БАРИМТ 1
Банкны тухай хуулийн төслийг баталбал зээлийн хүү буурах нөхцөл байдал үүснэ. Банкууд хувьцаагаа борлуулахын тулд үйл ажиллагаагаа илүү сайжруулах шаардлагатай нүүр тулна. Банк хоорондын өрсөлдөөн идэвхжинэ. Банкууд өрсөлдөөнд орсноор эцсийн үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн зээлийн хүү, шимтгэл буурна. Банк хоорондын өрсөлдөөн ширүүсч байж, банкны зээлийн хүү аажмаар буурна.
БАРИМТ 2
Банкин дахь хадгаламж цөөн хэдэн хүний гарт бий. Их мөнгөтэй хүмүүс хэдэн арилжааны банкаа хооронд нь уралдуулж, хэн өндөр хүү өгсөнд нь мөнгөө байршуулдаг. Мөнгөтэй хүмүүсийг буруутгаж байгаа юм биш. Хэн ч өгөөж хайх нь тодорхой.
БАРИМТ 3
Банкны тухай хуулийг батлуулж чадвал банкууд хувьцаагаа олон нийтэд зарж эхэлбэл мөнгөтэй хүмүүст банкны эзэн болох нөхцөл бүрдэнэ. Тэр утгаараа банкин дахь хадгаламжийн төвлөрөл аажмаар буурна.
БАРИМТ 4
Зээлийн хүүнд нөлөөлдөг маш олон хүчин зүйл бий. Макро эдийн засаг, мөнгөний бодлого тогтвортой байх ёстой, гадны хөрөнгө оруулалт орж ирэх учиртай, том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй.
БАРИМТ 5
Банкны эздийн эзэмших хувийг 20-иор хязгаарласнаар иргэдэд банкны эзэн болох боломж бүрдэнэ. Та ч гэсэн харилцагч банкныхаа хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмшсэн банкиндаа хяналтаа тавиад явах боломжтой. Таны төлж буй зээлийн хүү, шимтгэлийг юунд зарцуулж байгааг хянаад явах боломжийг нээнэ.
БАРИМТ 6
Том хувьцаа эзэмшигч эзэд нь томоотой байна уу, томоогүй байна уу, хэнд зээл гаргаж байна вэ, хамгийн том 20 зээлдэгч нь хэн юм, ямар хүмүүс зээлээ төлдөггүй муу зээлдэгч болсныг та мэдэх эрхтэй болно.
БАРИМТ 7
Банкны эздийн эсэргүүцэл над руу гүтгэлэг дайралтын хэлбэрээр илэрч байна. Намайг зохион байгуулалттайгаар харлуулж, ямар нэгэн байдлаар дарамталж байгаад энэ хуулийн төслийг унагаах зорилго байгааг ч үгүйсгэхгүй. Гэхдээ нэг л зүйлийг онцолж хэлье. Бид зорилгоосоо ухрахгүй. Ухрах зам байхгүй.
БАРИМТ 8
Яаж ч харлуулж шороотой хутгасан би зорилгоосоо ухрахгүй. Реформоо хийнэ. Ийм реформ хийх агуулга Засгийн газар, МАН-ын хөтөлбөрт бий. Сонгогчид маань намайг сонгохдоо банкуудыг байранд нь тавь, зээлийн хүүг бууруул, жижиг, дунд бизнесээ дэмжээрэй гэж хүссэн. Сонгогчдодоо амласан амлалтаа биелүүлэх замаасаа ухрах бодол байхгүй.
БАРИМТ 9
Хөгжиж буй болон хөгжсөн орнуудын Төвбанк банкны хувь эзэмшил дээр хязгаар тогтоодог. Улс орныхоо нөхцөл байдлаас хамаараад 10, 20 хувь, бүр 30, 40 хувиар хязгаар тогтоосон улс ч бий. Монголбанк 46 орныг хамарсан судалгаа хийсэн байсан. Судалгаанаас харахад дундаж нь 20 хувьтай байна билээ. Ингэхээр бидний хуулийн төсөлдөө тусгасан 20 хувь гэдэг тоо гаднын стандарт, жишигтэй нийцсэн гэсэн үг.
БАРИМТ 10
Хуулийн төслийг баталснаар иргэн бүрд банкны эзэн болох боломжийг нээнэ. Иргэн бүр арилжааны банкинд хяналт тавьж эхэлнэ.
БАРИМТ 11
ТУЗ есөн гишүүнтэй байхаас гурав нь хараат бус байна. Хараат бус гишүүд нь жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаална, удирдлагынх нь ажилд хяналт тавина. Ингэж байж банкны салбар эрүүлжинэ.
БАРИМТ 12
Хэрвээ энэ төслийг унагавал арилжааны банкууд асар хүчтэй лоббитой, нөлөөтэй нь нотлогдоно. Магадгүй ийм тохиолдол үүсвэл банкны эзэд намайг хувь хүн, гишүүний хувьд дийлсэн гэж харагдах байх.
БАРИМТ 13
Харамсалтай нь нийгэм, эдийн засаг, санхүүгийн салбарт маш том сөрөг нөлөө үзүүлнэ. Банкны салбарын ил тод байдал, засаглал нь сайжрахгүй. Банкны эзэд нь дуртай үйл ажиллагаагаа зоргоороо явуулдаг хэвээр үлдэнэ.
