Баримт 1.
Диего Арманда Марадона нь 1960 оны 10 сарын 30 өдөр Аргентин улсын нийслэл Буэнос-Аэрос хотын ядуусын дүүрэгт мэндэлсэн. Найман наснаасаа хүүхдийн клубүүдэд тоглож эхэлснээр түүний хөлбөмбөгийн замнал эхэлсэн бөгөөд тэрээр 1976 оны 10 сарын 20 өдөр Аргентинос Жуниорс багийн төлөө анхны албан ёсны мэргэжлийн тоглолтондоо оролцож байсан.
Баримт 2.
Түүний жижиг бие, хурдан хөдөлгөөн, талбай дээрх ухаалаг тоглолт гэх зэрэг хүчин зүйлсээс хамаарч тэрээр довтлох чиглэлийн хагас хамгаалагч болон хоёр дахь довтлогчийн байрлал дээр тоглодог байв.
Баримт 3.
1977 онд 17 насандаа анх шигшээ багтаа дуудагдаж Унгарын шигшээ багийн эсрэг талбайд гарч тоглосноор түүний 17 жилийн турш үргэлжилсэн шигшээ багийн замнал эхэлсэн.
Баримт 4.
Аргентинос Жуниорс багийнхаа төлөө 5 жилийн турш 167 тоглолтод оролцож 116 гоал, Бока Хуниорс клубийн төлөө нэг улирал тоглохдоо 40 тоглолтод 28 гоал оруулсан амжилттайгаар 1982 онд нутгийн лигээ орхиж Испанийн Барселона клуб руу зарагдсан. 1982 онд Испанийн Барселона клуб руу 5 сая еврогоор мөн 1984 онд Италийн Наполи клуб руу 6.9 сая еврогоор зарагдаж байсан нь тухайн үеийнхээ түүхэн дэх солилцоо наймааны хамгийн үнэтэй наймаа болж байжээ.
Баримт 5.
1978 онд 17 настай Диего Марадона шигшээ багтаа дуудагдсан ч ДАШТ-д оролцох багийн бүрэлдэхүүнээс хэт залуу гэх шалтгаанаар хасагдсан. Тухайн тэмцээнд Аргентины шигшээ баг түрүүлсэн.
Баримт 6.
1978 оны ДАШТ-д оролцож чадаагүй 18 настай Диего Марадона нь 1979 онд Япон улсад зохиогдсон U20 буюу 20-с доош насны ДАШТ-д Аргентины шигшээ багийнхаа хамтаар оролцон түрүүлж тус тэмцээнийхээ шилдэг тоглогчоор шалгарсан.
Баримт 7.
Тэрээр 1982, 1986, 1990, 1994 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд Аргентиний шигшээ багтайгаа оролцсон.
Баримт 8.
1986 оны Мексикт зохиогдсон ДАШТ-д шигшээ багийн ахлагчаар оролцож финалын тоглолтод Баруун Германы шигшээ багийг 3:2 харьцаатай буулган авснаар дэлхийн аварга гэх дэлхий дээрх хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнд түрүүлж мөн тус тэмцээнийхээ шилдэг тоглогчоор шалгарсан.
Баримт 9.
1986 оны ДАШТ-ий шөвгийн 8-ийн Английн шигшээ багийн эсрэг хийсэн тоглолтод тэрээр хожлын гоалыг гараараа оруулж шүүгч харалгүй тооцсон үйл явдал нь хөлбөмбөгийн түүхэнд “Бурхны гар” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн.
Баримт 10.
1986 оны ДАШТ-ий үеэр эсрэг багийн тамирчид нь түүний эсрэг нийт 53 алдаа гаргасан нь ДАШТ-ий түүхэнд тэмцээний турш хамгийн олон алдаа өөр дээрээ хүлээж авсан тоглогч болон үлдсэн байдаг.
Баримт 11.
Мөн 1982 онд Италийн шигшээ багийн эсрэг нийт 23 алдаа өөр дээрээ хүлээж авсан нь нэг тоглолтод хамгийн олон алдаа өөр дээрээ хүлээж авсан тохиолдол юм.
Баримт 12.
