Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өчигдөр сэтгэл санааг эмзэглүүлсэн үйл явдал болсон. Би эцэг хүн, үр хүүхэдтэй. Надад эцэг хүний хувьд, Ерөнхий сайдын хувьд сэтгэл эмзэглүүлсэн явдалд тэр эмэгтэйгээс, нийт ард иргэдээсээ хариуцлагагүй ажилласан нөхдийн өмнөөс, мөн хувиасаа чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Үүнд, Монгол Улсын Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Би ард түмэндээ ээлтэй үйлчилдэг төр, засаг байгаасай гэж бодож, эрмэлзэж, хичээж ирсэн.
Цар тахал аюулт өвчин нөмөрч, монголчууд бид хүндхэн цаг үед амьдарч байна. Цар тахлыг амжилттай давж гарахын төлөө Засгийн газар, УОК бүхий л чадлаа дайчилж ажилласан.
Амжилт бүтээл ч байгаа, алдаа оноо ч байгаа. Өнөөдөр Монгол Улсад халдвараар хүн эндээгүй байна. Өмнө түүхэнд хийж байгаагүй ажил. Хийж үзээгүй ажлаа хийхэд алдаа, оноо гардгийг хүн бүхэн мэднэ. Өдөр шөнөгүй хүч бололцоогоо дайчилж, гэр бүлээ орхиж, цар тахлын голомтод ажилласан хүмүүст талархаж, баярлаж байна. Гэхдээ хариуцлага алдлаа. Тиймээс шат шатандаа хариуцлага, дэг журмыг сайжруулж, алдаа гарвал хариуцлагаа үүрч чаддаг төр, засаг байх ёстой. Үүнийг би байнга сануулж ирсэн. Энэ алдаанаас болж манай танхимын хоёр гишүүн огцрох өргөдлөө өгсөн. Би цэргийн хүн, офицер хүн. Дайны тулаанд хамт орж, үхэх, сэхэхээ үзнэ, энэ кабинетаараа элэг бүтэн ажиллана гэж төлөвлөсөн. Харамсалтай нь, чадсангүй. Харамсч байна. Ард түмэн маань нэн ялангуяа залуус Төв талбайд цуглан жагсаал, цуглаан хийсэн. Би үүнийг маш зүйтэй гэж бодож байгаа. Тэдний тавьсан шаардлагыг би хүлээж авч байна. Энэ хариуцлагыг би Ерөнхий сайдын хувьд үүрэх ёстой.
Хариуцлагыг хамтаараа үүрдэг гэдэг хүмүүжлийг хүүхэд байхаасаа л олж авсан. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд гэсэн эрхэм хүндтэй албан тушаалаасаа огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.
Итгэж, найдаж явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга залуусыг үймээнд турхирч, санхүүжүүлж, улстөржүүлсэнд миний итгэл найдвар үнэхээр алдарлаа. Засгийн газрыг тогтворгүй байлгах, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах ийм зүйл төлөвлөж байгааг үгүйсгэхгүй. Улс төрийн янз бүрийн зүй бус харьцаа үүсэхвий, үүнээс болж олон нийтийг хамарсан үймээнд татагдан орохвий, монгол хүн амь насаа алдахвий гэхээс сэрэмжилж байгаа юм. Долоодугаар сарын 1-ныг бид мартаагүй. Ийм явдал дахин бүү гараасай гэж хүсч байна. Миний шийдвэр ч үүнтэй холбоотой. Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч байдаг. Харамсалтай нь, энэ ажлаа хийж чадахгүй, зөвхөн сонгууль руу чиглэсэн улс төрийн акцыг удаа дараа хийж ирлээ. Ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.
Цаашдаа ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай гэж хүсч байна. Мөн энэ үйлдэлд нь хариуцлага тооцох ёстой гэж намын даргын хувьд бодож байгаагаа илэрхийлье. Тиймээс улс орны тогтвортой байдал, ард түмний амгалан тайван байдлыг бодож, цар тахлын энэ хүнд цагт улс төрийн янз бүрийн үймээн самуун гарахвий гэхээс сэргийлж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна. Тиймээс огцорч байна. Маргааш нөгөөдрөөс шинэ Ерөнхий сайдыг томилох ёстой. Цар тахлын хүнд цагт улс төр хийж суух цаг биш. Тогтвортой байдлыг хангах ёстой. Ард түмнээ аюулт халдвараас хамгаалах ажлыг зохион байгуулах ёстой. Бид цар тахлыг харьцангуй хумьсан. Цагаан сарын дараагаас вакцин оруулж ирэх асуудлыг тохирсон. Эхний ээлжид вакцин нийлүүлэхээ Энэтхэгийн Засгийн газар мэдэгдсэн.
Миний бие улс төрөөс яваагүй. Урьдын адил Монгол Улс, хүн ардынхаа төлөө хүчин зүтгэнэ.
Надтай таван жил хамт ажилласан хэвлэлийнхэндээ баярлалаа. 2015 онд Ерөнхий сайдаар анх томилогдсон. Таван жил эрхэм нэр хүндтэй албыг хашлаа. Гацаад байсан олон арван төсөл хөтөлбөрүүд үйл ажиллагаанд орсон. Улаанбаатар утаанаасаа салж эхэллээ. Хийсэн бүтээсэн ажил гэвэл их зүйлийг ярина. Дэмжлэг үзүүлж байсан хэн бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа дахин илэрхийлье.
У.Тэргэл
Сэтгэгдэл (6)