БАРИМТ 14
Банкны эзэд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг дур мэдэн зарцуулаад байна. Наад захын том жишээ гэхэд л, Эрдэнэтийн 49 хувь байна шүү дээ. Нэг банкны эзэн төмөр зам барьж байна гэсэн мэдээлэл дуулдаж байна. Энэ гажуудал ганц манай улсад ч илрээд байгаа юм биш. Дэлхийн улс орнуудын туулаад ирсэн түүх. АНУ-д 100 гаруй жилийн өмнө ийм нөхцөл байдал үүссэн түүх бий. Америкийн арилжааны банкны эзэд нь төмөр зам, гангийн үйлдвэртэй, барилга, үл хөдлөх гээд бүх юм руу орчихсон байсан. Тэдний монополыг хуулиар задалж байж, АНУ өнөөгийнхөө хөгжилд хүрсэн.
БАРИМТ 15
Солонгос байна. Банкны эзэд нь бүх бизнест оролцдог байсан. Солонгосын арилжааны банкууд 1998 онд дампуурч, төр, засаг нь оролцож байж, банкуудаа эрүүлжүүлсэн. Ингэсний хүчинд Солонгосын эдийн засаг цэцэглэж яваа. Бид тэдний алдааг давтаж болохгүй.
БАРИМТ 16
Нөгөө талаас дайралтууд ирэх тусам энэ реформыг заавал хийх ёстой юм байна гэдэгтээ 150 хувь итгэлтэй болсон. Тийм учраас бид энэ реформыг хийнэ. Намайг гүтгэж, дайрч байгаа арилжааны банкны эздэд “Над руу дайрч цаг зав, мөнгө төгрөгөө үрэхийнхээ оронд зээлийн хүүгээ бууруул” гэж хэлмээр байна.
БАРИМТ 17
Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилоход Засгийн газраас надад маш тодорхой гурван чиглэл өгсөн. Эхнийх нь муу зээлтэй холбоотой. Муу зээлийг төлүүлэх, муу зээлийн багцыг тодорхойл гэсэн. Харилцагчидтай уулзаж, зээлийг нь төлүүлэхэд яриа хэлэлцээ өрнүүлж, төлөхгүйг нь шүүх, хуулийн байгууллагад өгөх мэтээр эрчимтэй ажилласан.
БАРИМТ 18
Хоёрдугаар чиглэл нь экспортод илүү хамаатай. Экспортод чиглэсэн стратегийн ач холбогдолтой томоохон төсөл, томоохон аж ахуйн нэгжүүдийг дэмж гэсэн чиглэл өгсөн. Экспортын төслүүд гэхээр манай улсын хувьд уул уурхай, ноос ноолуурын салбар гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Импортыг орлох томоохон төсөл гэвэл газрын тосны үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байгаа.
БАРИМТ 19
Гурав дахь чиглэл нь Хөгжлийн банкны дотоод дүрэм, журамтай холбоотой. Тэр дундаа эрсдлийн үнэлгээ, үйл ажиллагааны эрсдэл, дотоод дүрэм журмыг аль болох олон улсын стандартад дүйцүүлэхэд анхаарч ажиллаарай гэсэн. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллахдаа Засгийн газраас өгсөн энэ чиглэлүүдийг л барьж ажилласан.
БАРИМТ 20
Би Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлаа нэр төртэй, ёс зүйтэй, нүүр бардам ажилласан гэдэгтээ 100 хувь итгэлтэй байгаа. Хэзээ ч хэнээс ч ичихээр юм хийгээгүй.
БАРИМТ 21
Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй, 21 гишүүний санал нэгдэж, өргөн барьсан тогтоолын төслийг зориудаар хольж, хутгаж байна. Зээлийн хүү бууруулангуутаа өөрсдийнхөө хамаарал бүхий зээлийн хүүг хөнгөлөх нь гэсэн ямар ч утга учиргүй, тэс хөндлөн зүйл ярьж байна. Гэтэл энэ хоёр асуудал хоорондоо ямар ч хамааралгүй.
БАРИМТ 22
Харамсалтай нь, энэхүү хоёр хуулийн төсөл цаг хугацааны хувьд давхацчихлаа. Давхацсан нь цар тахалтай холбоотой.
БАРИМТ 23
Эдийн засгийг авч яваа аж ахуйн нэгжүүд нь хүнд байдалд орчихоор Монгол улс маш том эрсдэлтэй нүүр тулахаас аргагүйд хүрнэ.
БАРИМТ 24
Ажилгүйдэд гаарахаас эхлээд олон асуудал үүсч, ард нь ийм аюул байгаа учраас хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүддээ төр нь мөнгө өгч тусалъя, 2.5 тэрбум хүртэл орлоготой жижиг, дунд бизнес эрхэлж яваа зээлтэй аж ахуйн нэгжүүдээ төрөөс дэмжье гэсэн санаагаар өргөн барьсан тогтоолын төслийг Банкны тухай хуулийн төсөлтэй хольж, хутгах ямар ч шалтгаан байхгүй.
Сэтгэгдэл (22)