БАРИМТ 1
Засгийн газрын 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд авах арга хэмжээний тухай тогтоолыг баталсан.
БАРИМТ 2
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар хуульчилсан юм.
БАРИМТ 3
Зорчих эрхийг хязгаарлах хууль гурван агуулгатай. Гартаа болон хөлдөө хязгаарлалтын цахим бугуйвч зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орно. Мөн тодорхой маршрутаар зорчихыг баталгаажуулж болно.
БАРИМТ 4
Ялыг хэрэгжүүлснээр хүн ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлтэйгээ байж, тодорхой хуулийн хязгаарлалтад ялаа хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх аж.
БАРИМТ 5
Уг ялыг анх удаа хөнгөн, болгоомжгүйгээсээ гэмт хэрэг үйлдсэн хүнд ногдуулах бөгөөд хүндэвтэр, хүнд хэрэгт хамаарахгүй.
БАРИМТ 6
Covid-19” халдварт цар тахлын эрсдэлтэй үед нийт иргэдийн орлогыг хамгаалах, нийгмийн туслалцаа дэмжлэг зайлшгүй шаардлагатай эмзэг бүлгийн иргэдийн халамжийг нэмэгдүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын арга хэмжээг 2021 онд хэсэгчлэн үргэлжлүүлээр болсон.
БАРИМТ 7
Нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бүрэн чөлөөлсөн.
БАРИМТ 8
2020 оны 10-12 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч таван хувь, даатгуулагч таван хувь байхаар тооцож, хөнгөлөлт байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлэхээр болсон.
БАРИМТ 9
2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дээрх чөлөөлөлт болон хөнгөлөлтөд хамрагдсан ажил олгогч аж, ахуйн нэгжүүд болон даатгуулагчид нийгмийн даатгалын шимтгэлээ 22 хувиар төлж эхлэх юм.
БАРИМТ 10
Засгийн газраас ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2021 оны долоодугаар сарын 1-нийг хүртэл нийт дүнгээр нь 3-5 пунктээр бууруулах замаар нийгмийн даатгалын шимтгэлийн нийт хэмжээг 17 хувьд хүргэхээр төлөвлөсөн.
БАРИМТ 11
Монгол Улсын 2021 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5,284.6 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэх юм.
БАРИМТ 12
Зардлын 94.6 хувь буюу 4.998.1 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 5.4 хувь буюу 286.5 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардлыг тусгажээ.
БАРИМТ 13
2021 оны төсөвт ЖДҮ-г дэмжих сангийн зардлыг тэглэсэн. Өөрөөр хэлбэл, ЖДҮДС-нд 2021 оны төсвөөс нэг ч төгрөг олгохгүй гэсэн үг .
БАРИМТ 14
Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт өнөөдөр 62.263 аж, ахуйн нэгжийн 800 мянга гаруй хүн ажилладаг. Нийт ажиллах хүчний 80 гаруй хувь нь хамаардаг гэсэн үг.
БАРИМТ 15
2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 12 бас түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрөв.
БАРИМТ 16
Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх юм.
БАРИМТ 17
Тоглоомоор хангах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх болон шаардагдах бусад зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгана.
БАРИМТ 18
2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг, яслитай болно.
БАРИМТ 19
Эдгээрт амьжиргааны түвшин доогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3600 хүүхдийг хамруулна гэсэн судалгаа гарчээ.
БАРИМТ 20
2022-2023 оны хичээлийн жилээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн дэргэд ясли ажиллуулахыг дэмжсэнээр жилд хамгийн багадаа 8000 орчим хүүхэд яслид явах боломж бүрдэнэ.
БАРИМТ 21
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх боломж бүрдсэн.
БАРИМТ 22
Тодруулбал, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхгүй болсон.
БАРИМТ 23
Өмнө нь хэрэгжүүлж байсан хуулийн хүрээнд даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын жилийн дээд хязгаарыг хоёр сая төгрөг байхаар тогтоосон байсан.
БАРИМТ 24
Дээд хязгаарт өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүй байхаар зохицуулсан байсан бол өнөөдрөөс эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх юм.
Сэтгэгдэл (3)