БАРИМТ 1
Засгийн газрын хуралдаанаар энэ лхагва гараг буюу арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 6-ны хүртэл хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргав.
БАРИМТ 2
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр зөвхөн 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдах юм. Тодруулбал, Эрчим хүч дулаан, сайжруулсан шахмал түлшнээр хангах үйл ажиллагаа, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, улсын онц чухал болон стратегийн чухал объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт, нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллага, банкны үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэл,харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа, тусгайлсан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /10-15 хувийг оффисоос ажиллуулах зохицуулалттай/, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрах байрууд, буяны болон оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг байгууллагууд багтаж байна.
БАРИМТ 3
Сүүлийн халдвар батлагдсанаас хойш нууц үе илрэх хугацааг тооцож, 14 хоногийн хатуу хөл хориог тогтоожээ.
БАРИМТ 4
Баянзүрх дүүрэгт илэрсэн голомт цаашаа хэр цар хүрээтэй тархсаныг одоогоор хэлэх боломжгүй бөгөөд судалгаа явагдаж байна гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэв. Тиймээс халдварыг тогтоон барих чиглэлээр ажиллаж, 14 хоногийн дараа нөхцөл байдлаас шалтгаалан хатуу хөл хориог сунгах эсэх шийдвэрээ гаргах юм байна.
БАРИМТ 5
Коронавирусний халдвар аль улсаас орж ирсэн генийн дарааллыг манай улс тогтоох боломжгүй.
БАРИМТ 6
Хатуу хөл хорионы хугацаанд автомашиндаа QR зөвшөөрөл авсан салбарын ажилтан, албан хаагчид автомашинаар хөдөлгөөнд оролцох бөгөөд бусад автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй.
БАРИМТ 7
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 14 хоногийн хугацаанд нийтийн тээвэрт 900 автобус хэвийн горимоор үйлчлэхээс гадна 800 таксиг үйлчилгээнд гаргах юм байна.
БАРИМТ 8
Улаанбаатар хотод 416 мянган өрх байдгаас 205280 өрх автомашинтай. Арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн үйл ажиллагааг нь зөвшөөрсөн салбарын өмнөх QR зөвшөөрөлтэй автомашинуудын зорчих эрх сэргэнэ.
БАРИМТ 9
Ингэснээр нийслэлд 40-50 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
БАРИМТ 10
Нэг автобусанд 12-оос дээш хүн суулгахгүй байхаар зохицуулалт хийх аж.
БАРИМТ 11
Нийтийн тээврээр зорчихдоо иргэд картаа цэнэглүүлсэн байх шаардлагатай. Автобусны жолооч бэлэн мөнгө авах эрхгүй бөгөөд энэ нь халдвар дамжуулах эрсдэлтэй гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцлов.
БАРИМТ 12
Шадар сайд Я.Содбаатар вакцины талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Бид гурван чиглэлээр вакцин хөөцөлдөж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сайн чанартай вакцин оруулж ирж, иргэдээ вакцинжуулна.
БАРИМТ 13
Нэгдүгээрт, бид олон улсын байгууллагын шугамаар вакцин оруулж ирэх ажлын хөөцөлдөж байна. Үүнд НҮБ болон ДЭМБ голлож байна. ДЭМБ-ын дэргэд 180 гаруй орон нэгдэж байгуулсан COVAX механизм эхний ээлжинд дэлхийн хүн амын 20 хувийг вакцинжуулах зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын хүн амынхаа 20 хувь буюу 660 мянган иргэнийг вакцинд хамруулах боломж бүрдэнэ гэж харж байна. Өнөөдөр ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн хэлснээр нэгдүгээр улиралд багтаж COVAX-ийн шугамаар орж ирэх вакцины эхний ээлж ирнэ. Ирэх оны гуравдугаар сард багтаж гэсэн үг.
БАРИМТ 14
Улс хооронд вакцины тусламж дэмжлэг авах, хамтарч ажиллах чиглэлээр яриа хэлцэл хийгдэж байгаа. Мөн ирэх оны нэгдүгээр улиралд багтаж тодорхой хэмжээний вакцин орж ирэх болов уу.
