БАРИМТ 1
Төрөөс намайг шалгах ажил өндөрлөж байгаа бололтой. Төрд алба хаших миний бүрэн эрх дуусгавар болсоны дараа удалгүй намайг шалгах, мөрдөх ажиллагаа албан ёсоор эхэлсэн. Намайг шалгаж мөрдөж, байцаалт тодруулга авч ажилласанд би талархалтай байна.
БАРИМТ 2
Миний бие надад тулгаж байгаа, намайг үйлдсэн гэх эрүүгийн хэрэг, түүнийг үүсгэх болсон учир шалтгаан, иж бүрдэл, үйл явцтай огт санал нийлэхгүй байна.
БАРИМТ 3
Нэр бүхий нэг дунд сургуулийн миний өөрийн эзэмшдэг 10 хувийн хувьцаа болон Оросын Холбооны улсын эзэмшилд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбогдуулан надад ял тулгаж, яллах дүгнэлт үйлдлээ.
БАРИМТ 4
Намайг буруутгаж байгаа хэрэг хууль эрх зүйн талаасаа үндэслэлгүй, гэмт хэргийн обьектив болон субьектив бүрэлдэхүүнгүй, нотлох баримт гэх зүйлд өрөөсгөлөөр хандсан. Зөвхөн яллах буруутгах талыг барьж ажилласан хуулийн мэргэжлийн болон түүхэн цаг хугацааны шалгуур үл даах элдэв цаас, үг өгүүлбэр, түүврийн эмх журамгүй, цоохор цуглуулга гэж би харж үнэлж байна.
БАРИМТ 5
Намайг буруутгаж байгаа асуудлын талаар “Эй Эс Юу” гэх дунд сургуулийн 10 хувийн хувьцааг миний бие эзэмших болсон үйлдлийг хууль зөрчсөн, авлига авсан гэж буруутгаж байгаа юм.
БАРИМТ 6
Цаг хугацааны хувьд: Тус сургуулийн 10 хувийг би 2007 оны арваннэгдүгээр сараас албан ёсоор эзэмшдэг. Энэ тухай гэрээ, тогтоол, зохих шийдвэр бичгийг би АТГ-т гаргаж өгсөн. Мөн тодорхой гэрчүүд энэ талаар мэдүүлэг, зохих баримт, тайлбарыг өгсөн байгаа.
БАРИМТ 7
Гэмт хэрэг үйлдсэн гэх миний хувьд: Би 2007 оны дурдсан хугацаанд төрийн болон, төрд улс төрийн ямар нэг ажил албан тушаал эрхэлж байгаагүй. Иймээс уг хувьцааг хахууль, авлига хэлбэрээр надад өгөх, би тийм хэлбэрээр түүнийг олж авах боломжгүй юм. Энэ нь эрх зүйн талаасаа цэвэр иргэний хуулийн харилцаанд багтах бөгөөд эрүүгийн ямар нэгэн шинж байдал агуулаагүй. Агуулах ч аргагүй юм.
БАРИМТ 8
Бодит байдал. Одоогоос 13 жилийн өмнө буюу 2007 оны арваннэгдүгээр сард уг сургуулийн надад ноогдох хувьцаа баталгаажиж миний нэр дээр ирсэн. Уг хувьцааны шилжилтэд гэмт үйлдлийн шинж байна гэж үзэж намайг буруутгах гэж оролдож байгааг аль ч утгаар хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энд ямар нэг хууль бус үйлдэл, санаархал, оролдлого байхгүй болно. Байх ч боломжгүй.
БАРИМТ 9
Уг сургуулийг бий болгох, байгуулахад иргэний хувиар миний гаргасан санаа, оролцоог зохих оролцогчид 10 хувь гэж үнэлсэн. Оролцоо үнэлгээнд тухайн үед намайг төлөөлж байсан хүн миний тэр хувьцааг надад шилжүүлсэн, иргэд хооронд хийгдсэн хэлцэл юм. Уг хэлцлийн талаар аль нэг талаас, хэн нэг хүн, байгууллагаас гаргасан санал гомдол, эрх зүйн маргаан байхгүй болно.
БАРИМТ 10
Дахиж хэлье. Хэн ч энэ талаар гомдол хүсэлт, маргаан үүсгээгүй. Хаана ч хандаагүй. Гайг газар доороос гэгчээр ухаж шалгаж, мөрдөж мөшгиж, олны хэл ам, зохион байгуулалттай намайг онилсон түмэн гүжир гүтгэлгийг шалгасаар, ухсаар байгаад хэрэг болж магадгүй гэж дээрх “өвс”-ийг олсон бололтой. Төрийн шалгалт (их хүч, их анхаарал тавьж, дуулиан шуугиан болж хийсэн)-аас ийм дүнтэй гарч байгаадаа нэг талаар баярламаар, нөгөө талаар яаж ч хамаагүй яллаж, шийтгэх гээд байгааг нь харахаар гомдмоор ч юм шиг. Ийм байна, товчхондоо.
