УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүдийн санаачилж өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын өчигдрийн чуулганаар хэлэлцсэн.
Уг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, Ерөнхий шүүгчдийг огцруулах, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг хүчингүй болгохоор тусгасан юм.
Одоогийн хуульд байгаа дээрх заалтууд нь Үндсэн хуульд нийцээгүй эрх хэмжээг Ерөнхийлөгчид олгосон гэж төсөл санаачлагчид үзэж байгаа билээ.
УИХ-ын өчигдрийн хуралдаанаар уг төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр байнгын хороо руу буцаасан.
Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн чуулганы хуралдаан дээр олон гишүүн байр сууриа илэрхийлснээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэлсэн санал анхаарал татаж байлаа. Тэрбээр эдгээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар АТГ зэргийн удирдлагыг төрийн тэргүүн томилж, түүгээрээ дамжуулан хуулийн байгууллагуудыг атгаж, өрсөлдөгчдөө намнадаг байсныг өөрчилж байгаа нь зөв ч эргээд Ерөнхий сайдад эдгээр эрх мэдлийг өгснөөр ялсан намын дарга тийм эрх мэдлийг атгадаг жишиг тогтоох вий гэж болгоомжилж байгаагаа хэлсэн юм.
Протоколд тэмдэглүүлэхийн тулд үг хэлж байгаагаа Н.Алтанхуяг гишүүн онцлоод “Хуулийн төслийн ерөнхий агуулгыг дэмжиж байгаа ч нэг эргэлзэх зүйл байгааг протоколд тэмдэглүүлье.
Үндсэн хуулиар зөвшөөрөөгүй эрхийг Ерөнхийлөгчид олгосон гээд өөрчилж байгаа нь зөв. Нарийн яривал АТГ ч Үндсэн хуулийн субъект биш.
Гэтэл Ц.Элбэгдоржийн үед Үндсэн хуульд байхгүй юм гаргаж ирээд, Үндсэн хуульд заагаагүй эрхийг эдлэж байсан нь үнэн. Ц.Элбэгдоржоор тэгж самруулаад сургамж аваад одоо өөрчлөх гэж байгаа юм. Гэхдээ надад бас нэг эргэлзээ байна. АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхий сайд санал болгох нь зөв юм байна гээд одоо ярьцгааж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ялсан намын дарга АТГ-ын даргад нэр дэвшүүлэх тийм жишгийг тогтоох гэж байна. Энэ л надад эргэлзээ төрүүлээд байна. Найдаж байгаа ганц зүйл нь нээлттэй сонсгол л болоод байна” гэсэн билээ.
Өөрөөр хэлбэл, өмнөх Ерөнхийлөгчийн үед “Шударга бусын хонгил Монголын төрд байна” хэмээн анх зарлаж байсан Н.Алтанхуяг гишүүн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулснаар АТГ-ын удирдлагуудыг нэр дэвшүүлдэг Ерөнхийлөгчийн эрх мэдэл ялсан намын дарга руу шилжиж байгаад болгоомжилж байна.
Үүгэээрээ тэрбээр тогтолцоонд байгаа гажгийг засахгүйгээр эрх мэдлийг хувиарлах нь үр дүнгүй гэдгийг бусдадаа анхааруулсан юм.
П.Тамир
Сэтгэгдэл (14)