БАРИМТ 15
Гуравдугаарт, Европын орнууд болон АНУ-д үйлдвэрлэж буй гурван ч вакцин байгаа. Хөрш хоёр орныхыг нэмбэл таван ч төрлийн вакцин яригдаж байна. Европ болон АНУ-д үйлдвэрлэж буй вакцины үйлдвэрлэгч нартай нь бид шууд харилцаж байгаа. Энэ чиглэлийн асуудал Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг дээр танилцуулагдаж байгаа. Ямарч байсан ирэх оны эхний улиралд багтаан вакцин оруулж ирэхээр ажиллаж байна.
БАРИМТ 16
Вакцинжуулалт хэзээ эхлэхийг хэлэх боломжгүй байна. Удахгүй вакцинжуулалтын Үндэсний хөтөлбөр төлөвлөгөө батлагдана. Энэ төлөвлөгөө батлагдангуут халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилчдаас эхлээд вакцинжуулалт эхлэх аж.
БАРИМТ 17
Манай улсад нийт 41 эмнэлгийн ажилтан халдвар аваад байгаагийн дийлэнх ХӨСҮТ-ийн ажилтнууд байна. ХӨСҮТ-ийн эм, эмнэлгийн хэрэгслийн устгал, бохир цэвэр усны шугамтай холбоотой асуудлууд байгаа аж. ЦЕГ-ын дарга С.Баатаржаваар ахлуулсан баг ХӨСҮТ-д орж ажилласан байна.
БАРИМТ 18
Тус баг ХӨСҮТ-д зохион байгуулалтын чанартай арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналууд гаргажээ. ХӨСҮТ-ийн коронавирусний тасгийг суллан ариутгал хийж зохион байгуулалтыг өөрчлөхөөр болжээ. Тодруулбал, ХӨСҮТ-д коронавирусний эмчилгээ хийгдэж байгаа тасгийг бүрэн суллаад улаан, шар, ногоон бүсжилтийг дахин тогтоох, эмнэлгийн ажилчдын орчинг, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах арга хэмжээ авахаар болжээ.
БАРИМТ 19
Арванхоёрдугаар сарын 16-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг халдвартай хүн батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар 62 хүн халдвар авсан нь батлагдав.
БАРИМТ 20
Өвчилсөн хүний тоо олон байх эрсдэлтэй нь сүүлийн өдрүүдэд халдвар илэрсэн байдлаас харагдаж байна. Баянзүрх дүүргийн эмнэлэгт 248 эмч, үйлчлүүлэгч тусгаарлалтад байгаа. Баянзүрх дүүргийн эмнэлэгт тусгаарлагдаж буй эмч мэргэжилтэн, хэвтэн эмчлүүлэгчдийг ангилан ялгаж байгаа. Тухайлбал, халдвар аваагүй байх боломжтой Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан хүүхдүүдийг өнөөдрөөс өөр эмнэлэгт шилжүүлсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд мэдээлэв.
БАРИМТ 21
Нийслэлд "Нэг өрх-Нэг иргэн" шинжилгээг хийх шаардлагагүй гэдгийг ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан онцлов. Тэрбээр "Улаанбаатарын хувьд "Нэг өрх-нэг иргэн" шинжилгээг 415 мянган өрхөд хийх нь утгагүй арга барил гэж харж байна. Учир нь халдварын тархалт нийтийг хамраагүй зөвхөн голомтлон гарч байгаа буюу ойрын болон хоёрдогч хавьтал нь тодорхой байна.
БАРИМТ 22
Харин ойрын болон хоёрдогч хавьтлыг тогтоогоод цаг алдалгүй тусгаарлан, арга хэмжээ авбал нийтийг хамарсан тархалт болгохгүйгээр шинээр үүссэн голомтыг хумьж чадна гэж бодож байна гэдгийг Эрүүл мэндийн сайд мэдээлэв.
БАРИМТ 23
Хүнсний импорт урд хил дээр долоон хоногийн турш саатсанаас нарийн ногооны хангамж саатаад байгаа аж. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр энэ сарын 7-ноос 13-ны хооронд ОХУ-аас 3.1 сая ширхэг өндгийг 259 сая ам.доллараар худалдан авчээ.
БАРИМТ 24
Коронавирусний халдвартай 73 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа аж. Тус эмнэлэгт 300 хүнийг авч эмчлэх боломжтой юм байна. Мөн цэргийн төв эмнэлэгт 194 хүн, цаашид 240 хүн эмчлэх боломжтой. Харин Яармагийн 300 орны багтаамжтэй эмнэлэгт 500 ор бэлдсэн ба энд 200 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоогоор орны нөөц хангалттай байгаа юм байна.
Сэтгэгдэл (5)