БАРИМТ 11
Эй Эс Юу ХХК-ийн, олны мэддэгээр “Америк сургууль”-ийн 10 хувийг эзэмшдэгээ би 2008 оны намраас мөн 2009 оны зунаас төрийн улс төрийн тодорхой албанд орсон цагаасаа Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хууль номын дагуу, уг мэдүүлгийг бөглөх хуулийн шаардлагыг ханган мэдүүлсээр ирсэн. Надад энэ хөрөнгөтэй холбоотой Монгол Улсаас завшсан, зувчуулсан олны нэрлэдгээр “идэж уусан” зүйл байхгүй.
БАРИМТ 12
“Эрдэнэт” үйлдвэр болон “МонРосцветмет” нэгтгэлийн Оросын талын 49 хувийг Монгол улсад авч ирсэн гэх үйлдэлд намайг буруутгаж яллаж байгаа юм. Би уг үйл ажиллагааг хэзээ ч буруу зүйл гэж үзэж байгаагүй. Одоо ч уг хувийг Монгол улсад оруулж ирсэн нь шүүхээр шүүгдэх биш, нийтээр алга ташиж баяр хүргэх ёстой үйл ажиллагаа гэдэгт эргэлздэггүй.
БАРИМТ 13
Харь орны эзэмшилд байсан Монгол Улсын баялаг, газар шороо, үйлдвэр уурхайн хувь Монголдоо ирсэн. Улс төр, атаархал мөчөөрхөл, олны хардлага сэрдлэг байгаа бол шалгаж нягтлах нь зөв. Хэрэв буруу зөрүү, солиу гажуу зүйл байвал засаж залруулж Монгол улсын нийтлэг эрх ашиг, хууль журамд нийцүүлэх бол хийгдэх ёстой ажил. Хийгдээд ч явж байгаа.
БАРИМТ 14
Хөрөнгийн тухайд: Хавтас хэрэгт шинжээчдийн гэх дүгнэлтээр зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ыг эзэмшилд байсан хувийг 9.609.022.917.440.00 буюу сийрүүлбэл есөн их наяд, зургаан зуун есөн тэрбум, хорин хоёр сая, есөн зуун арван долоон мянга, дөрвөн зуун дөчин төгрөг гэж үнэлсэн байсан. Дээр нь “Монголросцветмет” нэгтгэлд хамаарах үйлдвэр уурхай, эзэмшдэг байсан тусгай зөвшөөрлийн зах зээлийн үнэ үнэлгээг нэмэх. Лав Эрдэнэтийн 49 хувийн талаас дутахгүй, цаашид эдийн засгийн эргэлт, ашиглалтад ороход ямар үнэлгээтэй болохыг зөвхөн эрэлт хэрэгцээ, тухайн үеийн үнэ ханш мэдэх асуудал. Монгол улсад шилжиж ирсэн хөрөнгөний хувьд ийм юм.
БАРИМТ 15
Хохирогч, нэхэмжлэгчийн тухайд: Дээрх хөрөнгө, баялаг ОХУ-аас Монгол улсын мэдэлд ирснээр хэн нэг хүн, байгууллага, аль нэг субьект тэр дотроо Монгол улсад “би” гэж нэхэмжлэх хохирогч байхгүй. Ямар ч хохирогчгүй хэлцэл гэсэн үг. Уг хувийг авч ирэхэд шаардагдсан төлбөр тооцоо нь гэрээ хэлцлийнхээ дагуу хийгдээд цэгцэрч байгааг хавтаст хэргээс харж болно.
БАРИМТ 16
Асуудал бол уг хөрөнгийн удирдлага, эзэмшил, хувьцаа хаана, хэнд байх цаашид хэрхэн оновчтой шийдвэрлэх тухай гээд үргэлжилж байна. Үргэлжилж байгаа үйл хэргийг дундаас нь тасалж эрүүжүүлж болохгүй. Эдийн засгийн шийдэл харилцаа өрнөж байна. Энд төгс шийдэл байхгүй ч, арай дээр, боломжит, гарлага шамшигдал багатай, илүү үр ашиг бүхий хувилбар руу цаг хугацааны эрхээр очиж л таараа.
БАРИМТ 17
Миний хувьд. Эрдэнэтийн гэх асуудлаар намайг зүсэн зүйлээр буруутгасан. Террорист, толгойлогч, эзэн, авлигач, завшигч аль болох муугаар яллах гэж оролдлоо. Эрүүгийн хуулийн хатуу зүйл анги бүрийг шүүрдэж наах гэж хичээлээ. Эцэст нь үйлдвэрийн дээрхи хувийг авч ирэхдээ хэргийг үгсэж тохиролцож, бүлэглэж, зохион байгуулсан эзнээр тодруулж Монгол төрийн нэрийн өмнөөс намайг яллаж байгаа юм байна.