Тэрээр мэргэжлийн тоглогчийн хувиар нийт зургаан өөр багийн төлөө хүчин зүтгэж байсан ч Италийн Наполи клубийн төлөө хамгийн олон буюу 7 жилийн турш 188 тоглолтод 81 гоалыг өөрийн нэр дээрээ бичүүлж 1987 болон 1990 онуудын Италийн-хаа “Сери А” лигт түрүүлж байсан ба тус баг нь өдийг хүртэл түүхэндээ улсынхаа лигт 2 удаа л түрүүлж байсан нь энэхүү тохиолдлууд юм.
Баримт 13.
Диего Марадона нь 1994 оны ДАШТ-ий хэсгийн шатны хоёр дахь тоглолтод оролцсоныхоо дараа допингийн шинжилгээнд унасны улмаас тус тэмцээнийг орхиж байжээ.
Баримт 14.
1989 оны 11 сарын 7-д Клаудиа Виллафане гэх эмэгтэйтэй гэрлэсэн ч 2004 онд гэр бүлээ цуцлуулсан. Албан бус эх сурвалжууд түүнийг найман хүүхэдтэй гэдэг ба түүнээс тав нь батлагдсан ч тэрээр зөвхөн Дальма, Жанина гэх охидыгоо өөрийнх нь хүүхдүүд харин бусад нь түүний нэр хүнд, эд хөрөнгө, зугаа цэнгэлийн алдаа хэмээн үздэг байсан.
Баримт 15.
Мэргэжлийн хөлбөмбөгчдийн дундаж өндөр 182 см байдаг бол Диего Марадона 165 см өндөртэй байжээ.
Баримт 16.
Тэрээр 1994 онд шигшээ багаасаа 91 тоглолтод 34 гоал оруулсан амжилттайгаар зодог тайлсан. Энэ нь шигшээ багийн түүхэнд 5-р байранд жагсах амжилт юм.
Баримт 17.
1997 онд нутгийнхаа Бока Хуниорс багт харьяалагдаж байхдаа хөлбөмбөгийн тоглогчийн замналаа албан ёсоор дуусгаж байгаагаа зарлаж байжээ.
Баримт 18.
Тэрээр 21 жилийн туршид 491 албан ёсны тоглолтод оролцож 259 гоал оруулсан байдаг.
Баримт 19.
2000 онд FIFA-с 20-р зууны шилдэг тоглогчоор түүнийг Бразилын хөлбөмбөгч Пелегийн хамтаар зарласан байдаг. Марадонаг нас барсан мэдээллийн дараа Пеле “Би агуу найзаа, дэлхий домогт тоглогчоо үүрд алдлаа. Бурханд чи хэрэгтэй болжээ. Хэзээ нэг өдөр хамтдаа бурханы оронд хөлбөмбөг тоглоно гэдэгт би итгэж байна” гэжээ.
Баримт 20.
Түүнийг шигшээ багаасаа зодог тайлсны дараагаар Аргентины шигшээ баг түүний зүүдэг байсан 10 дугаарыг шигшээ багтаа мөнхлөх тухай FIFA-д хүсэлт гаргасан хэдий ч тэдний гаргасан хүсэлт зөвшөөрөгдөөгүй байна.
Баримт 21.
2008 оны 10 сард Аргентины шигшээ багийн дасгалжуулагчийн ажилд томилогдсон бөгөөд шигшээ багийн дасгалжуулагчийн замналаа 2008 оны 11 сарын 19-д Шотландын шигшээ багийн эсрэг 1:0 харьцаатай хожил авч амжилттай эхлүүлж байжээ.
Баримт 22.
2010 оны ДАШТ-р тухайн тэмцээний аваргууд болох Германы шигшээ багийн эсрэг 4:0 харьцаатай хожигдол хүлээсний дараагаар түүний байр суурь ганхаж яваандаа шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаасаа халагджээ.
Баримт 23.
Түүний тоглолтын арга барил, биеийн онцлог, угсаа гарал, хүчин зүтгэсэн багууд, зүүн хөлөөрөө тоглодог гэх мэт маш олон талаараа одоо цагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месситэй адилтган зүйрлэгддэг.
Баримт 24.
Өөрийн нэртэй сүмтэй байсан цорын ганц хөлбөмбөгч байсан Марадона амьд ахуйдаа “Хэрэв би нас барвал дахин төрөөд хөлбөмбөгчин болмоор байна, дахиад л Диего Марадона болмоор байна.” гэсэн билээ.
Сэтгэгдэл (2)