БАРИМТ 1
Гадаадын иргэд Монгол Улсын төрийн захиргааны байгууллагуудын программ руу 430 удаагийн халдлагыг гаднаас хийсэн байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, төрийн болон орон нутгийн байгууллагуудын ажилтнуудын албан бичиг хөтөлдөг, дотооддоо хувийн харилцаа үүсгэн ажилладаг гол программ руу халджээ.
БАРИМТ 2
Засгийн газраас Кибер аюулгүй байдлын тухай хууль, Нийгмийн мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Хувь хүний мэдээллийн хамгаалах гэсэн гурван хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ ахалж байгаа аж.
БАРИМТ 3
1999-2019 онд нийт 271 хүүхдийг гадаадын иргэдэд үрчлүүлсэн байна. Тухайлбал, АНУ-д 153, Германд 35 хүүхэд байгаа аж. ГИХГ 0-3 насны хүүхдийг жилд хоёр удаа, 4-9 насны хүүхдийг жилд нэг удаа, 10-16 насны хүүхдийг хоёр жилд нэг удаа тайланг тухайн улсын нийгмийн ажилтнаас авдаг байна.
БАРИМТ 4
Засгийн гараас чиглэл өгсний дагуу ГХЯ 2013-2020 онд олгосон дипломат гадаад паспортуудыг шат дараатай хүчингүй болгох ажлыг хийж байна. Өнгөрсөн хугацаанд 6700, он гарсаар 300 гээд нийт 7000 орчим албаны гадаад паспортыг хүчингүй болгон, цэгцэлжээ.
БАРИМТ 5
Хар тамхи зөөвөрлөсөн димломат ажилтнуудтай холбоотой дуулиан хэдэнтээ гарсан. Тиймээс Элчин сайдын яамдын албан хэрэгцээнд явдаг автомашинуудад GPS суурилуулан хянадаг болсон байна.
БАРИМТ 6
Нэг өдрийн аялал, жуулчлалыг 2005 оноос хэрэгжүүлж байсан ч 2016 онд зогсоосон байна. Энэхүү нэг өдрийн аялал, жуулчлал нь хил дагуух аймаг, сум, орон нутагт маш их хэрэгцээтэй аж. Өглөө орж ирээд үдээс хойш буцдаг, энэ хооронд хоол иднэ, ноолууран эдлэл худалдан авна гээд нэг хүнээс дор хаяж 10-15 юань авч үлддэг байжээ.
БАРИМТ 7
Монголын талаас нэг өдрийн аялал, жуулчлалыг сэргээх талаар БНХАУ-ын талд хүсэлт тавьж, хэлэлцээрийн төслийг илгээсэн аж. Харин Хятадын тал гурав дахь төрлийн бичиг баримттай болохыг шаарддаг байна.
БАРИМТ 8
Визийн хураамж 54 мянган төгрөг байдаг. Энэ нь гадаад валютын ханштай харьцуулахад 18-19 ам доллар аж. Монгол төгрөгийн ханш унаснаас визийн хураамжийн үнийг нэмэгдүүлэх асуудлыг эргэн харах хэрэгтэй байна.
БАРИМТ 9
Виз олголтынхоо журмаар Монгол Улс 140 орноос 128-д явдаг байна.
БАРИМТ 10
Өнөөдрийн байдлаар 577 мянган жуулчин хүлээн авч байгаа ч цаашид нэг саяд хүргэх зорилтыг Засгийн газар тавьжээ.
БАРИМТ 11
Гадаадын иргэд хөтөч, орчуулагчаар ажилладаг охид, эмэгтэйчүүдийн биед халдах, хэл амаар доромжлох тохиолдол буурахгүй байна. Тэднийг биеэ үнэлэгч мэтээр хүлээн авч, эх оронч хэмээн өөрсдийгөө нэрийдсэн залуус гадаадын иргэдийг үзэн ядах үзлийг бий болгож байгаад холбогдох газрууд анхаарч ажиллахаар болжээ.
БАРИМТ 12
Монгол Улсын иргэд 23 улсад визгүй зорчдог байна. Цаашид орны тоог нэмэхийн тулд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр хийх шаардлагатай аж.
БАРИМТ 13
Гадаадын иргэншилтэй монгол иргэд нутагтаа ирэх гэдэг ч энэ нь хязгаарлагдмал байдаг аж. Нэг хэсэг хөх карттай болгох асуудлыг хөндсөн ч тэгсхээд сураггүй болжээ.
БАРИМТ 14
Гадаадын иргэн харьяатын газраас хэрэгжүүлдэг 86 журмыг хүчингүй болгосон байна. Учир нь, эдгээр дагалдах журам нь олон саад, хүнд суртлыг бий болгодог байжээ.
БАРИМТ 15
Гадаадын иргэн харьяатын газар хэрэгжүүлдэг журмаа цөөлснөөр дөрвөн тэрбум төгрөгийн орлоготой байсныг 13 тэрбум болгон нэмэгдүүүлсэн байна.
БАРИМТ 16
1990 оноос хойш 30 жилийн хугацаанд нийт 12 мянган хятад иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан байна. Үүний 6000-ийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ГИХГ-ын даргаар ажиллаж байхдаа хэрэгжүүлжээ.
БАРИМТ 17
Манай улс виз олголтын журмаараа 140 улсаас 128 дугаарт яваа. Харин Засгийн газраас 80-руу оруулах зорилт тавьсан ба ингэснээр жилд нэг сая гаруй жуулчдыг хүлээн авах боломжтой гэж үзэж байгаа аж.
БАРИМТ 18
Тамхи хууль бусаар зөөвөрлөсөн хэрэгт холбогдсон 69 хүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад шилжүүлж, албан тушаалаас нь чөлөөлжээ. Гэвч тэдний зарим нь хууль бусаар ажлаас халсан хэмээн Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар ажилд нь эргүүлэн томилсон байна.
БАРИМТ 19
Монголын талаас ажлын хэсэг гарч, Хөх хот, Эрээний Консулын газарт шалгалт хийхэд хэд хэдэн ноцтой зөрчлийг илрүүлжээ. Тухайлбал, визийн хураамжийг бэлнээр авдаг, олноор нь виз олгодог зэрэг зөрчлийг илрүүлж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцжээ.
БАРИМТ 20
Монгол Улсын хил онгорхой, цоорхой болсон байсан. Харин хилийн шалгантай холбоотой асуудлыг ХХЕГ-т өгснөөр одоо бүрэн бүтэн боллоо. Энэ тун зөв шийдвэр юм.
БАРИМТ 21
Зуун айлын хятадууд НӨАТ өгөхгүй, чадахгүй гээд сууж байна.
БАРИМТ 22
Хятадууд манай улсад олноор суурьшин хөдөө орон нутагт том хашаа хатгачихаад монгол хүмүүсийг оруулахгүй гээд сууж байдаг боллоо.
БАРИМТ 23
БНХАУ-ын иргэд баар, ресторан нээчихээд монголчуудыг оруулдаггүй. Өөрдсийн иргэдээ оруулдаг, оройн цагаар хаалттай үйл ажиллагаа явуулдаг. Хууль бус үйл ажиллагаа эрхэлж, мөрийтэй тоглодог нь нууц биш болсон.
БАРИМТ 24
Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулиар виз хүргэлтийг цахимжуулж, гадаадын иргэдийг хил дээр хурууны хээгээр бүртгэж, дотогш нэвтрүүлэх эсэхийг шийддэг болох зэргээр хуулийн төсөлд олон шинэ дэвшилтэт зүйл, заалтыг оруулжээ.
Сэтгэгдэл (3)