БАРИМТ 18
Үгсэж тохиролцсон гэхийн тухайд: Дээрх хоёр үйлдвэр, аж ахуйн нэгжийн гадаад улсын эзэмшлийг Монгол улсад авч ирэх тухай надтай Монгол улсын иргэн хэн нэг хүн, аль нэг байгууллага, аж ахуйн нэгжийг төлөөлөн ярьж, хэлэлцэж, төлөвлөж байгаагүй. Иймээс дээрх ажлыг хийхийн тулд тохиролцож бүлэглэх, зохион байгуулах боломжгүй юм.
БАРИМТ 19
Надад “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшдэг хувь манай улсад ирж байгаа тухай нэг л хүн хэлсэн. Өөрийн санаачилгаар, олон улсын хурлын завсарлагаар албан бус уулзалтын үеэр. Тэр хүн бол одоо ч ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Владимир Владимирович Путин юм. “Танайхыг үйлдвэрээ эзэмшээд аваад явж чадна гэдэгт итгэж байна” гэж Путин Ерөнхийлөгч лавласан байдалтай хэлсэн. Миний бие түүнд “чадна” гэж хариу илэрхийлсэн. “Эрдэнэт” болон “МонРосцветмет”-ийн эзэмшил, хувьцаа Монгол улсад ирэхэд оролцсон миний оролцоо, үйлдэл энэ хүрээнээс хэтрээгүй.
БАРИМТ 20
Тэр тусмаа уг асуудлыг хаалттай журмаар хэлэлцсэн Монгол улсын Засгийн газрын хурлын тухай, тэнд яригдсан зүйл, шийдвэрийн талаар хожим нийтэд ил тод болох үеэр би мэдсэн. Дашрамд Засгийн газрын шийдвэрт Ерөнхийлөгчөөс нөлөөлөх, хориг тавих эрх үүрэг, боломж хуулиар байдаггүйг энд онцлон дурдья. Уг үйл ажиллагааг би Монгол улсын эрх ашгийг хохироосон, улс орон, ард түмэнд хортой, хохиролтой зүйл болсон гэж аль ч тохиолдолд үзэж байгаагүй.
БАРИМТ 21
Монголын талын эзэмшил болсон уг үйлдвэрийн эзэмшлийг “төрд 34 хувь, хувийн хэвшилд 33 хувь, иргэдэд хувьцааг нь арилжих байдлаар 33 хувиар тус тус эзэмшүүлбэл боломжит хувилбар” энэ болох бус уу гэдэг санаагаа хүртэл ил тод хэлсэн.
БАРИМТ 22
Миний хувьд “Эрдэнэт” үйлдвэр, “МонРосцветмет” нэгтгэлийн хөрөнгөөс хувьдаа авсан нэг хадаас ч байхгүй. Эзэмшдэг нэг ч хувь надад байхгүй. Гаднаас олж ирсэн 49 хувийн эзэмшлээс завшсан, тэр талаар бодсон хуйвалдсан, бусадтай үгсэн тохирсон, зохион байгуулсан нэг ч үйлдэл, санаа, оролдлого надад байгаагүй. Одоо ч байхгүй. Тийм үйлдэл, үйл ажиллагаа надаас гарах боломжгүй.
БАРИМТ 23
Монгол улсдаа гавьяа байгуулсан иргэдийг буруутгаж байгаа буруутгалтай би санал нийлдэггүй. Одоо болтол дээрх хувь хувьцаа, шилжилт эзэмшил тойрсон асуудал бол манай иргэд, төр, аж ахуйн нэгж байгууллага хооронд л өрнөж байна. Шийдлийн эрэл хайгуул, улс төр, атаархал жөтөөрхөл дуусаагүй байна. Бүх юм тогоон дотроо болж байна. Түүнийг алдаж асгах хэрэггүй юм. Тэр тусмаа энэ асуудлаар хэн нэг Монгол хүн, өөр нэг Монгол хүнийг гайтуулах, яллах, шүүх шаардлага байхгүй. Ёстой сайн нь ч, муу нь ч бидэнд сургамж болж үлдэхэд л хангалттай.
БАРИМТ 24
Миний гэх хэрэг улс төрийн ус давс дэндүү их холилдсон, ханасан уусмал төдий юм. Бүр тодруулж хэлбэл тодорхой сонирхол бүхий, өөрийн тань томилгоо, халаанд хамаатай этгээдийн ажил. Ил тод шаардаад, өдөр шөнөгүй шахаад, чичрээд байгааг олон түмэн мэдэж байгаа. Би ч бас мэднэ.
Сэтгэгдэл (41)