БАРИМТ 1
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд "үл өрсөлдөх үүрэг" гэж шинээр зааж өгчээ. Энэ нь тухайн ажилтан ажлаас гарлаа гэхэд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгч компанид ажилд орох байдлыг тодорхой хугацаанд хааж өгсөн гэсэн үг.
БАРИМТ 2
Одоогийн хэрэгжүүлж байгаа хуульд ээлжийн амралтын суурь хугацаа 15 хоног байдаг. Шинэ хуулиар 20 хоног болгон нэмэгдэл хоногийг багасгасан.
БАРИМТ 3
Одоогийн мөрдөж байгаа хуульд зургаан жил ажилласан бол нэмэгдэл гурав хоногийн амралт эдэлдэг. Тэгвэл шинэчилсэн найруулгад суурь амралтын хоногийн хугацааг 20 болгон, ажилласан жилийн нэмэгдэл хоногийн амралтыг байхгүй болгож, олон жил ажилласны нэмэгдлийг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулахаар оруулсан.
БАРИМТ 4
Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, мөн амрах хугацаа 14 хоног байх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулжээ.
БАРИМТ 5
Ажил олгогч ажилтантай байршил, хугацааг тохиролцон дуудаж ажиллуулахад бэлэн байхаар хүлээлгэсэн хугацааг ажилласан цагт тооцох буюу “Дуудлагын цаг” гэж хуульд тусгасан байна.
БАРИМТ 6
Ажлаа хүлээлгэж өгөхгүй хаяад явчихдаг ажилтнууд байдаг. Үүнийг хуулийн төсөлд “Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн бичиг баримт, мэдээлэл /биет болон цахим /шаардлагатай бусад зүйлийн нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж заажээ.
БАРИМТ 7
Ажилтан үндсэн цагаасаа өөр бусад цагт байгууллагатай зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах боломжийг одоогийн хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн шинэ хуулиар зөвшөөрснөөрөө давуу талтай.
БАРИМТ 8
"Иргэнийг ажилд авахад эрхлэх ажил, үүргийн онцлогтой холбоогүй тохиолдолд түүний хувийн амьдрал, үзэл бодолтой холбоотой, гэрлэлтийн байдал, намын харьяалал, шүтдэг шашных нь тухай болон жирэмсэн эсэх талаар асуулт тавьж болохгүй" гэсэн заалт оржээ. Тиймээс ажил олгогч ажлын ярилцлагын үед ийм төрлийн асуулт асуусан тохиолдолд хариулахгүй байж болох аж.
БАРИМТ 9
Зөвхөн зургаа ба түүнээс дээш сар ажилласан хүнд үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно. Гэхдээ энэ тэтгэмжийг ажлаа орхиод явсан, эсвэл ажилдаа тэнцэхгүй болоод, сахилгын шийтгэл хүртээд халагдсан хүнд өгөхгүй. Зөвхөн ажил олгогч өөрөө халсан, гэхдээ цомхотголд орсон, эрүүл мэнд, ажлын ур чадвараараа тэнцэхгүй болсон, тэтгэвэрт гарч байгаа хүнд өгөх аж. Үүнд, 6 сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг сарын, 2-5 жил ажилласан бол хоёр сарын, 5-10 жил ажилласан бол гурван сарын, 10 дээш жил бол дөрвөн сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахаар хуулийн төсөлд тусгажээ.
БАРИМТ 10
Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд, өөрт нь ганцаарчилсан байдлаар хаалттай сануулах, нийт ажилтанд зарлан нээлттэй сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, албан тушаал бууруулах, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхэлтийн харилцааг цуцлах зэрэг орж байна.
БАРИМТ 11
Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан тохиолдолд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ. Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 25 өдөр байна. Ажлын бүтэн бус цагийн ажилтанд тухайн ажлын жилд нийт ажилласан цагийг нь тооцож, ногдох ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралт олгоно.
БАРИМТ 12
Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна.
БАРИМТ 13
Ажил олгогч хүндэтгэх шалтгаангүйгээр цалин хөлсийг заасан хугацаанд олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам олгох ёстой цалин хөлсний 0.3 хувьтай тэнцэх алданги тооцож, ажилтанд нөхөж олгоно.
БАРИМТ 14
Ажлын дээд хязгаарыг долоон хоногт 56 цаг байлгаж, өдөрт ажиллах илүү цагийн хязгаарыг дөрвөн цагт багтаахаар тусгасан.
БАРИМТ 15
Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд ийнхүү хариуцлага хүлээлгэсэн нь сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
БАРИМТ 16
Дагалдан ажилтны үндсэн цалинг түүний гүйцэтгэх ажил үүрэг, эзэмших ажлын дадлага, ур чадвар зэргийг өөртэй нь тохиролцож тогтоох бөгөөд ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн ажилтны үндсэн цалингийн 70 хувиас доогуур байж болохгүй.
БАРИМТ 17
Туршилтаар ажиллах ажилтны үндсэн цалинг тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байхаар тогтоох бөгөөд түүнд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговрыг энэ хуульд заасны дагуу олгоно. Туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ.
БАРИМТ 18
Ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч түүнтэй зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Ажил олгогч туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай ажил үүргийн онцлогийг харгалзан ажил, амралтын цагийг энэ хуульд зааснаас өөрөөр харилцан тохиролцож болно.
БАРИМТ 19
Ажил олгогч нь туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтанг долоо хоногт тасралтгүй 24 цагаас дээш хугацаагаар амраах, энэ хуульд заасны дагуу ээлжийн амралт олгох үүрэгтэй.
БАРИМТ 20
Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө.
БАРИМТ 21
Зарим ажил олгогч ажилд авч байгаа хүний боловсролын баримт бичгийг эх хувиар нь хураан авдаг. Тэгвэл Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад төсөлд үүнийг хориглосон байна. Тодруулбал, “Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэт бүхий зүйл, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн бичиг баримтыг шаардан авч барьцаалахыг хориглоно” гэжээ.
БАРИМТ 22
Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж, олгоно.
БАРИМТ 23
Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгүүлэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно.
БАРИМТ 24
Төрийн албан хаагчийн ажилласан хугацааг харгалзан үндсэн амралтын 20 ажлын өдөр дээр дараах нэмэгдэл амралт олгоно. Тодруулбал, 16-20 жилд ажлын 2 өдөр, 21-25 жилд ажлын 4 өдөр, 26-31 жилд ажлын 6 өдөр 32, түүнээс дээш жилд ажлын 9 өдөр гэсэн санал оруулаад байгаа юм.
Сэтгэгдэл (3)