. Мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллага, хил хамгааллын байгууллага хамтран ажиллаж байна.
БАРИМТ 9
Замын-Үүдэд арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл өдөрт 20-25 машин нэвтэрч байсан бол арванхоёрдугаар сарын 28-наас 50 жолооч болгон нэмж тээвэрлэлт явуулсан. Өнөөдрийн байдлаар өдөрт 100-150 машинаар бараа татан авч байна.
БАРИМТ 10
Замын-Үүд боомт дахь ачааны машины бөөгнөрлийн асуудал шийдэгдсэн. Одоо тус боомтод БНХАУ руу нэвтрэх махны 94 машин байна. Цаанаас өдөрт зургаан машин мах татан авч буй учир хүлээлт үүсэж байна.
БАРИМТ 11
Хоёрдугаар сарын дундаас эхлэн Хятадын тал манай улсаас тус улсад тээвэрлэлт хийх жолоочийн тоог 100 болгон нэмэгдүүлэхээр болсон.
БАРИМТ 12
Хэрэв 100 жолооч ажиллаад эхэлбэл тус боомтоор өдөрт дунджаар 250 машин бараа тээвэрлэх боломж бүрдэнэ.
БАРИМТ 13
Ирэх хаврын их бүтээн байгуулалтын үед Зам-Үүд, Эрээний боомтоор ачаа тээвэрлэх ажилд хүндрэл гаргахгүй байхаар Хятадын талтай тохирсон.
БАРИМТ 14
Нүүрсний экспортын гол боомт Шивээхүрэнгийн боомтоор арванхоёрдугаар сарын эхээр өдөрт 100 хүрэхгүй машин нэвтэрч байсан бол өнөөдөр 500 машин нэвтэрч байна. Гашуунсухайт боомтыг оруулбал өдөрт нийт 800 машин нэвтэрч байгаа юм.
БАРИМТ 15
Нэвтрэх машины тоог 1500 хүргэж байж экспортын орлогын төсөвт тавьсан зорилтдоо хүрнэ. Тиймээс нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Гашуунсухайт боомтод ажиллаж байна.
БАРИМТ 16
Цагааннуур, Эрээнцавын боомтоор одоогоор шатахуун оруулж байгаа.
БАРИМТ 17
Вакцин яг хэзээ орж ирэхийг одоо хэлэхэд эрт байна. Ирэх долоо хоногийн эхээр Засгийн газраас вакцинжуулалтын талаар иргэддээ дэлгэрэнгүй мэдээлэл хийх байх. Энэ оны нэгдүгээр улиралдаа багтаан оруулж ирнэ гэдгийг баттай хэлэх байна.
БАРИМТ 18
Одоогоор Ази, Европын 60-аад орон иргэдээ вакцинжуулж эхэлсэн. Монгол Улс ч энэ оны нэгдүгээр улиралд дархлаажуултыг эхлүүлнэ.
БАРИМТ 19
Вакцинжуулах үндэсний хөтөлбөр, Вакцинжуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, Вакцинжуулалтын үйл явцын хяналтын төлөвлөгөөг мөн баталсан. Монгол Улсад коронавирусийн вакцинжуулалт хийх бэлтгэл бүрэн хангагдсан.
БАРИМТ 20
Эхний ээлжинд вакцинжуулалтын чиглэлээр ажиллах 150 хүнийг өнгөрсөн долоо хоногт сургалтад хамруулсан.
БАРИМТ 21
Вакцин тус бүрийн хадгалалтын горимд нийцсэн хөргүүрүүдийг худалдан авсан. -70 градуст хадгалах горимтой Pfizer-ийн вакцин хадгалах хөргүүр ч манай улсад байна.
БАРИМТ 22
Тусгай зориулалтын тариурыг захиалсан. ДЭМБ-ын холбогдох байгууллагууд манай улсын вакцин хадгалах, вакцинжуулалт хийх бэлтгэл ажил сайн явагдаж байна гэсэн үнэлгээ өгсөн.
БАРИМТ 23
Цагаан сараар хатуу хөл хорио тогтооно. Ажил хариуцаж байсан хүний хувьд би цагаан сараар хатуу хөл хорио тогтоох ёстой гэсэн саналаа УОК-ын дараагийн даргад хэлж, үлдээнэ. Улсын энэ хариуцлагатай ажлыг нэр төртэй, хоёргүй сэтгэлээр хашсан гэж үзэж байна.
БАРИМТ 24
Засгийн газар ажил хариуцаж байсан хүмүүсийн алдаанаас болж, огцрох шийдвэрээ гаргасан. Энэ бол улс төрийн шийдвэр байсан. Энэ байр сууриа өөрчлөхгүй. Тиймээс би дараагийн Засгийн газарт ажиллахгүй. Ер нь Засгийн газрын үйл ажиллагаа залгамж чанартай үргэлжлэх ёстой. Тиймээс энэ танхимын гишүүдээс зарим сайдууд ажлаа үргэлжлүүлээсэй гэж хүсч байна.
Сэтгэгдэл (18)