Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрүүдээ танилцууллаа.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Өнөөдөр Мөнгөний бодлогын хороо хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Тодруулбал, Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулж зургаан хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж зургаан хувиар тогтоох, эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долоодугаар сарын 1-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, ЖДҮ эрхлэгч, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх багц шийдвэр гаргалаа.
Уг шийдвэр нь цар тахлын үед эдийн засаг, банк санхүүгийн салбарт үүсэж буй сөрөг үр нөлөөг бууруулах, иргэд бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагад учирч буй санхүүгийн хүндрэл дарамтыг бууруулахад чиглэж байна.
Дунд хугацаанд инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ. Жилийн инфляц 2020 оны аравдугаар сард улсын хэмжээнд 2.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 2.6 хувьд хүрлээ.
Цар тахлыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь ЖДҮ, уул уурхайн бус экспортын санхүүжилтийг нэмэгдүүлж, санхүүжүүлэлтийн өртгийг бууруулан дотоод эдийн засгийн уналтыг сааруулан, банкны салбарын тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ" гэв.
А.Сүх