БАРИМТ 1
Улаанбаатар хотод зарлаад байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06 цагаас эхлэн нэг шат буурууллаа.
БАРИМТ 2
Үйл ажиллагааг нь хориглогдох салбарууд: Бүх төрлийн хувцас, гэр ахуйн болон цахилгаан хэрэгслийн худалдааны төв, засвар үйлчилгээ, гар утас, баар, цахим болон тоглоомын газар, фитнесс төв, спорт заал, иогийн газар, саун, массажны газар, урлаг соёлын газрууд, үзвэр үйлчилгээний газрууд, үсчин, гоо сайхан, бариа засал, алжаал тайлах төв, зочид буудал, явуулын үйлчилгээний түргэн хоолын цэгүүд, нийтийн халуун ус, дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ, үйлдвэрлэлийн сургалт гэсэн 18 газрын үйл ажиллагааг хориглох захирамж гарахаар болсон. Мөн бүх нийтийг хамарсан хурал цуглаан, аялал зугаалга, хурим найрын үйл ажиллагааг явуулахыг хориглох юм.
БАРИМТ 3
Эдгээрээс бусад газруудын үйл ажиллагаагаа өнөөдрөөс хэвийн явагдана.
БАРИМТ 4
Хөл хорионы үеэр иргэд гэртээ байж, ажил, амьдралаа зохицуулж байсан. Тиймээс ажил эхлэхэд бүгд шинжилгээ хийлгэсэн байх шаардлагагүй гэдгийг НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар онцолсон.
БАРИМТ 5
Үйл ажиллагааг нь нээх буй аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь чухал.
БАРИМТ 6
Байгууллага хамт олноороо бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарах хэрэгтэй, зай барих нь маш чухал. Ажилчид хамт сууж хоол идэх зэргээс зайлсхийх.
БАРИМТ 7
Аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдыгаа өглөө ажилдаа ирэхэд нь халууныг нь үзэж, халдварын голомттой хэсгээр явсан эсэхийг тодруулах шаардлагатай.
БАРИМТ 8
Бэлэн байдлын зэрэглэлийг нэг шат бууруулсантай холбоотойгоор өглөөний 06:00 цагаас эхлэн нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд гарлаа.
БАРИМТ 9
Автомашины дугаарын хязгаарлалт хуучин горимоороо явж эхлэв.
БАРИМТ 10
Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байна. Зайлшгүй гарах тохиолдолд PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай.
БАРИМТ 11
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг өнөөдрөөс мөн нээхээр болсон.
БАРИМТ 12
Харин тус газарт байрладаг үйчилгээний байгууллагууд ажиллахгүй.
БАРИМТ 13
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг нээсэн нь иргэд зөвхөн гэр бүлээрээ агаарт гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.
БАРИМТ 14
Тиймээс салхинд гарах иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйн тулд холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт дор тодорхой маршрутыг нээнэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээлсэн.
БАРИМТ 15
Иргэд хамт олноороо биш зөвхөн гэр бүлээрээ, хэт олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр агаарт гарах хэрэгтэй.
БАРИМТ 16
Бэлэн байдлын зэрэглэлийн дэглэм буурч байгаа ч Улаанбаатар хотод халдварын голомтууд идэвхтэй хэвээр байгаа учир иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх шаардлагатай юм.
БАРИМТ 17
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Ахуйн болон соёлын барааг нээх шийдвэр гараагүй номын худалдаа нь соёлын бараа учир нээгээгүй” гэдгийг онцолсон.
БАРИМТ 18
Мөн тэрбээр “ТҮЦ нь нийслэлд 1000 гаруй байдаг ба тус газруудад хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг ноцтой зөрчсөн, стандартын худалдаа явах боломжгүй, хог хаягдал, халуун хүйтэн ус, 00-ын асуудал шийдэгдээгүй. Тиймээс эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэм сахиулах боломжгүй учраас нээх боломжгүй” гэсэн юм.
БАРИМТ 19
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "ТҮЦ болон гар дээрээс бараа бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг, үсчин, гоо сайхны үйлчилгээ эрхлэгч, барилгын ажил хийдэг зэрэг хүмүүсийн судалгааг хийж байгаа. Тусламж дэмжлэгийнхээ үйл ажиллагааг тэдэн рүү чиглүүлж, дэмжих чиглэлээр ажиллаж байна".
БАРИМТ 20
Монгол Улсын Засгийн газраас Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Тэгвэл бэлэн байдлын зэрэглэлийг буруулж байгаатай холбоотойгоор тухайн цаг үед нь тодорхой хязгаарлалтууд тогтоох асуудлыг нийслэлийн хэмжээнд ярьж байгаа аж.
БАРИМТ 21
Цагаан сартай холбоотойгоор нийслэл зохицуулалт хийж, хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэрүүд гаргана. Нөхцөл байдалтайгаа уялдуулаад шийдвэр гаргах бөгөөд иргэд болон бизнес эрхлэгчдэдээ аль болох урьдчилаад мэдээлэл өгөх, ижил түвшний мэдээлэлтэй байлгах боломжоор хангана гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн тодотгосон.
БАРИМТ 22
Манай улсад төдийгүй дэлхийн улс орнуудад ч гэсэн эрүүл мэндийн салбар нь голомтын эх үүсвэр болох эрсдэл өндөр байгаа. Хамгийн гол нь тухайн эмнэлэг халдвар хамгааллын дэглэм баримтлаагүйгээс болж халдвар гарч байна уу эсвэл үйл ажиллагаагаа явуулж байгаад эмч мэргэжилтнүүд халдвар авсан уу гэдгийг нь тогтоох ёстой. Үнэхээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаад халдвар авсан байхад тэднийг буруутгаж болохгүй.
БАРИМТ 23
Улаанбаатарт анхны тохиолдол бүртгэгдээд хоёр сар болж байна. Нэг тохиолдлоос Улаанбаатар хотод халдвар тархахад ямар хурдтай, ямар эрчимтэй тархахыг нөхцөл байдалтайгаа уялдуулан судалгаа хийсэн байна. Нэг халдварын намжих хугацаа нь 16 долоо хоног буюу дөрвөн сар байна.
БАРИМТ 24
Үүний 8-9 дэх долоо хоногт тархалт өндөр байна. Хөл хорио тогтоогоогүй бол халдвар илэрснээс 8-9 дэх долоо хоногийн дараа 12 мянган халдвар оношлогдож, нэг өдөрт 500 гаруй тохиолдол илрэх тооцоо гарчээ. Манай иргэд хөл хорио тогтоох үед иргэд маш хариуцлагатай хандсан. Иргэд амны хаалтаа тайлахгүй, зай барьж дадсан байна. Төр болон иргэдийн оролцоотойгоор халдварыг тодорхой түвшинд барьж байна гэдгийг Улсын Онцгой комиссоос мэдээлсэн.
Сэтгэгдэл (2)